Мэдээ уншдаг, мэдээнд итгэдэг хүмүүсийн тоо огцом буурчээ

2022 оны 06-р сар 15-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахал, ОХУ-ын хийж буй дайн, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн тухай гэх мэт чухал мэдээ мэдээллийг уншихаас зайлсхийдэг хүмүүсийн тоо нэмэгджээ. 

Ройтерсийн Сэтгүүл зүй судлалын институтээс хийсэн судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх нь тогтмол мэдээ мэдээлэл уншдаг гэж хариулсан бол 38 хувь нь мэдээ мэдээлэл уншихаас заримдаа эсвэл тогтмол зайлсхийдэг гэжээ. 2017 онд уг үзүүлэлт нь 29 хувь байсан аж. 

Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 36 орчим хувь нь тэр дундаа 35-аас доош насныхан мэдээ мэдээлэл унших нь сэтгэл санаагаар унах шалтгаан болдог гэжээ. 

Мэдээ мэдээлэлд итгэх итгэл мөн буурчээ. Дунджаар судалгаанд оролцсон иргэдийн 42 хувь нь ихэнх мэдээ мэдээлэлд итгэдэг гэж гарсан ч судалгаанд хамрагдсан улс орнуудын 50 хувьд нь энэхүү үзүүлэлт нь буурч, 7 улсад энэ үзүүлэлт өссөн байна. 

Ройтерс институтын захирал Расмус Клэйс Нильсэн, "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг улс төрийн нөлөөллийн хэрэглэгдэхүүн гэж хардаг хүмүүс олширсон, зөвхөн цөөн хувь нь л хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн ашиг сонирхлоос илүүтэй нийгмийн ашиг сонирхлыг урдаа тавьж мэдээ мэдээлэл хүргэдэг гэж итгэдэг." хэмээн онцолжээ. 

Ройтерс институтээс цахимаар явуулсан судалгаанд 46 орны 93 432 хүн оролцсон ба судалгаагаар хүүхэд залуус мэдээ мэдээллийг эх сурвалжаас нь бус  ТикТок гэх мэт платформуудаар дамжуулан авах нь нэмэгдсэн нь тогтоогджээ. 

18-24 насныхны 78 хувь нь мэдээллийг хайлтын систем, нийгмийн сүлжээ, бусад платформуудаас авдаг бол тэдгээрийн 15 хувь нь ТикТокийг мэдээ мэдээлэл хайх, ярилцах, хуваалцахад ашигладаг гэжээ. 

Хураамж төлж цахимаар мэдээ мэдээлэл уншдаг иргэдийн тоо ч мөн буурчээ.
Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.