2014 оны 08-р сар 29-нд 04:37 цагт

Манай сум

2014 оны 08-р сар 29-нд 04:26 цагт
Мэдээний зураг,

Өглөө эрт сумаа саналаа. Өөр юу ч бодогдсонгүй. Өчигдрийн их нар, оройны хөхүүн салхи бүр мартагдаж. Орчлонд нэг ч юм байхгүй, өлөн зэлмүүн нүцгэн талд ганцаар өвсний толгой имэрч зогсох юм. Манай сум л ганцаараа торойгоод нэг ойртоод, нэг холдоод байх юм. Манай сум гэдэг нь миний өргөөлөн суугаа их нийслэлээс 1200 гаруй км алс, Монголын их элсний баруун сэжүүр өргөн суурьшсан жижигхээн сум...Одоо ч сум маань унтаж байгаа даа гэж хүн шиг дотно саналаа. Улаанбаатарт өглөөний дөрвөн цаг л өнгөрч байдаг... Үүнийг үнэгэн харанхуй гэдэг. Үнэгэн харанхуйг гэгээртэл сумаа саналаа. Орчлонд ганцхан сум байдаг. Тэр нь манай Хөхморьт гэвэл солиотой хүний ангилалд дурайтал бичнэ дээ. Хотын золбин салхи хүртэл түүчээлж хог түүж яваа гэмгүй нэгэнд хүртэл шивнэж таарна. Би сумаа санаж байна. Их эртнийх нь бүр хүүхэд насныхаа сумыг тод харж байна. Хэдэн ёотон цагаан байшин. Тооцооны кассны цагаан байшин байна. Дэргэд нь сумын холбоо залгаад нэгдлийн агуулах байсан санагдана. Яг энэ байшингийн баруун хаяанд нэг том хар зуух. Тэр зуухан дээр том хар тогоо. Өдөртөө тэр хар зуух галтай нөхөрлөж, хар тогоо нь утаатай бөгсөө хилэн улаан галаар долоолгож өнжинө. Тогоон дотор нь элдэв эвэр туурайнаас бусад бод, богийн яс л буцалж байна. Яс тослох гэж энэ ажлыг нэрлэдэг. Тэр ажлыг хийдэг нь манай нутгийн ганц сахалтай хүн Сүрмаа бааваа. Хөнгөн шингэн зуйвандуу нүүртэй шар хүн байсан. Манай нутгийн хүн биш гэдгийг сүүлд сонссон. Тогооч гэж нэг шар охинтой... Охин ч гэж намайг багад нас бие гүйцсэн бас шар шар хүүхдүүдтэй байсан санагдана. Одоо яс тосолж зогсоо хүнийг Монголоос хайгаад олдохгүй. Тэр зураг миний сэтгэлд үүцлэгджээ.

Би сумаа санаж байна. Сумын улаан булан. Нэрэндээ зохицсон улаан зосоор будчихсан жижигхэн байшин. Гадаа нь ногоон төмөр хайрцагтай мотор сойгоостой. Оройдоо нэг кино гарна. Тэр нь байгалийн цагаар үйлчилнэ. Хэзээ бүрэнхий болно. Тэр үед ямаан бүрээ хангинана. Бүрээн дуугаар сумын төвийнхөн гэр гэрээсээ гарч кинондоо явна. Мань мэтийн хүүхдүүд тэр улаан байшинг тойрон кино үзэхийн хүслээ дарж ядна. Хар хөшгөөр хаасан цонхных нь сиймхийг отон ээлжлэн байж зурвас зурвас дүрс олж харна. Цонхон дээр дугаарлаастай... Том хүний кино гэж тийм сүрхий нууц юм байсан даа. Бүх цонх нь сиймхий ч үлдэлгүй хаалттай, кино механикч Белинский гуай ааш муутай байвал дургүйцлээ илэрхийлэн  байшингийн хойно тачигнах моторыг нь унтраах энүүхэнд...Сумын төвийн зуны орой гэж...
 
