2014 оны 08-р сар 15-нд 13:46 цагт

Танихгүй эмэгтэйн захидал (6-р хэсэг)

2014 оны 08-р сар 15-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Толины өмнө зогсож байхдаа чиний хийж байгаа юмыг хараад айж ичсэндээ арай л ухаан алдан унасангүй. Чи миний гар цүнхний завсраар хоёр том дэвсгэрт шургуулж байгаа харагдлаа. Би яагаад хашгирч чамайг алгадчихаагүй юм бүү мэд. Аль хүүхэд байхаасаа чамд дурлан хайрлаж байсан, төрсөн үрийнхээ эхэд шөнийг хамт өнгөрүүллээ гэж мөнгө төлж байхад шүү.

Би чиний хувьд ердөө л Габаренаас олсон янхан байж. Чи надад хөлс төлсөн шүү дээ. Хөлс төлсөн. Чамд мартагдсан багадаад ингэж л дорд үзэгдэх минь дутаад байж. Би өөрийнхөө юмыг яаран цуглуулав. Надад дэндүү хүнд байсан учраас явах, аль болох хурдан явах минь дээр байлаа. Бүрх малгай минь бичгийн ширээн дээрх сарнайтай ваарны дэргэд байсан. Надад дахин нэг алхам хийх дийлдэшгүй хүслэн төрж “Чи надад цагаан сарнайнуудаасаа нэгий нь өгөхгүй юм уу?” гэв. Чи “Тэгэлгүй яахав” гээд цэцгүүдийг савнаас нь гаргалаа. “Энэ сарнайг чамд хайртай эмэгтэй хүн бэлэглэсэн байхаа даа” гэхэд минь чи “Магадгүй л юм. Гэхдээ хэн илгээснийг нь мэдээгүй ээ. Тийм болохоор нь би хайрладаг юм” гэлээ.

Би чамайг ширтэн “Магадгүй чамд мартагдсан нэг бүсгүй илгээсэн ч юм билүү” гэв. Чи намайг гайхан харлаа. Би ч чиний нүднээс харц салгасангүй. “Таниач дээ намайг, таниач” гэж миний харц гуйж байв. Гэвч чиний харц юу ч анзаарсангүй. Энхрийллээр гэрэлтэв. Чи намайг дахиад л үнслээ. Гэвч таньсангүй. Нүднээс минь нулимс асгарчих гээд тэвчээр алдран чамдаа нулимсаа үзүүлэхгүй гэж л хаалга руу бушуухан алхлаа. Би гүйх нь холгүй явахдаа чиний зарцтай золтой л мөргөлдчихсөнгүй. Тэрээр замаас шалмагхан зайлан надад хаалга нээж өгөв. Энэхэн зуур би нулимстай нүдээрээ хөгшний нүдэнд ямар нэгэн оч гялсхийхийг анзаарлаа. 

Иогани намайг хүүхэд байхаас минь хойш нэг ч удаа хараагүй мөртөө таньсан юм шүү. Би хөгшний өмнө сөхрөөд намайг таньсаных нь төлөө гарыг нь үнсмээр байлаа. Гэвч би тэгсэнгүй, зөвхөн гар цүнхээ уудлан миний намайг шившгийн тавцанд “өргөмжлөн” байж өгсөн тэрхүү бузар мөнгийг чинь хөгшинд сарвайлаа. Хөгшин зарц салганан намайг айсан нүдээр харахдаа миний тухай, чиний бүх л амьдралынхаа туршид тааварлаж байснаас ч илүү ихийг таамаглах шиг санагдсан шүү.

Бүх хүмүүс бүгдээрээ намайг хайрлаж цөм л надад сайн сайхныг хүсдэг байхад ганцхан чи, чи л ганцаараа намайг санаа ч үгүй, нэг ч удаа болохноо таниагүй шүү. Миний хүү, бидний хүү өчигдөр нас барж энэ орчлон дээр надад чамаас өөр хайрлах хүн үлдсэнгүй. Гэвч чи хэн билээ. Намайг огтхон ч Танихгүй, миний хажуугаар усны дэргэдүүр өнгөрч байгаа юм шиг өнгөрч, чулуунд тулсан юм шиг тойрч үнэнч хүлээлтийг минь эс ойшоон зовлонд унагасан нэгэн биш билүү? Надад чамайг хайрлах эз нэг л удаа тохиолдсон нь хүү маань билээ.

Гэвч чиний л хүү байсан учир намайг бас л өрөвдөлгүй орхин одож, бүр хэзээ ч эргэж ирэхгүйгээр явчихлаа. Би дахиад л ганцаараа, цор ганцаараа үлдлээ. Надад зориулж бичсэн ганц мөр ч алга, хүү маань ч алга. Дурсагдах юм юу ч үлдээгүй. Чи миний нэрийг сонслоо ч юу ч санахгүй. Би яалаа гэж үхлийг хүсэхгүй байх билээ. Чиний хувьд үхчихсэн би, чамайг надаас холдоод явчихсан хойно өөр яах юм. Гэсэн ч хайрт минь, би чамайг буруушаан зэмлэж, өөрийн уй гашууг чиний баяр баясгалант амьдралд нялзаахыг хүсэхгүй байна. Намайг уучлаарай. Хүүгээ алдчихсан болохоор сэтгэлээ чамд уудлан хэлэхгүй байж чадсангүй, бүү зовоорой. Энэ бүхнийг чамд би ганцхан удаа л тайлбарлан хэлчихээд, дахин хэзээ ч юу ч хэлэхгүй, урьдын адил таг чимээгүй байх болно. Гэхдээ энэ захиаг чи намайг амьд сэрүүн байхад хэзээ ч олж үзэхгүй бөгөөд хэрвээ энэхүү гэрээслэл чиний гарт орсон байвал тэр цагт би аль хэдийнэ хорвоогоос явчихсан байна.

