Ч.Галсан - Тэнгэрийн охин

2021 оны 02-р сар 23-нд 18:34 цагт
Мэдээний зураг,

Тэр охин сүүн тасгийн олон айлын дунд нэг л өдөр торойтол зогсож байжээ. Чухам хэн түрүүлж харсныг, тэгээд яасныг мэдэхгүй, харин биднийг уралдсаар хүрч очиход нэгэнт охин амьтны хүрээлэн дотор, торонд орсон туулай шиг бүлтэгнэн байж билээ.

Хуучивтар сармай дээл, нарийхан суран бүс хоёроос өөр хувцас хунаргүй, ар шилэн дээрээ мушгин зангидсан хүрэвтэр үс нь багсайн задарч дал мөрийг нь бүрхсэн, гэтэл нүүр царай, гар хөл нь биднийх шиг шалбарч шархалж, холцруутаж сайртаагүй, зунжингаа түүхий сүүний зөөхий дотор байлгаж байгаад сая гаргаж ирсэн юм шиг булбарай, тунгалаг хийгээд товгор духтай, шөвгөрдүү нүүрэнд гүн шигдсэн дүрлэгэр алаг нүд, зурайсан тод хөмсөг, хянгандуу хамар сэлт нь нэг л сүрдмээр. Хэл мэддэг бололтой, харин дуугарч ярих нь үгүй, асуусанд толгой дохих эсвэл сэгсрэх төдий л хариу өгнө.

Тэр бол бидний мэдэж авсан ганц зүйл гэвэл нэр нь – Хасаа гэнэ. Түүгээр хүмүүст өөрийнхөө тухай өгөх мэдүүлэг нь ерөөс шувтарсныг тэгэхэд хэн ч мэдээгүй. Томчуулын хэлэлцэхийг сонсвол, эсэргүүний жилүүдэд уул хадаар дайжиж нуугдсан амьтны үр төл байх, цаадах нь тэгээд нэг бол үхэж, үгүй бол олон дотор хүний ёсоор аж төрөг гэхдээ үүнийгээ ятгаж явуулсан байх гэнэ.

Хасааг гэртээ байлгаж, биедээ дасгах, бүр өргөж авах гэсэн хүн нэг бус. Манай аав, ээж хүртэл ганц охиндоо ижил хийх юм болж, орон гэртээ хонуулж дураар нь байлгах гэж үзэв. Даанч бүтсэнгүй. Өнөөх л хүний өөдөөс ам ангайдаггүй хэвээр. Дээр нь бас мал хард ур дүйгүй, ажил үйлсэд санаачилгагүй нь гайхмаар. Хүн л дуудаж оруулахгүй бол ямар нэгэн зүйл эрж, хэн нэгнийг хүлээх мэт хэдэн цагаар гадаа зогсчихно. Тэгээд хаа нэгтээ хүний дуу гарах төдийд давхийтэл цочин эргэж харах нь гэм хийсэн мэт, орох байх газраа олж ядсан шинжтэй. Нэгэнт идээшилж дасахгүй амьтныг яая гэхэв, хүчилж барьсангүй.

Тийнхүү айлаас айл дамжин явсаар сүүл тийшээгээ үр хүүхэдгүй нэгэн айлд овоо тогтох аястай болж ирэхэд цаад эр, эм хоёр ч охинтой болов хэмээн хөөрч баярлажээ. Харин намар нь бүрэн хувцаслаад сургуульд хүргэж өгснийг хөндлөнгийн нэгэн, дээлтэй ч гэсэн тэнгэрээс заяасан үрийг өөрөөсөө холдуулж алдав гэж өөлж байхад өөр нэгэн, өөрсдийнхөө өнөөдрийг биш, өнчин амьтны хэтийг бодож сургууль соёлын мөр хөөлгөх нь зөв байлгүй яахав гэж магтаж байв. Сургуульд очоод бүртгүүлэх үед нээрээ нэг юм хэлэхчээн болсон боловч овог оноохоор эцэг буюу эхийнх нь нэрийг хичнээн ч шалгаагаад хэлүүлж чадсангүй гэнэ. Тэгэхлээр нь <<Нэгэнт л өргөж авч байгаа юм чинь надаар овоглож болох байлгүй>> гэж орон гэртээ байлгаж хувцас хунарыг нь бэлтгээд Алтайн алаг шилийн зуслангаас нааш сундалж авчирсан эр хэлжээ. Гэтэл өнөөх чинь илт урвайж, бүр дургүйцэх аястай байна гэнэ. Үүнийг хараад охинтой болов хэмээн хөөрч байсан сайхан сэтгэлт эр төдийгүй, тэнд байсан бүх хүн гомдож <<Хүний хүн хүрэн бөөртэй гэдэг л энэ дээ>> хэмээцгээжээ.