Би сумаа санаж байна. Сумын зочид буудал. Уртаа цагаан байшин. Чулуун барилга л даа. Ер нь манай сумыхан чинь ихэнх байшингаа нутгийнхаа чулуугаар барьсан юм. Чулуу күүплэнэ / куб/ гэж мундаг ажил бий. Үнэндээ бол ойролцоо ойролцоо чулуугаа бөөгнүүлээд   дөрвөлжлөн хураахыг хэлж байгаа юм. Ингээд л сумын төв рүүгээ зөөнө. Тэр чулуугаа эв гавы нь олж тоосго шиг өрөөд л шавардаад тэгшлээд байшингаа барьдаг. Миний сурагч насанд баригдсан хамгийн том чулуун бүтээн байгуулалт бол сумын улаан булангийн шинэ байр. Одоо ч энд хөгжим эгшиглэж, бүжиг болж, концерт тоглож, кино үзвэр болсоор амьд л байна. Хуучин улаан булан харин нэг хэсэг музей болж байснаа одоо элсэндээ шургаад оргүй болсон. Үүнийг л түүх гэдэг байх. Сумын зочид буудлаа ярих гээд хадуурчихлаа л даа. Манай зочид буудал нэг талдаа гуанзтай нэг талдаа буудалтай байсан. Энэ гуанзанд нь дотуур байрны хүүхдүүд хооллоно. Цэдэв гэж тогоочтой. Том зааланд нь урт вандан ширээ угсраад тавьчихна. Байрны бид гуанз хүрч хооллохдоо жагсаалаар явна. Тогооч нар оройн хоол идсэний дараа өглөөний цайны бэлтгэлийг хангаад явдаг байсан. Тэр бэлтгэл гэдэг нь хөнгөн цагаан тавагнуудыг ширээн дээр жирийтэл өрнө. Дээр нь зүсэм талх, элсэн чихэр, масло тэргүүтнийг бэлтгээд тавьчихна гэсэн үг л дээ. Хоёр гуравдугаар ангид ороод ирэх үест дотуур байрандаа бас сүрхий “атаман” маягтай болно. Орой очоод буудлынхаа цонхоор нэгнийгээ хөлдөн өргөж байгаад ширээн дээр зассан тавагтай талхнуудаа ажиглан тоолно. Хэд хэд дээр талхны булан таарсныг тооцоолоод өглөө жагсахдаа булан таарах дарааллаар нэгнийхээ ард жагсана даа. Булан гэдэг нь үнэндээ арай ахиу талх оногддог байсан л гэсэн үг шүү дээ. Үүнийг “булан бугуйлдах” гэж нэрлэнэ. Зочид буудал маань одоо балгас гэдэг дүрд хувилсан. Хэн нь ч гэлээ хувьчилж аваад хэрэгтэйг нь сорчлоод үлдэгдлийг нь арзайтал хаячихсан. Дээр үеийн кино хийвэл тайз засал гэлтгүй ирээд тоглуулчихад болохоор суурь энд бий.
Би сумаа санаж байна. Худалдаа бэлтгэлийн анги.  Ийм нэрэн доор нэлээд хэдэн барилга тоологдоно доо. Бүгд л чулуу. Дэлгүүр. Агуулах. Контор хашаа ачаа буулгах   хураах тавцан сэлт. Дэлгүүрт нь ховор ховор бараа байна. Хатсан яавлаг /алим/ хар чавга, долоо дөчийн чихэр гээд зөндөө баян дэлгүүр байсан. Энэ бүхнийг хүүхдийн нүдээр л харж байгаа нь тэр л дээ. Нямсүрэн бааваа гэдэг хүн худалдагч нь.   Нэг тал дээр нь төмөр туухай тавьж нөгөө дээр нь чихэр жимс, боов боорцгоо хийгээд хэллэнэ /килолно/. Тэгээд л бор цаасаар нүд ирмэхийн зуур гурвалжин хэлбэртэй уут хийгээд боогоод өгчихнө. Гайхалтай. Одоогийнх шиг уут сав, гялгар цалгар юм нүдний гэм. Байгальдаа ээлтэй технологи байж дээ. Доторхи нь дуусахаар гал шатаачихна. Ердөө хог гарахгүй. Алим ирсэн үед дэлгүүр тэр чигээрээ сайхан үнэртэй болно. Бараг л үүдэн хоймрын цаанаас анхилдаг сан. Дэлгүүрт тэр сайхан үнэрт нь зогсоод л баймаар санагдана. Одооны алим мэт нь хамартаа наагаад ч үнэр гарахгүй юм билээ...
 
