2016 оны 10-р сар 14-нд 14:10 цагт

Мураками Харукиг мөргөсөн Боб Дилан…

2016 оны 10-р сар 14-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

Энэ цаг үеийн утга зохиолыг хамгийн гайхалтай сонин содон, нэг үгээр хэлбэл далайн их давалгаа, цунами маягаар илэрхийлэгч, Японы гэхээсээ илүүтэй дэлхийн зохиолч Мураками Харукигаас утга зохиолын Нобелийн шагнал бас л нүүрээ бууруулж, түүнийг жинхэнэ шүтээнээ болгосон дэлхийн сая сая уншигчдын их хүлээлтийг дахин хөсөрдөн хаяв. Хамгийн гайхалтай нь нэгэнт дэлхийн зохиолч болчихсон Мураками Харукиг энэ удаа Нобелийн шагналаас мулталсан хүн нь АНУ-ын дуучин, ая зохиогч, шүлэг, уран зохиолын 6 ном гараасаа гаргасан Боб Дилан байсан нь олон хүний гайхшийг барсан нь тодорхой. Гэхдээ энэ хоёр хүн яах аргагүй өндөр нэр хүндтэй Нобелийн шагналын тавцан дээр нэг нь зогсох учир жанцантай л байж. Учир нь 2011 онд Шведийн яруу найрагч Томас Транстромер утга зохиолын салбар дахь Нобелийн шагналын эзэн болоход мөн л  Мураками Хариуки, АНУ-ын дуучин Боб Дилан болон Сирийн яруу найрагч Адунис нарын нэр дэвшиж байжээ.

Мураками Харуки Японы зохиолч гэгдэх боловч тэрээр Токиод биш Хавайд амьдардаг аж. Эх хэлээсээ гадна англи хэл дээр зохиолоо бичдэг түүнийг Японы зохиолч гэхээс илүү дэлхий дахины гэж тодотгож болно. Дэлхийн тавь гаруй хэлнээ зохиолууд нь орчуулагдсан түүнийг монголчууд ч бас эх хэл дээрээ уншиж эхэлснээсээ хойш алдарт “1Q84” гурамсан роман, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” гээд олон зохиолтой танилцаад байгаа.

Жил жилийн намар Нобелийн шагналын улирал эхэлж, дэлхийн харүкистуудын Мүраками Харүкиг Нобелийн утга зохиолын салбарын шагнал хүртэнэ гэх “синдром” хүчээ авдаг байдал сүүлийн зургаан жил үргэлжилсэн ч энэ удаа ийнхүү бас л түүнийг тойрлоо. байна. Тэрбээр 2006 онд Олон улсын утга зохиолын нэр хүндтэй шагналын нэг болох “Фрэнц Кафка”-гийн нэрэмжит шагнал, дараа нь Иерүсалимын, Дани улсын гээд олон шагнал хүртсэн тул Нобелийн шагнал авах зиндаанд их дөхсөн гэж олон нийт үздэг болохоор аргагүй юм. Энэ жилийн тухайд нэлээд өвөрмөц хүлээлт үүсээд байсан. Английн нэр хүндтэй хэвлэлийн байгууллагуудын тандалтаар энэ жилийн утга зохиолын Нобелийн шагнал горилогсдын  нэгдүгээрт Мураками бичигдэж байв. Хуучин бол хоёр, гурав, дөрөвт бичигддэг байж. Өнгөрсөн есдүгээр сард “Мүраками Харүки 2016 онд Нобелийн шагнал авах уу” гэдэг ном хүртэл гарч бестселлер болж байсан тул түүнийг энэ жил гарцаагүй энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болно гэж дэлхий дахинаараа хүлээж байсан гэхэд хилсдэхгүй.

Мураками Харуки гурван жилийн дараа 70 нас хүрэх аж. Хүний амьдралын тухайд 70 нас гэдэг өтөл нас хэдий ч түүний зохиол бүтээлийн нас харьцангуй залуу хэвээрээ байгаа нь уншигчдыг соронздон татдаг хамгийн гол чанар ч байж болох юм. Түүний “Хонинд тохиолдсон адал явдал” бүтээл бол яах аргагүй цунами л гэсэн үг. Сонирхолтой нь тэрээр анхны алдартай романаа хэдийнэ 30 нас хүрсэн хойноо туурвисан байдаг. 

Тухайлбал уран бүтээлийн эхэн үеийн гурвын гурван том бүтээл болох “Хонинд тохиолдсон адал явдал”, “Норвегийн ой”, “Дэлхийн төгсгөл хийгээд Hard Boiled Wonderland” бүтээлүүдээ 1982-1987 оны хооронд ердөө таван жилийн хугацаанд ёстой л цунамидаад хаячихсан гэдэг. Нөгөө талаар цунами шиг байсныхаа төлөө тэр Нобелийн утга зохиолын шагналаас олон жил мултарч байгааг түүний шүтэн бишрэгчид анзаарч эхэлсэн болов уу.

Японы зохиолчдоос Нобелын утга зохиолын шагналыг 1968 онд Кавабата Ясунари, 1994 онд Ооэ Кинзабуро хүртсэн байдаг ч хоорондоо хорь гаруй жилийн зайтай авч байж. Энэ цаг хугацаагаар баримжаалвал Мураками Харуки 2016 онд авч болохоор л цаг хугацааны давхцал байлаа. Гэхдээ л түүнийг энэ удаа Боб Дилан мөргөчихаж дөнгөлөө. Гэхдээ  утга зохиолын Нобелийн шагналыг Японы нэрт зохиолчид болох Танизаки Жуничиро, Абэ Кообо, Мишима Юкио, Кайко Кэн нар хүртэж чадаагүй өөд болцгоосныг мартаж болохгүй. Ийнхүү дэлхий нийтээрээ шахуу “Мураками  Харуки Нобелийн утга зохиолын шагнал хүртэхэд гайхах зүйлгүйгээр барахгүй, авах ёстой хүн” гэж үзэж байсан ч энэ удаа бас л түүнийг тойрчихлоо. Хэрвээ Мураками Харуки утга зохиолын Нобелийн шагналыг хүртсэн бол дэлхийн утга зохиолын дэглэм ихээхэн өөрчлөгдөх байсан нь тодорхой.

Гэтэл Нобелийн утга зохиолын шагнал хүртээх комиссын гишүүд энэ удаад дэлхий дахинд цунами шиг эрчлэн хуйларч сая сая уншигчдыг хуйлруулж байгаа дэлхийн зохиолч Мураками Харукигаас илүүтэй “АНУ-ын дуучин, ая зохиогч, шүлэгч Боб Диланыг даян дэлхийн утга зохиолын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан” гэж үзсэн бололтой. Энэ үйл явдлыг “энэ чинь ариун явдал уу” гэх үү, “Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” гэх үү аль эсвэл “Ямарваа зүйлд амбиц байхгүй бол яагаад ч урагшлахгүй” гэсэн гутранги үзлээр тайлбарлавал зохилтой юм болов уу.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.