2014 оны 08-р сар 07-нд 18:06 цагт

Танихгүй эмэгтэйн захидал (4-р хэсэг)

2014 оны 08-р сар 08-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

Би тэнд байхдаа чи намайг үзэн ядаж өөрөөсөө түлхэн зайлуулж байгаагаар төсөөлдөг байсан. Яагаад гэхээр би дэндүү жижигхэн царай муутай амьтан билээ. Хөөрхий би зовон, чиний хөндий хүйтэн байдал хайхрамжгүй занг ухамсарлан тэвчдэг байлаа. Одоохон ингээд хагацах гэж байхдаа чамайг надад дурлахгүйг улам хурцаар мэдэрч байна. Гэхдээ энэ бүхнээс намайг хамгийн аймшигтай алж байгаа юм нь миний сэтгэлийг чи хэзээ ч ойлгоогүй явдал билээ.

Охид бүсгүйчүүдийн зүс царай олон жилийн дотор өөрчлөгдөн хувирч өмссөн хувцас нь хүртэл хүнийг өөрчилдөг болохоор бүсгүй хүнийг таних нь эрчүүдэд тийм ч амаргүйг би одоо л ойлгов. “Чи намайг юм ойлгодог болгосон юм”. Үнэнийг хэлэхэд ухаанаар л өөрийн хувь заяаг өөрчилж чадах ажээ. Би одоогийнхоосоо залуу байсан болохоор чиний мартамхайг эс тооцон намайг хаана ч гэсэн бодож хүлээж байгаа гэж чиний тухай сэтгэлээ хууран боддог байсан даа. Хэрвээ би өөрийгөө чиний тухайд юу ч биш тэр ч байтугай миний тухай хальтхан ч гэсэн бодох нь чамд ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй гэдгийг мэдсэн бол амьд явж чадахгүй биз. Миний талаар юу ч санахгүй байгаа чинь надад илэрхий мэдэгдэж байсан болохоор энэ нь миний хувьд чамайг надтай холбож байсан тэр дурсамжийн нарийхан холбоог үгүй хийх шахсан амьдралд минь тохиолдсон анхны хүнд цохилт байсныг би үнэндээ тэгэхэд л ойлгосон.

Тэгэж уулзахдаа чи намайг үнэхээр таниагүй. Хоёр өдрийн дараа чи бид хоёр дахин тааралдахад чи намайг хэдхэн хоногийн өмнө учирсан өнөөх аятайхан бүсгүй байна гэж бодсон болохоос намайг мөн л таниагүй билээ. Чи намайг гайхсан элэгсэг харцаар ширтэхдээ уруул дээр чинь инээмсэглэл тодрохыг би ажив. Чи дахиад л миний дэргэдүүр өнгөрөхөд аз жаргалдаа би чичрэн мансуурч чамайг надтай ярилцаасай гэж дотроо залбирч байлаа. Би аажуухан алхаж явахдаа чамаас зугтаасангүй. Харин анх удаагаа л чиний анхаарлыг татав гэдгээ мэдрэв. Мэгдэн сандарснаасаа болоод зүрх минь дэлсэн золтой л зогсчихоогүй байтал чи минь ашгүй гүйцээд ирлээ. Бид хуучин танилууд шиг хөгжилтэй ярилцсаар (бурхан минь чи намайг хараажаар ерөөсөө Танихгүй, миний амьдралыг мэдэхгүй байв) гудамжны үзүүр хүртэл хамт явав. Чиний ил цагаан хөгжилтэй яриа миний сэтгэлийг татаж, чи юу асуусан ч хариулах хүч тэнхээ өгч байв. Чи надаас оройн зоог хамтдаа идэх үү? Гэхэд би татгалзсангүй. Чамд би яахин татгалзах билээ. Бид нэгэн жижигхэн ресторанд хооллосныг чи санаж байна уу. Нээрээ чи минь тиймэрхүү олон уулзалтаас зөвхөн тэр оройг л яаж ялгаж чадах билээ дээ.