Би сумаа санаж байна. Номын сан. Энэ ховор сайхан байшин. Намхаан. Элс шуураад хойд талаасаа газартай чацуулчихна. Мэдэхгүй хүн араас нь шууд л дээгүүр нь гараад урагшаа унаж мэднэ. Нэгдлийн хашааны хавьд байсан. Номын сангийн эрхлэгч Нямжав гэж байлаа. Тэнд уншигчийн карт нээлгээд ном уншина даа. Миний анхны уншсан роман бол “Зам” роман байлаа. Хүүхдийн ном бол зөндөө л дөө. “Наалдан пад”, “Гурван тоорой”, “Үл мэдэх ба түүний нөхөд” гээд урт дараалал. Хэдэн ч карт дуусгасан юм бүү мэд... Нэг мэдэхэд л “Д.Нацагдорж” тэмдэгтний болзол хангасан байлаа.
 
Би сумаа санаж байна. “35 жил нэгдэл”. Ийм нэг сонин тоогоор нэрлэсэн газар байлаа. Би хүүхэд ахуйдаа бодно л доо. Жаахан билэгдэлтэй 9 ч юм уу, бас хамгийн хүчтэй тоо гээд 3-ыг ярьдгийг бас мэдсэн байсан хэрэг. Үгүй бол 5-ын тоогоор нэрлэхгүй заавал хаа байсан 35-ын тоогоор нэрлээд байхдаа яадаг юм. Ингэж бодно. Үнэндээ бол ардын хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан байгуулагдсан болохоор ингэж нэрлэснийг ухаж ойлгохгүй л явсан л даа. Яг үнэндээ бол сум тэр чигээрээ нэгдэл байсан. Сумын хөрөнгө гэж юм байгаагүй. Нэгдлийн хөрөнгөөр хөдөлж байсан. Тэгээд ч сум нэгдлийн дарга гэдэг албан тушаалтай хүн бүхэл бүтэн сумаа удирдана. Нэгдлийн хашаа. Хамгийн баян хашаа л даа. Трактор, машин, элдэв төмрийн хог, сав суулга...юу эс вэ...Манай суманд намайг хүүхэд байхад хоёр ЗИС-5 машин байсан. Нэгийг нь хөгшин нь манай аавын дүү болох  Дундаа “Гомбожав” гэж хүн барьж байлаа. Нөгөөг нь Гүнчин гэдэг хүн барина. Завхан талын хүн байсан санагдана. 1967 оны өвөл их зуд болж сургуулийн дотуур байр түлшгүй болж хаагдаад сумын төвийн айлуудад нэг хүүхэд, хоёр борлон өгч байсан. Би хоёр борлонтой Гүнчин жолоочийнд очиж байсан. Гүнчин ахын авгай Уртнасан гэж сайхан хүн байлаа. Эмнэлэгт ажиллаж байсан санагдана. Тэр үедээ Тунгалаг, Өндөрнаст гэж хоёр охинтой байсан шиг бодогдож байна. Өвлийн жавар хүйтнийг ингэж нэгдлийн жолоочийнд өнгөрөөж байлаа. Нэгдэл их баян. Цэнхэр чиргүүлтэй шинэхэн трактор нэг байсан. Нэгдлийн хашаан дотор тэр цэнхэр трактор тэргүүтэй нэлээд олон машин байлаа. Дундаагийн ЗИС-5 бас байсан. Хавар манай Түдэвванчиг /Түвээ/ бид хоёр нэгдлийн хашаагаар тэнэж яваад тэнд байсан машин, тракторын дугуйны хийг гаргах золигийн санаа төрж түүнийгээ хэрэгжүүлэн дэрсээр хошууг нь хатган сүрхий шүгэлдэх дуу гарган хэрхэндээ хөөрөн баясаж явлаа. Тэгтэл юу болсон гэж санана...Дундаа гуай ирж явна. Ингээд газар дээрээ баригдаж сургуулийн захирал Цэрэндашд хүргэгдлээ. Цэрэндаш багш улаан ява-аа засаад л гэрийнхээ гадаа тос болчихсон. Бид хоёр захирлын дэргэд номхон зогсох шийтгэлтэй. Тавдугаар сарын нэгний  майн баярын өдөр шүү дээ.. Хэдэн цаг зогссон юм бүү мэд...Оройхон л явуулсан даг. 
 
