“Богд хаан-150: Түүх, соёл, өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

2019 оны 10-р сар 11-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай Ерөнхийлөгч Х.Баттулга 09 тоот зарлиг буулгасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гарч, ой тэмдэглэх ажлын хэсгийг БСШУС-ын сайдаар ахлуулан байгуулсан юм. Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Богд хааны түүх, намтар, улс төр, шашны үйл ажиллагааг судлах, сурталчлах үүднээс Архивын Ерөнхий газар, Үндэсний музей, Үндэсний ном сан, Гандантэгчэнлин хийд зэрэг газруудаас үзэсгэлэн гаргах, ном, баримт бичгийн эмхтгэл хэвлэн нийтлүүлэх зэрэг ажлуудыг хийж ирсэн.

Харин энэ удаа Ерөнхийлөгчийн зарлигт заасны дагуу энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, ШУА, Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулна. 

Тус хурлаар  "ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, соёл, шашин, урлаг, уран зохиол", "Богд хааны амьдрал, улс төр, шашны үйл ажиллагаа", "Богд хаан ба Монгол Улсын төрийн зүтгэлтнүүд", "Богд хаант Монгол Улсын Засгийн газар, түүний үйл ажиллагаа, дотоод, гадаад бодлого, Батлан хамгаалах бодлогын хэрэгжилт", "Богд хааны талаарх архивын эх сурвалж" зэрэг асуудлын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. 

“БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ”  олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, Япон, Герман, Унгар, Польш, БНХАУ, Монгол зэрэг орнуудын нийт 33 нэрт монгол судлаач, эрдэмтэн, профессорууд илтгэл тавих юм. Тухайлбал, Япон Улсын нэрт монголч эрдэмтэн Наками Татсуо, Тачибана Макото, Герман улсын нэрт монголч эрдэмтэн Удо Баркманн, ОХУ-ын нэрт монголч эрдэмтэн Кузьмин С.Л., ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн профессор, нэрт монголч эрдэмтэн Кузьмин Ю.В., эрдэмтэн Крайнова Л.Н., Унгар улсын эрдэмтэн Кристина Телеки, Польш улсын эрдэмтэн Каролина Зигмановска зэрэг 10 гаруй гадаадын нэртэй эрдэмтэд оролцоно. 

Мөн Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон Улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль, СУИС, Гандантэгчэнлин хийд, Богд хааны ордон музей зэрэг манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгуулагуудын эрдэмтэд, багш, лам нар илтгэлээ тавих юм байна. 

Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд, Ой зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц нар үг хэлнэ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.