2016 оны 11-р сар 11-нд 08:25 цагт

Морины хувцас /богино өгүүллэг/

2016 оны 11-р сар 11-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

Эйко бүсгүй Лондон хотын зочид буудалд буумагц өрөөнийхөө хөшгийг битүү хаагаад орон дээр тэрийн унав. Нүдээ анилаа. Гутлаа ч тайлахаа мартсан байсан тул хөлөө орны зах уруу унжуулан сэгсэртэл аяндаа ойчоод өгөв. 

Японоос дэлхийн бөмбөрцгийн хойд талаар тойрон Аляска, Дани улсыг дайран ирсэн энэхүү онгоцны холын аялалд бүр ядарч гүйцсэн төдийгүй тийн ядрахад хүргэсэн бүсгүй хүний хувь заяа, Игүчи хэмээх овогтой нэгэн айлын ахуй амьдралд нухлагдан дарагдсан бие сэтгэлийн ядаргаа нь нэгэн дор хуран иржээ.

Болжмор шувуу тасралтгүй жиргэнэ. Зочид буудал нь Голландын цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх анир чимээгүй орон сууцны хороолол дунд байх авч цэцэрлэгийн модонд бор шувуу ийм олноороо цугладаг юм болов уу. Хэдийгээр Токиогийн улирлаас орой боловч тавдугаар сар, модод нахиалж, цэцэгс дэлгэрч, бор шувуу жиргээд Лондонгийн хавар ажээ. Тийм боловч хөшгөө хаасан тул болжморын жиргээ сонсож хэвтэхүйеэ алс холын оронд ирсэн хэмээн үл санагдана.

“Английн Лондон шүү дээ” гэж Эйко өөртөө хэлэвч Японы өндөрлөг хээр талд байгаа юм шиг санагдав. Болжморын жиргээ аль ч ууланд сонсогдох хэдий ч Эйкод өндөрлөг хээр тал санаанд орсон нь тэнд аз жаргалтай дурсамж нь бий.

...Арван хоёр, гуравтай Эйко охин авга ах, үеэл хоёртойгоо хээр талд мориор давхиж явна. Тэрхүү балчир багынх нь дүр зураг нүдэнд нь харагдаад иржээ. Эйко авга ахынхаа дуу шуутай, хөөр баяслаар дүүрэн гэрт очсоноос хойш аавтайгаа хоёулхнаа өнгөрүүлсөн бүүдгэр өдрүүдийнхээ уйтгар гунигийг улам ихээр мэдэрчээ. Мориор давхин явахад эцгийнхээ үхлийг ор тас мартана. Гэвч тэрхүү аз жаргал нь удаан үргэлжилсэнгүй.

“Эйко, үеэл болохгүй шүү дээ” гэж үеэл Шигэко охиныг хэлэхэд түүний аз жаргалд сэв суух шиг болжээ. Арван дөрвөн нас хүрсэн Эйко охин Шигэкогийн хэлсэн тэр богинохон үгийн утгыг тун сайн ойлгосон аж. Үеэлдээ дурлаж, түүнтэй гэрлэж “болохгүй” хэмээн анхааруулсан нь тэр байлаа.

Эйко үеэл Ёосүкэгийн хумсыг авч, чихийг нь цэвэрлэж өгөхдөө тун дуртай бөгөөд Ёосүкэг мундаг шүү гэж магтахад нь учиргүй баярладаг байв. Хамаг бүхнээ мартсан мэт тийн суух Эйког хараад Шигэкогийн эгдүү хүрчээ. Түүнээс хойш Эйко охин Ёосүкэгээс дөлөх болов. Эйко Ёосүкэгоос нэлээн дүү, жаахан охин болохоор гэрлэх энэ тэрийн тухай зүүдэндээ ч бодож байгаагүй боловч Шигэкогийн хэлсэнийг дуулдаад охины зүрх нойрноос сэржээ. Хожим нь бодоход тэр нь анхны хайр байсан шиг санана.

Ёосүкэ эхнэр аван тусдаа гарч, Шигэко бас хүнтэй суун гэрээсээ явж, Эйко гэрт нь үлдэв. Тэр нь бас Шигэкод таагүй санагдах биз гэж бодоод Эйко охидын сургуулийн оюутны байранд орлоо. Авга ахынхаа зуучилж өгсөн хүнтэй суув. Эр нөхөр нь ажилгүй болсон тул Эйко ахлах сургуулийн бэлтгэл дамжаанд англи хэлний багшаар орж, тийм амьдрал нь дөрөв, таван жил үргэлжлээд Эйко авга ахдаа нөхрөөсөө салах тухай ярив.

- Игүчи яг аав шиг болох шинжтэй. Аав маань тийм байгаагүйсэн бол би Игүчиг тэвчээд өнгөрүүлэх байсан байх. Гэвч аавыг бодохоор, өчүүхэн ч чадалгүй ийм хүнтэй толгой холбох хувь тавилантай юм байх даа гэх мэт юм бодогдоод байж суухын аргагүй болох юм гэж нөхрийнхөө тухай гомдол мэдүүлэв.