Энэ үед нэг шартай багш <<Овгоо мэдэхгүй, гэтэл бас өргөж авсан эцгээрээ овоглуулах дургүй яачихсан амьтан бэ! Аль эсвэл чи хүнээс төрөөгүй, тэнгэрээс унасан юм уу?!>> гэж ирээд загнаж гартал нэгэн алиа эр <<Нээрээ, чи лав тэнгэрээс л унаад ирсэн болж таарлаа, тийм үү?>> гэсэнд өнөөх чинь үл мэдэг мушилзаж толгой дохих аядав гэнэ шүү. Үүнийг хараад шартай эр улам догширч байхад алиа эр улам задгайрч <<За, яадаг юм, бүгдээрээ л мэдэж байгаагаас хойш. Эзэн нь өөрөө хүсээд байгаагаас хойш тэнгэр эцгээр нь овоглоод л бүртгэж орхиё>> гэснээр үнэхээр л <<Тэнгэрийн Хасаа>> гээд биччихжээ. Тэр цаг мөчөөс хойш бүрэг дуугай мөртөл цаанаа л цэмцгэр өнчин амьтныг өхөөрдсөн, гоочилсон бүхэн <<Тэнгэрийн охин>> гэдэг болж, мөнөөх нэр яваандаа жинхэнэ нэрийг нь орлохдоо хүрэх нь тэр.

Охин эрдэм номдоо ч базаалттай сурсангүй. Өнөөх л наанаа ур дүйгүй, хайнга юм шиг мөртөл цаанаа алсыг ширтэн гэгэлзэж, нэгийг хүлээн цөхрөх мэт байдал нь бахь л янзаараа. Харин харсаар байтал суга өсч, дээр нь бас бүхнийг сангаас эдэлдгийн хувьд хэзээд бүрэн, шинэ хувцас хунар өмсдөг болоод ч тэр үү, угийн цэмцгэр дээрээ улам ч сүр нэмж анги, сургуулийн сор нь гэмээр сондгой сайхан амьтан болоод байлаа. Зуны амралтаар эхэндээ өнчдийн зусланд явдаг байснаа сүүлдээ ухаан орсных уу, өнөө өргөж авна хэмээн хөл хөөрцөг болж байсан хоёр дээрээ очдог болжээ. Нэг зун тэднийдээ тийнхүү очоод байж байснаа гэнэт алга болж, хойхно сонсвол хадамд гарчээ. Тэр нь тэгээд хэн байв? Гэвэл нэгдлээс хойш юмжсан шинэ цагийн тэргүүн баяны ганц хүү, юм юмыг чаддаг, бараг л ид шидтэй гэмээр овсгоотой залуу. Эхэндээ өнчин охины амны хишигтэйг, хойхно баяны бэрийн ажил үйлс муутайг гайхсан үг яриа чих дэлсэнэ. Бас хойно дуулбал, алга болсон гэнэ. Ердөө л гэв гэнэт гарч ирсэн шигээ гэв гэнэт алга болжээ. Баг сумын захиргаанд хэл ирж, тэндээс хүмүүс эрэлд мордоод олсонгүй. Харин баахан таамаг, цуу яриа л үлдэв. Баяны хүүг нэг нь хүн амины хэрэгт хардаж ярихад нөгөө нь Алтайн хэдэн тарваганы цус, нэгдлийн хэдэн тэмээний хөлсөөр хөлжсөн панзчин хэмээн эс тоомсорлож, түүний дэргэд тийм сайхан бүсгүй яаж тогтохов, хаяад арилаа биз гэнэ.

