Хавар цаг дор үхэрчин хүүг дурсахуй... /Өгүүллэг/

2023 оны 03-р сар 27-нд 16:01 цагт
Мэдээний зураг,

Өмнөд нутгийн битүү манантай, ялимгүй уйтгартай өдрийг эргэн сануулах мэт

Хавар цаг дор үхэрчин хүүг дурсахуй...

Нав нарийхан ширхэгтэй саарал бороо тасралтгүй шиврэн орсоор, хэрвээ яг дунд нь зогсож байгаагүйсэн бол хэсэг манан дээрээс хөмөрчихвүү гэмээр санагдана. Голын эрэг даган ургасан хөгшин улиаснууд хаврын салхинд бүх навчсаа гөвчихөөд яг давалгаа мэт тэртээх манан дунд сүүмэлзэн найгана.

Яг энэ цагаар чи хаврын гоо үзэсгэлэнг санагалзан хөдөөг зорьсон. Хөдөөгийн шавар шалбааг болсон замаар алхахад гутлын өсгий шаварт шигдэн, урагшлахад улам бэрхтэй болж, чиний уурлаж бухимдах улам ихсэж буй нь харагдана. Гэнэт хулсан лимбэний эгшиг нэгэнтээ ойртон, нэгэнтээ холдож, хаа нэгтээгээс дуурьсах нь сонсогдов.

Чи саяхан уурлаж байснаа мартан, хамаг анхаарлаа төвлөрүүлэн, амьсгаагаа түгжин чагнаж байна. Энэ үед эргийн ойгоос том хар одос үхэр унаж, хулсан малгай духдуулан, борооны цув нөмөрсөн жаал хүү хулсан лимбэ үлээсээр гарч ирэхийг харлаа. Үхэрчин хүү улам ойртоход түүний нүүрэн дээр бөнжигнөх бороон дуслуудыг ч харж болох ажээ. Энэ үед тархинд “Хөндөлсөж суусан үхэрчин хүүгийн лимбэнээс Хөнгөхөн дуурьсах аялгуу орчныг сандаана” гэсэн шүлгийн мөр буулаа. Хаврын өдрийн энэ хээрийн аялгуу, зөөлөн бороон дундах үхэрчний зураглал чиний бүхий л дурсамжийг сэдрээж, өөрийн эрхгүй сэтгэл уужран алмайрахад хүргэсэн ба түүнийг манант ойгоос тариалангийн талбайн гүнд хүртэл барааг нь тасартал араас нь ширтэн зогссоор хоцорсон.

Жил бүрийн хавар надад 30 жилийн өмнө үхэр хариулж байсан яг ийм дурсамж минь байнга бодогддогсон. Би жижиг тосгонд амьдардаг байлаа. Харин ангийн найз минь байнга гэрийнхээ үхрийг хариулна. Завтай үедээ үйлдвэрлэлийн бригадад үхэр хариулж өгнө. Мөн яг энэ өдөр шиг бороо шаагисан ням гариг би тэр найзтайгаа хамт үхэр хариулахаар боллоо. Тосгоны ойролцоох тал дээр найз минь өнөөх одос үхрээ хөтлөөд өвс идүүлнэ. Үхэр ч дуулгавартай нь аргагүй урт хэлээрээ өвс ороон үмхлэнгээ мойл шиг хар нүдээрээ дасал болсон нутгаа ширтэн зогсох аж. Би найзтайгаа шинхэг өвс түүж зогсоход үхэр маань хажууд дуулгавартай зогссоор л байна. Харих замдаа угаасаа зүрх зориг муутай би найзаараа түшүүлэн анх удаа үхэр унаж, их л баяртай холын бараа ширтсэнсэн. Хаврын бороо хацрыг норгож, хөрс, шинэхэн ногооны үнэрт би хаврын амт үнэрийг ханатлаа мэдэрсэн. “Хаврын салхинд шиврээ бороо хуйсарч” би хавар гэдэг улирлын аясаар мансуурч явлаа.

Нийгэм хөгжиж байна. Харин одоо үхэрчин хүүгийн төрх биднээс улам алсарчээ. 4 сарын тал нутагт бид дахин ийм зураглалыг олж харахгүй, бидний чихэнд хэзээ ч сонсголонтой лимбийн эгшиг дуурьсахгүй, хаврын бороон дунд норж хүндэрсэн дээлээ дааж ядан алхах надад хэн ч Гүйлст тосгоны архины мухлагийг зааж өгөхгүй. Байгаль дэлхий өөрчлөгдөн, юмс үзэгдэл улиран одоход хавар цаг доорхи үхэрчин хүүг санаж буй нь бид амьдралынхаа хамгийн сайхан мөчийг санаж буйтай адил биш гэж үү. Үнэндээ бидний амьдралын “өдөр бүхэн” байнга дурсан санах, хайрлан бишрэх ёстой байгалийн “гоо үзэмж” байх ёстой биш гэжүү.

Хүний амьдралд аль өдөр нь хавар биш,аль өдөр нь хавар байх ёстой юм бэ. Салхи бороо хосолсон 4 дүгээр сарын энэ өдрүүдэд бид сэтгэл зүрхээрээ эх газар түмэн бодисын сэргэн төлжихийг мэдэрч байна. Маргаашийн итгэл, хүсэл мөрөөдлөөрөө бидний сэтгэлийн гүн дэх бас нэгэн “огт өөр” хаврыг угтах ёстой гэдгийг л мэдэрч байна.

Сайхан бүхэн биднээс алсрахын цагт....

Орчуулсан: М.Мөнхжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.