Игүчитэй гэр бүл болсонд хариуцлага хүлээх учиртай авга ах нь бухимдан шаналах Эйког хараад юу ч гэсэн Японоос холдож хорь ч юм уу, сар гаруй хугацаагаар Англи уруу ч юм уу аяллаар яваад сайн бодоод ир гээд аяллын зардал өгчээ.

Лондонгийн зочид буудлын өрөөнд болжморын жиргээ сонсонгоо хээр талд мориор давхиж явсан балчир насаа санан хэвтэхүй Эйкогийн чих дүгнэнээд ирэв. Чихний дүнгэнээ нь хүрхрээн дуу боллоо. Хүрхрээн дуу улам чангарч, тэрээр “аа” гэж хашгирахаа алдаад нүдээ нээв.

...Эйко эцгийнхээ захидлыг бариад өндөр барилгын долоон давхрын даргын өрөөнд бэмбэгнэсээр орлоо. Эцэгтэй нь ахлах сургуульд нэг анги байсан гэх тэр хүн Эйко охиныг хараад, - Чи хэдтэй вэ? гэж асуув.

- Арван нэг.

- Хнн, эцэгтээ хэлээрэй. Жаахан хүүхэд бүү ашигла. Хөөрхий, хүүхэд чинь өрөвдмөөр юм гээрэй гээд тэр хүн зэвүү хүрэм царайгаар өөдөөс нь мөнгө сарвайв.

Эйко өндөр барилгын дор хүлээх эцэгтээ тэр үгийг тэр чигээр нь дамжуулахад эцэг нь таягаа савчуулан найгангаа, 

- Муу гуйлгачин. Энэ дээрээс хүрхрээ цутгаж байна. Аав нь тэр хүрхрээнд цохиулж байна даа гэж хэлээд өндөр барилгыг өнгийн харав. Нээрэн л долоон давхрын цонхноос эцгийнх нь толгой дээр хүрхрээ цутган асгарч байгаа юм шиг Эйкод санагджээ.

Эцгийнхээ захидлыг барьж очдог гурав, дөрвөн компани байдаг байлаа. Эцгийнх нь нэг ангийн найзуудын компани. Тэдгээрээр ээлжлэн очно. Эх нь, эцэгтэй нь амьдарч суухын аргагүй болоод салаад явжээ. Эцэг нь хөнгөн цус харваснаас хойш хөлөө чирэн, таяг тулан явдаг болов. Хүрхрээ цутгадаг компани уруу явснаас нэг сарын дараа өөр нэг компани дээр очтол,

- Ганцаараа ирээгүй биз дээ. Аав чинь нэг газар нуугдаж байгаа биз дээ гэж компаний хүнийг хэлэхэд Эйко охин өөрийн мэдэлгүй цонх уруу харвал нөгөө хүн цонх онгойлгон доош тонгойсноо, - Өө, чааваас гэв.

Тэгж хэлэхэд нь Эйко бас цонхоор шагайн харвал тээр дор гудманд эцэг нь газар уначихсан баахан хүмүүс овоорон байв. Хоёр дахь удаагийн цус харвалтаар эцэг нь дахин өндийсөнгүй. Компаний өндөр барилгын цонхноос хүрхрээ цутган асгарч эцгийг нь цохиод алсан мэт Эйкод санагджээ. Лондонгийн зочид буудалд дөнгөж ирсэн Эйкод тэр хүрхрээний дуу сонстсон ажээ.

Бүтэн сайн өдөр, Эйко Хайдын цэцэрлэгт хүрээлэн явж нуурын эргийн сандал дээр суугаад усны шувуу ширтэн байлаа. Морин туурайны чимээ гарч эргэн харвал аав, ээж, хүү, охин дөрвөн хүн морьтой ирж явав. Арав орчим насны охин, нэг хоёр ах бололтой хүү тийм жаахан хүүхдүүд нь хүртэл өвч бүрэн морь уналгын хувцас өмссөнийг хараад Эйко их гайхав. Яг л бяцхан хунтайж, гүнж мэт. Морь унан өнгөрөх нэгэн сайхан гэр бүлийн хойноос харж суухдаа ийм гоё морин спортын хувцас байдаг дэлгүүрийг хайж олоод ядаж барьж үзье хэмээн бодлоо.

тайлбар:

1. Голландын цэцэрлэгт хүрээлэн – (Holland Park) Лондон хотод байдаг цэцэрлэгт хүрээлэн

2. Хайдын цэцэрлэгт хүрээлэн – (Hyde Park) Лондон хотын хамгийн том дөрвөн цэцэрлэгт хүрээлэнгийн нэг

Кавабата Ясүнари, Япон, 1940 он

Орчуулсан: Д.Алтанцэцэг

2016.11.8

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.