Би тэгэхэд чиний хувьд хэн ч биш байсан юм чинь. Гинжин хэлхээ адил тасралтгүй үргэлжилсэн олон зуун үдшийн л нэг шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ, чи миний тухай санаж ч магадгүй. Чинийхээ дэргэд дуу хоолойг чинь сонсож суухдаа дэндүү жаргалтай байсан болохоор би яриагүй. Энэ үнэтэй учралыг алдчихгүй гэсэндээ би ямар нэгэн асуулт тавьж илүү үг дуугарахаас айж байсан. Миний хүсэн мөрөөдөж явсан хүнийг чи энгийн өрөвчхөн, сэтгэлд нийцтэй зангаараа баталсныг би ямагт талархан дурсаж явдаг юм.

Урьд нь би чамд өөрийн бүх амьдрал хүсэл сэтгэлээ зориулаагүй байсан ч гэсэн чи анхны хормоос эхлээд л надтай эелдэг зангийн үүднээс бус чин сэтгэлээсээ нөхөрсөг сэтгэл булаам зангаар харьцаж эхэлсэн нь намайг өөртөө татаж чадсан билээ. Миний таван жилийн турш хүлээсэн хүлээлтийг талаар өнгөрүүлэлгүйгээр чи миний ямар их хүсэл мөрөөдлийг биелүүлснээ яаж мэдэхэв дээ. Биднийг ширээний араас босоход хэдийнэ орой болчихсон байлаа. Рестораны үүдэнд очоод чи надаас “Завтай юу, эсвэл яарч байна уу?” гэж асуув. Чамтайгаа хамт явахад бэлэн байгаагаа би хэрхэн нууж чадах билээ. Би завтай гэж хэллээ. Чи хэсэг зуур зогсосхийснээ “Манайд очиж жаахан ярилцах уу?” гэв.

Дотоод сэтгэлдээ дийлдэн “дуртай зөвшөөрнө” гэж яаран хэлчихсэн хойноо л би тэрхэн дороо миний үг чамайг баярлуулаагүйгээр үл барам яс чинь хавтайх шиг болж чи үнэхээр цочирдсон. Одоо бол чиний гайхсаныг ойлгож байна. Эмэгтэйчүүл голцуу нууцхан хүслээ нууж, хамт явахаас айж буй дүр эсгэн шаргуу гуйсны дараа л сая зөвшөөрч ам тангараг авдаг гэдгийг би мэддэг болсон билээ. Ийм хурдан зөвшөөрөх нь явж сурсан янхан юмуу, эсвэл ямар ч туршлагагүй гэнэхэн охидын шинж байдаг. Гэхдээ миний хариулт бол уйтгар шаналгаатай олон өдрийн хүлээлтээс болж сэтгэл минь надад баригдалгүй өөрийн эрхгүй уруул даван гарчихсан бодлын минь үг гэдгийг чи хэрхэн тааварлах билээ. Тиймгүй бол миний чамайг сонирхож байгааг чи гайхахгүйсэн. Чи гайхсанаа нууж ядан намайг харж байгааг чинь би мэдэрсэн. Чиний өндөр мэдлэг, зөн билэг чинь энэ итгэмтгий аятайхан бүсгүйн үгийн цаана ямар нэгэн онцгой нууц байгааг чамд хэлээд өгөө биздээ. Болгоомжтой атлаа хэтэрхий шимтсэн асуултуудаас чинь энэ оньсогыг таахыг хүссэн сонирхол төрснийг би ойлгов. Би шууд хариулахаас татгалзаж, зайлсхийж чамд өөрийнхөө нууцыг дэлгэснээс тэнэг юм шиг санагдаад өнгөрсөн нь хавьгүй дээр гэж бодлоо.

