2014 оны 08-р сар 20-нд 15:51 цагт

Ж.Лхагвасүрэнгийн хүү Л.Лхагва: Улсын баатар цолыг нь нэхэн олгосонд харамсдаг

2014 оны 08-р сар 20-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байна. Эх орон тусгаар тогтнолын төлөө амь бие хайрлалгүй тулалдаж явсан цэрэг эрсийн байгуулсан гавъяаг үеийн үед дурсах учиртай. 1939 оны Халхын голын байлдаанд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Г.К.Жуковын орлогчоор ажиллаж байсан нэрт жанжин, Монгол улсын баатар, Хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн хүү Л.Лхагватай уулзаж аавых нь тухай хөөрөлдлөө.

-Ж.Лхагвасүрэн жанжин 1939 оны Халхын голын дайны үед тулалдаж явсан тухайгаа танд ярьдаг байсан уу?

-Халхын голын дайны тухай бараг ярьдаггүй байсан. Би тэр үед жаахан хүүхэд байлаа. Харин 1945 оны дайны үед ямар байсан тухай ярьж өгдөг байсан.

-Маршал Г.К.Жуков өөрийн номыг таны аавд дурсгал болгон өгч байсан талаар ярихгүй юу?

-Маршал Г.К.Жуков миний аавд өөрийн бичсэн номыг дурсгахдаа “Миний дайны анд найз” гэж дурсгалын зүйл бичсэн байдаг. Энэ бол ганцхан манай аавд бичиж үлдээсэн дурсгал. Өөр хэнд ч ингэж бичиж үлдээгээгүй. Өөрөөр хэлбэл 1939 оны Халхын голын дайны үед өөрийнх нь орлогчоор ажиллаж байсан манай аавд их итгэл хүлээлгэж байсны илрэл гэж боддог.

-Хурандаа генерал Ж.Лхагвасүрэнд хожуу “Улсын баатар” цолыг нэхэн олгосон байдаг. Энэ тухай та юу гэж боддог вэ?

-Надад харамсалтай санагддаг. Амьд ахуйд нь гавъяаг нь үнэлж “Улсын баатар” цол өгсөн бол аав минь их баярлах байсан. Тэр байтугай саяхан болтол Монголын зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарыг байгуулахад гар бие оролцсон хүмүүсийн дунд аавын нэрийг бичээгүй байсан. Ингэж зориуд хэлмэгдүүлж байсан байгаа. 1939, 1945 оны дайнд Монголын армийг удирдаж явсан, 1959-1969 онд арван жил орчин үеийн армийг удирдаж явсан хүнийг хэлмэгдүүлж явсанд харамсалтай байдаг.

-Академич Б.Ширэндэв гуай аавыг тань хэлмэгдсэн гэж ярьсан байсан удаатай. Энэ талаар та юу ярих бол?

-Ширэндэв гуай Монгол Теле­визийн /МҮОНРТ/ «Түүхийн хоймор» нэвтрүүлгээр өгсөн нэгэн ярилцлагадаа манай аавын талаар их сайхан ярьсан байдаг юм. Тэр яриандаа «Цэрэг ардын дотор Ж.Лхагвасүрэнгийн тухай «залуу жанжин» гэж дуулдаг байсан юм. Тэр залуу жанжин бол манай ардын армийн томоохон нэртэй зүтгэлтэн хүний нэг байгаа юм. Энэ жанжин яагаад дээгүүр орох ёстой юм бэ гэвэл нэгдүгээрт боловсролоороо, хоёрдугаарт дайн байлдаанд оролцож явснаараа, эх оронч үйлсээрээ зүйрлэшгүй гавьяатай.