Тийм үг яриа хэдий болтол үргэлжилснийг бүү мэд. Даанч удалгүй өөрөө би нутгаасаа гарч явлаа. Бага насаа дурсаж санахдаа миний баримжаа авдаг зүйлсийн нэг нь Тэнгэрийн охины тухай дурсамж байлаа. Тэнгэрийн охиныг ирэх жил манайх Хар нуурын хөвөөнд зуссан, хойтон нь манай малаас өвчин гарч бид харантийнд орж ганц гэрээр Хар ууландаа үлдсэн. Тэнгэрийн охиныг явсан намар манайх их нагацынхтай айл байсан, аав, нагац хоёр эрэлд явсан, өвөл нь манай хотонд галзуу чоно орсон...

Олон жилийн дараа би нутгаараа очоод урт хуучийн завсар зайгаар Тэнгэрийн охиноос ахиад сураг дуулдсан эсэхийг асуугаадахсан чинь мэдэх хүн алга. Тэхлээр нь дургүй хүрч <<Энэ нутагт тийм нэгэн байсныг мартсан, эсвэл бүр дуулаа ч үгүй юм биш биз дээ>> гэж хэлэхдээ үнэн байдал миний амнаас эгдүүцэхийн эрхэнд алдууран тэр үгэнд тийм айхтар тохирохын чинээ даанч санасангүй. Ахмадууд мартчихсанаа, залуус дуулаагүйгээ бушуухан хэлж авч, хүн болгон насаараа түрээ барих ажээ. Эхлээд гомдов. Сүүлд эргэлзэв. Тэнгэрийн охин гэж ерөөс байгаагүй, би зүүдэлсэн юм биш байгаа!

Эцэст нь өнөө авааль нөхөр нь байсан гэх хүнтэй уулзаж учрыг нь тодруулахаар шийдэв.

Зах зайдуу нутагладаг айл ажээ. Цэл залуу хүүхэн гарч ирж нохой хорьсон нь зэгзийж шөвийгөөд сэтгэлд явсан дүр зурагтай төстэй ч юм шиг. Охин үлдээсэн, тэр нь өсч өндийгөөд байгаа нь энэ юм болов уу гэж эхэндээ бодлоо. Сүүлд мэдвэл харин тэр айлын эзэгтэй, хэдэн жилийн өмнө тууварт явахдаа дөрвөд нутгаас дагуулж ирсэн эхнэр нь юмсанжээ.

Гэрийн эзэн өвөлжөөгөө янзалж байгаа, маргаашнаас ирэх болов уу гэнэ. Архи сөгнөж, цай, хоол хийх бүсгүй бас төвгөр дух, хүнхэр нүдтэйг олж харахдаа зүрх амаар гарчих шахав. Тэгээд мал хар, мөнгө төгрөг ярьсан байдлаасаа яах аргагүй газрын амьтан болох нь илт, бас намайг хонуулах ч дуртай юм шиг. Хотын сонин сонсох гэнэ. Хүний газар уулын мухарт уйддаг ч биз ээ.

<<Тэнгэрийн охин гэж дуулсан уу>> гэлээ.

Дуулаагүй ажээ. Өвөлжөө хүрэх замыг заалгаж аваад мордлоо. Нар хариугүй жаргах дөхөж, би ихэд согтож, чамайг заавал олно, тэгээд тэнгэрийн охин гэж бас дуулаагүй гэвэл, гэрээс чинь архи уусан, яадаг юм гэж байгаад агсам тавина даа гэж бодож байлаа. Яаж ирснээ, юу хийснээ мэдэхгүй, нэг сэхээ орвол, одод ярайсан шөнийн тэнгэр дор бууц ханхалсан хадны өвөрт хэн нэгэнтэй ноцолдож тэрбээр <<Тийм ээ, тийм, тийм... Тэнгэрийн охин... тэнгэрийн, миний зүүд байсан юм..., бас чиний зүүд байжээ...>> гэж тангараглах, шивших мэт орилж, гасалж байлаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • a

      (64.119.18.65) 2021-02-23 21:55
      • 0
      • 0

      Юу ч ойлгосонгүй. Ийм утгагүй юм бичиж яадаг байнаа.Ядаж зөв бичиж сураач.Боловсролоо дээшлүүлэхэд анхаарвал зохино.

      Хариулах