Чи намайг дагуулан гэртээ орлоо. Хайрт минь намайгаа уучлаарай. Гэхдээ танайд орохоор шатаар өгсөж явахдаа аз жаргалдаа бахардан үхэхээс наагуур догдолж явсныг чи ойлгохгүй л дээ. Одоо энэ тухай нулимс гаргахгүй санахад надад хүнд байна. Гэвч нулимс минь хатжээ. Чи бодоод үз л дээ. Тэнд миний хүүхэд нас, хачин дурлалтай холбоотой бүхэн байсан болоод л тэр. Олон удаа чамайг хүлээж зогссон орц, чамайгаа анх харж хөлийн чимээг чагнадаг байсан шат, гэртээ орон ортол чинь хардаг асан хаалганы шагайвар, үүдэнд чинь байнга хэвтдэг хөл арчдаг хивсэнцэр миний нэг удаа сөхрөн сууж байхдаа сонсоод босон харайсан түлхүүр цоожны харжигнах чимээ

…Сэтгэлд минь гэрэлтэн үлдсэн хүүхэд ахуйн минь амьдрал энэ л давчуу газарт өнгөрч одоо ч энд миний бүх амьдрал эхэлж зөвхөн чамтайгаа хамт чинийхээ, өөрийнхөө гэрт ирлээ. Чи минь бод л доо. Миний хэлж байгаа бүхэн чихэнд минь чийртэй сонсогдож байж болох юм. Гэхдээ би өөрөөр хэлж чадахгүй. Миний хувьд танай хаалганаас наана байгаа бүх амьдрал нэгэн хэвийн үргэлжилсэн мохоо амьдрал байсан бол танай хаалганы цаанаас ид шидэт үлгэрийн хаант улс Алладины хаант улс эзэлж байлаа. Бидний одоо ирж байгаа энэ хаалгыг би хичнээн удаа гялалзсан нүдээр ширтдэг байсныг чи мэдэхгүй. Энэ агшин миний хувьд ямар агшин байсныг чи зөвхөн мэдэрч л чадахаас хэзээ ч ойлгож чадахгүй.

Би танайд шөнийг өнгөрүүллээ. Өглөө нь явах гэж тун их яарав. Миний ажил эрт эхэлдэг болохоор дэлгүүр дээрээ цагтаа амжиж очих гэж яарснаас гадна чиний зарцад харагдахгүйн тулд бушуухан арилж өгөхийг хүслээ. Хувцасаа өмсчихөөд чиний дэргэд очиход чи намайг өөр лүүгээ татан тэвэрч царайг минь харцаа тогтоон удаан харсан. Тэртээд болсон энэ явдал чамд цухасхан ч гэлээ санагдаж байгаа болов уу? Миний царай баярласнаасаа болоод сайхан харагдсан юм болов уу даа. Дараа нь чи миний уруул дээр үнссэн. Би чамаас аяархан хөндийрч хаалга руу эргэлээ. Чи надаас “Цэцэг авахгүй юм уу?” гэж асуув. Би “Тэгье” гэлээ. Чи бичгийн ширээн дээрх цэнхэр өнгийн болор цэцгийн савнаас дөрвөн ширхэг цагаан сарнай сугалж авлаа. Би энэ цэцгийн савыг бүр хүүхэд байхдаа танай өрөөнд харсан билээ. Чиний өгсөн тэр цэцэгнүүдийг би олон өдөр үнсэж билээ. Бид дахин уулзахаар болзов. Дахиад л бүх юм гайхамшигтай сайхан байлаа. Гурав дахь удаагаа уулзсаныхаа дараа чи томилолтоор хол явах гэж байгаагаа надад хэлэв. Хүүхэд байхдаа би ингэж аялан явахыг чинь үзэн яддаг байж билээ. Чи гэртээ эргэж ирүүтээ надад хэл дуулгана гэж ам гарлаа. Би чамд нэрээ хэлэхийг хүсээгүй учраас өөрөө хүлээн авахын хаяг өгөв. Би нууцаа алдахыг хүссэнгүй. Чи салахдаа надад дахиад сарнай бэлэглэв.

