Дунай мөрний эрэг дээрх энэ газар нутгийг Атилла хааны нутаг гэж нэрлэдэг байжээ

2020 оны 11-р сар 21-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

1873 оны 11 сарын 17-ны өдөр тэр үеийн нэрээр Пешт, Буда, Обуда гэсэн 3 хотыг нэгтгэн шинэ хотыг Будапешт хэмээн нэрлэх шийдвэр гаргаж байжээ. Европын зүрх, Дунайн хатанхаан, Дунайн сувд, эрх чөлөөний нийслэл, халуун рашааны нийслэл гэх мэтээр нэрлэгддэг Европын хамгийн үзэсгэлэнт хотын тоонд зүй ёсоор ордог Будапешт ийнхүү энэ нэрийг албан ёсоор зүүгээд 137 жил өнгөрч байна.

Манай эриний өмнөх үеэс өнөөдрийн Будапешт хотын орчим хүмүүс амьдарч хот улсаа байгуулж байсан ба Ромын эзэнт гүрний зүүн хилийн хот болох Акуинкум (Aquincum) гэж нэрлэгдсэн 20000 хүнтэй хот байсны үлдэгдэл цайз, байшингийн туурийг одоо ч Будапешт хотын 3-р хороололд харж болно. Ийнхүү мөнгөн Дунайн эрэг дээр эртний Ромчуудын дараа бидний өвөг дээдэс хүннүчүүд болон аварчууд (жужан, нирун) өөрийн хаант улсын байгуулж байсан тухай тэмдэглэлүүд бидэнд үлджээ.

Энэ тэмдэглэл ёсоор Дунай мөрний эрэг дээрх энэ газар нутгийг Атилла хааны нутаг гэж нэрлэдэг байжээ. 900-аад оны үед Алтайн нурууны орчмоос нүүдэллэн ирсэн Унгарчууд энэ газар буюу одоогийн Обуда орчимд хот улсаа үүсгэн байгуулж байсан ч эдгээр хот газруудыг 1241-1242 онд Монголчуудын довтолгооны үеэр устган нураасан бололтой.

Монголчуудын довтолгооны дараа 1248 онд 4-р Бела хаан чулуун цайз барих зарлиг гаргаж (монголчууд модоор барьсан цайз хамгаалалтыг ядах юмгүй устган нурааж чадаж байсан учраас) Будагийн хааны ордны суурийг тавьсан нь одоо Будагийн уулан дээр хааны ордон болон дүнхийж байна. Монголчуудын довтолгооны дараа дотоодын хагаралдаан, хаан ширээний төлөөх тэмцэл, туркын байлдан дагуулал, улс орны хуваагдал зэрэг түүхэн цаг үед Дунай мөрний баруун эрэгт ууланд байрлах Хааны ордныг тойрон, хаад ноёд баячууд амьдардаг Буда хот, Дунай мөрний зүүн эрэгт тэгшхэн сайхан тал дээр худалдаачид, гадаадынхан голчлон байрлах Пешт хот, олон зуун жил хүн амьдарсаар ирсэн Обуда (о гэдэг нь унгар хэлээр эртний хуучны гэсэн утгатай) хэмээх 3 хот хаяа дэрлэн оршин тогтнож байлаа.

1848 онд баригдаж эхлэн 4 жилийн дараа ашиглалтанд орсон Гинжит гүүр (Lánchíd, chain bridge) Дунай мөрөн дээрх анхны чулуун гүүрний хувьд маш чухал үүрэг гүйцэтгэх болсноор 3 хот нэгдэх тухай төсөөлөл бодит зүйл брлон хувирчээ. Нэрний тухайд дундад зууны эх сурвалжууд Пешт-Буда гэж тэмдэглэдэг байсан ч Унгарын алдарт сэтгэгч Сечени гүнгийн бүтээлдээ дурдсан Будапешт нэрийг бараг ямар ч маргаангүйгээр сонгосон гэдэг.

Буда гэдэг нь Атилла хаанй дүүгийн нэр гэдэг бол Пешт гэдэг нь зуух пийшэн гэсэн утгатай гэсэн таамаглалууд байдаг.

1873 онд 3 хотын захиргаа зэрэг хуралдаж Будапешт хотыг байгуулсан түүхтэй.

Өнөөдөр Будапешт хот 1,7 сая хүн амтай, 525 км2 нутаг дэвсгэртэй, Унгар улсын нийслэл, Унгар улсын улс төр, соёл, худалдаа аж үйлдвэрийн төв, бүх төрлийн тээврийн хөдөлгөөний төв болон хөгжиж байна.

Зэнээмядарийн Батбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.