Би сумаа санаж байна. Яриад байвал гараад байхаар хүүхэд ахуйн сумын төв маань нүдний өмнө ээлжлэн дурайж байна. Нулимс аяндаа мэлтрэхээр ийм сайхан сумаа, тийм залуухнаар нь санаж байна. Сумын эмнэлэг, цаг уурын ажиглах хашаа, дээр нь эргэлдэх салхины чиг заагч, мал эмнэлэг. Сумын даргын шар өнгөтэй А-69, бөөрөн дээрээ “ветернарная помощь” гэсэн бичигтэй мал эмнэлгийн тэрэг. “Социалист уралдаанд түрүүлэгч” гэж кабин дээрээ бичүүлсэн шагналын ЗИЛ-164 гээд...Бүгд л нүдний өмнүүр бодлын минь дэргэдүүр давхиад өнгөрч байна. Хүн эмнэлгийн цагаан халадтай эмч нар сүрдмээр... Баарай л гэнэ. Сүүлд нь Түмэннасан л гэнэ...Сайхан сайхан эмч нар дараалаад... Эмч гэснээс би багадаа сумын төв орох нь гэж нэг их баярласан юм. Тэмээгээр л явсан. Ээж маань дагуулаад...Тэгтэл сумын төв арай хүрэлгүй арваад км зайтай Жарамтайд хүрээд буцсан. Энэ нь чухамдаа одоо ч буглаган дээр сорви нь байдаг цэцгийн тариа хийлгэх гэж явсан явдал л даа... Би сумаа санаж байна. Манай сум чинь гээд бодохоор хүүхэд насны “хөөрхөн” бас асар том сумын төв маань гэрэлтэн гэгээрч харагдана. Би сумын төв орж үзээгүй байхдаа, яаж нэг сумын төвөө үзнэ дээ гэж бөөн хүслэн болдог сон. Хонинд явж байгаад өндөр дээрээс дурандахад хэсэг цагаан байшин нисэж байгаа хун шиг зэрэглээнд нэг томорч, нэг жижгэрч харагдах нь намайг бүр эзэмдээд сэтгэлийн хүлэг  минь давхиад л очсон байдаг сан. Манай сум одоо их л өөр болсон ч хүүхэд ахуйнхаа анх үзсэн сумын төвийг л боддог юм. Би сумаа санаж байна...
 
Лханаагийн Мөнхтөр
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох

              
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • USD BANK

      (197.210.65.161) 2019-09-28 21:36
      • 0
      • 0

      Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Герман улсад амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Найз маань надад АНУ-ын Зээлийн Firm нэртэй түргэн банк гэж нэрлэгддэг банкны талаар хэлсний дараа тэрээр надад өргөдөл гаргаснаас хойш ажлын хоёр өдрийн дотор 1,032,904,450MNT еврогийн зээл өгсөн. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)

      Хариулах