Бүтэн хоёр сарын турш би өдөр бүр лавлаж…үгүй ээ үгүй энэ олон өдөр зовж шаналснаа би юунд бичих билээ. Чамайгаа би буруутгаж чадахгүй. Би чамд ямар их хайртай юм бэ? Би чамайг мартамхай итгэлгүй урьд нь ямар л байсан яг байгаагаар чинь хайрладаг байсан бөгөөд тэр л хэвээрээ үлдсэн юм. Чамайг аль хэдийн эргэж ирсэн гэдгийг би гэрэлтэй цонхоор чинь мэдэж байсан ч чи надад захиа бичсэнгүй. Надад чамаас ганц ч мөр захиа ирээгүй. Би чамд бүхий л амьдралаа зориулсан боловч сүүлчийн мөчийг хүртэл чамаас ганц ч зурвас авсангүй. Би цөхрөлгүй тэвчээртэйгээр хүлээсээр л байсан. Гэтэл чи намайг дуудаж нэг ч мөр юм бичсэнгүй. Нэг ч мөр юм… Өчигдөр миний хүү нас барлаа. Энэ хүү чиний хүүхэд байсан юм шүү. Үхэх гэж байгаа хүн худлаа хэлдэггүйг чи мэднэ шүү дээ. Хайрт минь энэ хүүхэд аз жаргалтай гурван шөнийн аль нэгэнд олдсон чиний хүүхэд гэдгийг тангараглая. Гэвч чи надаас айсандаа магадгүй гайхсандаа яагаад ийм олон жил юу ч хэлэлгүй байчихаад одоо түүнийг мөнхийн нойроороо нойрсож хэзээ ч эргэж ирэхгүй болчихсон хойно хүүгийн тухай ярьж байгаа билээ гэж асуух байх. Би чамд яаж хэлэх юм бэ? Дөнгөж гуравхан удаа уулзаж ямар ч эсэргүүцэлгүйгээр чамтай учирч нэрээ ч хэлээгүй Танихгүй бүсгүй чамд үнэнч байж хүүхдийг чинь гаргасан гэхэд чи юу боллоо гэж итгэх юм бэ? Хэрвээ миний үгэнд итгээд нууцыг минь илрүүлж би чамтай холбоотой байж чи өөр хүний хүүхдийн төлөө санаа тавих хэрэгтэй болбол чи тийм байж чадах байсан гэж үү.

Тэгсэн бол чи намайг сэжиглэж бидний дунд үл итгэхийн сүүдэр хүүшлэх байсан шүү дээ. Би үүнийг л хүсээгүй юм. Дараа нь би чамайг ойлгосон л доо. Чи өөрийгөө ч бараг мэддэггүй чамтай явж байсан хүүхнүүд хөнгөн сэтгэлтэй ийм тийм гэхгүй санаа амар бас тэгээд дурлалыг зугаа цэнгэл болгоод л өнгөрдөг байсан болохоор гэнэт хэн нэгний хувь заяанд холбогдож эцэг нэр зүүнэ гэдэг чамд бол бүтэшгүй зүйл гэдгийг ойлгосон юм. Эрх дураараа танхил явж сурсан чи надад уягдчихсан юм шиг болох байсан. Тэгвэл магадгүй нэг цаг, хэдэн минут ч чи намайг үзэн ядах байсан. Би бодохдоо миний тухай бүх л амьдралынхаа турш сэтгэл зовж, түгшилгүй дурсаж яваг гэж бодсон юм. Би чамд тээр болоод яахав. Бүгдийг өөрөө үүрч өнгөрөөе гэж шийдсэн. Чамд дурладаг бүх хүүхнүүдийн дотроос үргэлж хайрлан санаж явах ганц хүүхэн чинь байхыг л хүссэн. Гэтэл чи намайг огт дурсаж санасангүй. Бүр мартчихсан байжээ. Гэвч хонгор минь би чамайг хэзээ ч буруутай гэж боддоггүй. Үгүй, буруушаагаагүй шүү? Үгсийн минь завсраар уй гашуу шүүрсэн байвал намайг өршөөгөөрэй.