Тэрбээр нийтдээ 30 гаруй жил манай цэрэгт алба хаасан, бага тушаалаас Цэргийн яамны сайд, жанжин, генерал хүртэл явж ирсэн. Хоёр том дайнд Монгол цэргийг шууд өдөр тутам удирдаж явсан жанжин. Лхагвасүрэн жанжин дан ганц морин цэрэг биш, механикжуулсан, их буу, танкаар зэвсэглэсэн армитай болох, тэр талаар хүнээ бэлтгэх, сургах байлдааны арга барил, онолыг хэрэгжүүлэх талаар их юм хийсэн хүн. Зөвлөлтийн цэргийнхэн, жишээ нь маршал Малиновский, генерал Ковалёв, Плиев нар түүнийг цэргийн даргын хувьд их хүндэлдэг байсан юм. Түүний нэг чухал шинж чанар бол их сайн зохион байгуулагч байсан. Тэр ямар ч ажлыг зохион байгуулахдаа гарамгай, зуд болсон ч л түүнийг явуулдаг, түймэр гарсан ч, үер буусан ч зөвхөн түүнд л даалгавар өгдөг байсан.

Гэтэл Ж.Лхагвасүрэн хэлмэгдлээ. Батлан хамгаалах яамны сайдаас огцруулаад энгийн газар явуулсан. Их хуралд ажиллуулсан, гадаадад элчингээр явуулсан. Энэ талаар янз бүрийн л яриа байдаг. Манай монголчууд их атаархуу шүү дээ. Нэг нь нөгөөгөөсөө боловсрол, чадлаараа түрүүлбэл урдуураа гаргахгүй бодолтой. Тэр тийм байсан байж болох юм. Тэрний ард бас хүн байсан болов уу. Тэгээд л хэлмэгдлийн хэлбэрээр түүнийг тушаал бууруулсан байгаа юм. Хэлмэгдэл манайд 1939 оны үед болсон. Тэр үед баривчлаад шууд амийг нь хороож, зовоож зүдрээдэг байлаа. Дараагийн үеийн хэлмэгдэл бол 50-60-аад оны нэр төрийг нь гутаадаг, сэтгэл санаагаар нь үхүүлдэг, олон түмний өмнө хамгийн муугаар нь дууддаг, элдвээр нэрлэдэг, ийм хэлмэгдэл байсан юм л даа» гэсэн байлаа.

Миний бодлоор сүүлд хэлмэгдлийн бас нэг өөр хэлбэр байсан байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл хэлмэгдүүлж байгаа хүнээ мартуулах, нэрийг нь дурсахгүй, байгуулсан гавьяаг нь дурьдахгүй, түүхийн бүтээлүүдээс хүртэл нэрийг нь хасдаг, ном, хэвлэл, кинонд гарсан байвал хасдаг аргаар хэлмэгдэл гээч юм үргэлжилж байсан. Миний аавын «Сэтгэлд шингэсэн он жилүүд» номонд Ю.Цэдэнбалын тухай орсон хэсгүүдээс хасахыг МАХН-ын Төв хорооноос шаардсан байдаг юм билээ. Энэ тухай номыг нь гүйцээж бичсэн сэтгүүлч хурандаа Да.Дамдиндорж ярьж, бичиж байсан. Аавыг минь нас барахад нам, засгаас гаргасан эмгэнэлд хоёр дайнд армиа удирдсан гэсэн баримтыг дурьдаагүй байсан нь надад тийм ч таатай санагдаагүй.

-Ж.Лхагвасүрэн жанжин ихэр төрсөн гэдэг?

-Аавын ихэр Ж.Зундуй гэж бас эрэлхэг зоригтой, Халхын голд байлдаж явсан ахмад дайчин байсан. Их сонин тохиолдол ярьж өгье. 1939 онд Маршал Х.Чойбалсан гавьяа байгуулсан дайчдад анхны шагнал гардуулахаар Халх голын фронт дээр аавтай хамт очжээ. Одонгоо гардаж авах гээд авга ах Маршалын өмнө очоод ёслоход нь Чойбалсан гуай их гайхсан гэдэг. Өмнө нь яг л аав зогсож байгаа харагдсан байх л даа. Аав ч дүүгээ байлдаж яваа, бүр гавьяа байгуулчихсан гэдгийг тэгэхэд л мэдсэн гэдэг. Авга ах маань цэргийн болон аж ахуйн салбарт олон жил ажилласан хошууч цолтой, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин хүн байсан.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.