2016 оны 09-р сар 21-нд 08:38 цагт

Банжаагийн хуушуурнаас цадталаа идэхийн тулд дуулгавартай, даамай сайн туслахын дүрд би тоглодог байв

2016 оны 09-р сар 21-нд 08:32 цагт
Мэдээний зураг,

...Хүрээнд шавилан сууж байсан лам нар хэзээнээс хоол ундны амт хийц сайтай, орсон гарсан нутгийн зон олонг гар татахгүй хооллож ундалдаг, тэр өглөгийнхөө хэрээр өргөл барьц арвин авч, элбэг дэлбэг, энх амар, найртай сайхан аж төрдөг байсан гэдэг.

Банжаа маань нарийн хоолыг тэдгээр лам нарын жишгээр нямбай агаад амттай сайхан хийнэ. Орсон гарсан, хол ойрын зочин хүмүүсийг том бага гэлгүй ид уу гээд найр тавин сэтгэл дэвсэж, цаг ямагт дайлна. “Замаг сайтай нууранд загас их цугладаг, зан сайтай айлд хүн олон цугладаг” гэдэг шиг Банжаагийнд орсон гарсан, хөдөөний болоод сумын төвийн таних танихгүй хүний хөл үргэлж тасрахгүй. Хаалганых нь нугас тэсдэггүй байсан болов уу гэж би боддог.

Банжаагийн хийдэг хуушуур, шарвин хамгаас амттай, хийдэг арга нь нэлээд өвөрмөц байжээ. Банжаагийн хуушуурнаас цадталаа идэхийн тулд дуулгавартай, даамай сайн туслахын дүрд би тоглодог байв. Зуурсан гурилаа нухуулах, цувьсан гурилаа хэрчүүлэх, чимхсэн хуушуурыг дэлгүүлэх зэрэг ойр зуурын ажил надад оногдоно. Миний тус дэм болох гэсэн урмыг хугалахгүй гэсэн хэрэг шүү дээ. 

Банжаа хийсэн хуушуур, шарвингаасаа дээж болгон тахилдаа нэг ширхгийг тавьчихаад хайраад гаргаж буй час халуун хуушуур, шарвингаа гуулин, эсвэл паалантай царанд хэсэг дарж, зөөлрүүлсний дараа өөрийнхөө байнга гурилтай хоол иддэг, ёроолдоо эргэдэг луутай, Дарьганга хийцийн дунд гарын мөнгөн аяганд зөөгөрсөн хуушуур, шарвин дүүргээд надад өгнө. Заримдаа би идэж барахгүй. Заримдаа өгснийг нь арайхийж бараад идчихээр

“-За дахиад нэгийг нэмээд идчих” гээд маг маг инээн, нарийн хоолоор намайг шахдагсан. Хуушуур, шарвингаа идэж дуусаад, гуулин данхтай цайнаас уухад амт нь нэг л ер бусын сонин агаад тун сайхан байжээ. Цайны тэр амт хожим давтагдаагүй мэт санагдана. Өвөрмөц тэр амт гуулин данхандаа байсан уу, чанасан хийцэндээ байсан уу гэдгийг мөнөө хүртэл хааяа би таамаглан боддог билээ.

Хичээл тарж ирээд гуулин данхтай зөөг цайнаас гүзээлж гүзээлж аваад, найз нартайгаа нийлж, гадуур гудамжаар үдшийн гэгээ тасартал хий дэмий тэнэдэг сэн.

Ш.Баатар, "Миний өссөн монгол ахуй" /хуудас 46-47/

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.