Лааны сүүмгэр гэрэлд алаг үр, чи бид хоёрын хөөрхий үрийн хүүр хэвтэж байна. Бурхан тэнгэр өөд “Алуурчин” гэж гараа зангаж байлаа. Ухаан бодол минь бүр эргэчихлээ. Тоочиж байгаа зовлонгий минь уучил, уучилж үз. Ингэж гомдож гашуудаж суугаа намайг уучилна биз. Чи цаанаа өрөвчхөн зөөлөн сэтгэлтэй хэнд ч тус болох хүн шүү. Зовлонд учирсан аль ч таних Танихгүй хүн чам дээр очсон, тус болох сайхан санаатайг чинь би мэднээ. Тэр нь хойрго боловч дуртай хүн савныхаа хэмжээгээр хутган авч болох хэмжээгүй ихээ. Уучлаарай намайг, харин тэр чинь гуйлгуулж, гувшуулахыг хүлээж суудаг гэмтэй. Чи хүний туслаач гэж гуйсан, дуудсан цагт нь тус боллоо ч гэсэн хүнд тус болоход бэлэн байдаг сайндаа ч биш, харин айж ичсэндээ туслах хүн шүү дээ.

Гачигдал зовлонд унасан хүнийг чи өөр шигээ эрх танхил аз жаргал эдэлж яваа хүнээс илүү өрөвдөхгүй. Чамд би үүнийг шууд хэлэх гэсэн юм. Чиний ижил ийм хүмүүсийн хамгийн сайхан санаатайгаас нь ч гуйхад хэцүү. Би жаахан байхдаа үүдэндээ юм гуйж ирсэн гуйлгачинд чиний юм өгч байхыг хаалганы завсраар нэг харсан. Чи түүнийг гуйхаас өмнө мөнгө гаргаж өгч байлаа. Их мөнгө өгсөөн. Гэвч чи түүнийг бушуухан нүд далд оруулах гэснээс өөр юмгүй байв. Чи тэр гуйлгачны нүүр өөд харахаасаа айж байх шиг санагдсан. Тэр гуйлгачинг талархлаа хэлэх гэхэд чи нүүрээ бушуухан буруулж байсныг би одоо мартдаггүй ээ. Ингээд л би чам дээр нэг ч удаа очоогүй юм даа. Намайг очсон бол туслахыг чинь сайн мэдэж байсан. Чи намайг тайтгаруулах байсан. Чи надад мөнгө ч өгөх байсан. Бүр их мөнгө өгөх байсан.

Тэгэхдээ чи миний хүүг төрсөн үрээ гэж бодсондоо биш, харин энэ бузар булай амьтнаас яаж бушуухан салъя гэж хүссэндээ л тэгэх байсан шүү дээ. Тэр ч байтугай чи намайг хүүхдээ авахуул гэж лав гуйх байсан биз. Би чиний хэлснийг зөрчиж чадах уу? Үгүй? Яаж би чиний хэлсэн үгнээс гажих вэ? Энэ бүхэн намайг юунаас ч илүү айлгаж билээ. Аргагүй шүү дээ. Надад энэ хүүхдээс өөр харах хайрлах юм байсан биш дээ. Харин аварч чадаагүй энэ хүү минь чамтай адил сэтгэл хангалуун аз жаргалтай байж нэг ч үзээгүй нь мэдээж. Тэгэвч авъяас билэгт ухаант хүн чи миний амьдралд салшгүй, бие цогцост минь шингэсэн гэж ямагт бодож явдаг билээ.

Тэгэхлээр эцсийн эцэст би чамайг биедээ тээж явсан юм шүү дээ. Сэтгэл санаа цангасан цагтаа янаглан таалж, үнсэн тэвэрч, ундлан хооллож, ухаан санаанд минь чи амьдран боловсорч яваа юм шиг бүх бие цогцсоороо чамайг мэдрэн амьсгалдаг байлаа. Хонгор минь ээ чиний хүүхдийг тээж яваа гэж санах болгондоо яагаад тийм баяр баясгалантай болдог байсны учир энэ ээ. Би чамаас нууж явсаны учир нь энэ ээ.

Үргэлжлэл бий...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох

              
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • USD BANK

      (197.210.65.161) 2019-09-28 21:37
      • 0
      • 0

      Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Герман улсад амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Найз маань надад АНУ-ын Зээлийн Firm нэртэй түргэн банк гэж нэрлэгддэг банкны талаар хэлсний дараа тэрээр надад өргөдөл гаргаснаас хойш ажлын хоёр өдрийн дотор 1,032,904,450MNT еврогийн зээл өгсөн. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)

      Хариулах