Энэ бүсгүй чамайг бусдаас илүү хайрлаж байсан боловч чиний хэзээ ч үл мэдэх, чиний дуудлагыг насан туршаа хүлээсэн тэр эмэгтэйн гэрээслэл юм шүү. Магадгүй чи намайг дуудлаа ч би булшин дотроос юу ч сонсохгүй шүү дээ. Би чамд дурсгал болгон ядаж ганц зураг ч үлдээсэнгүй. Яг чам шиг… Чи намайг хэзээ ч мэдэхгүй. Хэзээ ч… Миний хувь заяа тийм л байсан. Үхэл минь ч бас тийм л байг. Чи миний царай зүсийг ч санахгүй. Нэрийг минь ч мэдэхгүй болохоор би чамайг сүүлчийн мөч ирэхэд ч дуудахгүй. Яагаад гэхээр надаас алс суудаг чи миний үхэж байгааг мэдэхгүй учраас би их сэтгэл амар үхнэ. Хэрвээ миний үхэл чамд хэцүү байгаа бол би үхэж чадахгүй шүү дээ. Би үргэлжлүүлэн бичиж чадахгүй нь…толгой минь хүндрээд, хамаг бие минь шархиран халуурч байх шиг байна. Хэвтсэн нь дээр байх. Тэгвэл түргэхэн бүх юм дуусч, хувь заяа минь намайг сүүлчийн удаа ч болтугай энэрч хүүг минь авч явахыг харуулахгүй болгож магадгүй…Би цааш нь бичиж чадахгүй нь…Хагацъя. Хайрт минь хагацъя. Чамдаа баярлалаа. Бүх юм буруугаар эргэсэн байсан ч гэсэн би чамдаа эцсийн амьсгалаа тасартал баярласаар л байх болно. Би чамд бүгдий нь хэллээ. Чи намайг, өөртөө ямар их хайртай байсныг ойлгож байгаа биз дээ. Үгүй ээ, чи зөвхөн тааварлаж л байгаа. Миний дурлал чамд зовлон учруулаагүй юм чинь чи надаар дутахгүй, энэ л намайг баярлуулж байна.

Чиний гэрэлтэй сайхан амьдралд юу ч өөрчлөгдөхгүй… Би өөрийн үхлээр чиний аз жаргалыг гутаахыг хүсэхгүй байна… Хайрт минь, би чамаас нэг л зүйл залбиран гуйя. Энэ бол миний эхний бөгөөд сүүлчийн гуйлт шүү…Намайг бодож биелүүлээрэй. Жил бүр өөрийнхөө төрсөн өдрөөр цагаан сарнай худалдан авч хөх ваарандаа хийж байгаарай. Жил бүр нас барсан төрөл садандаа буян үйлддэг шиг намайг бодож гүйцээгээрэй. Хайрт минь, би бурханд ч, буян үйлдэгчдэд ч итгэхийг хүсэхгүй, ганцхан чамдаа л итгэж байна. Хайрт минь, би чамд ганцхан чамд л хайртай байж хамт байхыг туйлгүй хүсэж байна. Бүтэн жилд ганцхан удаа чинийхээ дэргэд байх гэж ямар их хүснэ вэ? Үүнийг л биелүүлэхийг гуйя. Чамдаа баярлалаа. Би чамдаа хайртай…Хагацъя даа. *** Зохиолч захидлыг уншиж дуусаад хажуу тийш тавихдаа гар нь салганан чичирхийлж байв. Тэгээд удаан гэгч бодлогоширон суув. Хөрш айлын охин, тэр нэгэн бүсгүй, шөнийн цэнгээний газрын эмэгтэйн тухай бүрэг бараг дурсамж толгойд нь орж ирсэн боловч тоймтой юм юу ч санагдсангүй. Бүдэг бадаг бүүр түүрхэн юм санаанд нь оровч зүс нь огтхон ч орж ирсэнгүй. Яаж ч бодоод санах юм алга. Энэ бүхнийг нойрон дундаа, зөвхөн зүүдэндээ л үзсэн юм шиг санагдав.

Түүний харц гэнэт бичгийн ширээн дээр байж байдаг хөх вааран дээр туслаа. Цэцгийн сав нь хов хоосон харагдана. Энэ олон жилийн хугацаанд анх удаагаа хоосон байгаа нь энэ. Тэрээр цочсон юм шиг татвасхийж, анир чимээгүй өрөөнд нь ондоо ертөнцийн үл үзэгдэх хаалгаар хүйтэн салхи сэнгэнэн орж ирэх шиг болов. Өнө мөнхийн хайр сэтгэл үхлийн амьсгалыг тэрээр мэдрэн ухаан санаа нь цэлмэх шиг болж алсаас сонсогдох тачаангуй хөгжмийн ая луугаа өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодож эхлэв ээ. ТӨГСӨВ.

Стефан Цвейг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • USD BANK

      (197.210.65.161) 2019-09-28 21:37
      • 0
      • 0

      Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Герман улсад амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Найз маань надад АНУ-ын Зээлийн Firm нэртэй түргэн банк гэж нэрлэгддэг банкны талаар хэлсний дараа тэрээр надад өргөдөл гаргаснаас хойш ажлын хоёр өдрийн дотор 1,032,904,450MNT еврогийн зээл өгсөн. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)

      Хариулах