Манла бурханы айлдсан анагаах ухаан нь хүн төрөлхтөн төдийгүй зургаан зүйл хамаг амьтны тусад айлдсан ухаан юм

2021 оны 09-р сар 26-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Манла бурханы айлдсан анагаах ухаан нь хүн төрөлхтөн төдийгүй зургаан зүйл хамаг амьтны тусад айлдсан ухаан юм.

• Лусын төрөл

Бидний амьдарч буй замбуулин дэлхий дээр хүн төрөлхтөн төдийгүй олон төрөлт амьтад харилцан бие биедээ шүтэлцэн зэрэгцэн оршиж байдаг.

Үүний нэг томоохон төрөл нь Лусын төрөлхтөн юм. Лусын төрөлхтөн хаан, түшмэл, харц, боол гэх мэт олон язгуур угсаатай бөгөөд тэр бүү хэл Бурхан багшийн дээдийн номын жүд дамжлага ч дэлгэрсэн байдаг. Энэ талаар нэгэн түүхийг дурьдвал: “...Нэгэн удаа Нагаржунай гэгээнтэн гурван аймаг савын ном айлдаж байхад хоёр лус ирж ном сонсож байжээ. Тэднийг байх үед зандангийн сайхан үнэр үнэртэн түгэхийг анзаарсан Нагаржунай гэгээнтэн тэднээс хэн болохыг асуухад, тэд өөрсдийгөө Таксаза хэмээх лусын хүүхдүүд хэмээгээд, хүний эвгүй үнэрээс болоод өөрсдийнхөө биед зандангийн тос түрхсэн хэмээжээ.

Нагаржунай гэгээнтэн тэднээс Дарь эх бүтээх болон сүм босгоход эрдэнэсээр туслахыг хүсэхэд, хариуд нь тэд Лусын оронд очиж дээдийн ном зарлиглахыг айлтгажээ. Тийнхүү айлтгалын хариуд Нагаржунай гэгээнтэн Лусын оронд заларч дээдийн номыг зарлигласан байна. Тэрээр Лусын оронд хадгалагдаж байсан 100.0 мянган мөрт Билэг билгийн барамид судрыг Энэтхэг залан авчирсан байна.”хэмээжээ.

• Хүнд тусдаг лусын өвчин

Уламжлалт анагаах ухааны өвчний ангилалд Лусын өвчин (Уяман өвчин, Лусын адын өвчин) хэмээх нэг хэсэг бүлэг өвчнийг авч үзсэн байдаг. Энэ нь хүний биеийн шар усыг бүхэлд хямрааж ихэвчлэн арьсны олон төрлийн өвчнийг үүсгэх төдийгүй таван цул, зургаан сав зэрэг дотор эрхтнийг ч гэмтээдэг. Ерөнхийдөө биеийн дотор, гадна эрхтэнд хаван, усархаг, яр шарх үүсгэдэг, лусын адын гаралтай учир эдгэхдээ машид бэрх өвчин. Ихэвчлэн бөөр, давсаг, өндгөвч, умай, түрүү булчирхай зэрэг хий, усан махбод зонхилсон эрхтнийг өвчлүүлдэг.

Энэ өвчнийг үүсгэх үндсэн шалтгаан нь байгал бохирдуулсан, зүй бус харьцсан, гол горхи далай булаг шандыг бохирдуулсан, загас жараахай, мэлхий, аалз, өт хорхой зэргийг алж устгасан, уул усыг ухаж сэндийчсэн, олон амьтан алж устгасан зэрэг Лус, Савдагт учруулсан буруутай үйлийн үрд Лусын адад хорлогдсоноос үүсдэг хэмээн үздэг.

•Лусад тусдаг элдэв олон өвчин, эмчилгээ

Лусын төрөлхтөнд хамаарах олон зүйлийн амьтад элдэв олон шалтгаан, нөхцөлийн улмаас олон төрлийн өвчнөөр өвдөж зовж байдаг. Тэдний өвчний зовлонгийн талаар олон судар номонд үзүүлсэн байдаг бөгөөд түүнд тохирох эмчилгээ, эмийн жорыг ч үзүүлсэн байдаг. Манла бурханы айлдсан уламжлалт анагаах ухаан нь хүн, төдийгүй зургаан зүйл хамаг амьтны тусад зориулагдсан анагаах ухаан юм. Тиймээс Манба Дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, хамба лам Д.Нацагдорж бээр олон жил судлаж, лусын өвчин бүгдэд тустай хамгийн чухал жорыг олж, түүний орц найрлагыг бүрэн ёсоор нь бүрдүүлж, бясалгал бүтээлийг нь хийж, дээдийн номын адис тидийг оршоож гаргасан билээ.

Та энэхүү Лусын эмийг Лусад өргөснөөр лусын төрөлхтөнд ихэд туслах төдийгүй, өөрсдөө Лус, Савдагт хорлолтой үйлийн улмаас Лусын гаралтай элдэв өвчнөөр шаналж байгаа бол түүнээсээ хагацахад ч дэм болно.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.