Эгч дүү Алёнушка, Иванушка хоёр /Орос ардын үлгэр/

2017 оны 11-р сар 13-нд 19:40 цагт
Мэдээний зураг,

Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр байжээ. Тэднийх Алёнушка гэдэг охинтой, Иванушка гэдэг хүүтэй юмсанжээ. Эмгэн өвгөн хоёр нас барж эгч дүү хоёр хоёулахнаа үлджээ. Алёнушка ажил хийхээр болж дүүгээ аваад явжээ. Тэгээд хоёулаа өргөн талаар алсыг зорин явж байтал Иванушка ам цангаад байна гэв. Худаг хүртэл тэвч дээ, дүү минь гэж эгч нь хэлээд тэр хоёр цааш яваад л байж, яваад л байж. Улаан нар төөнөхийг хэлэх үу, устай худгийн холыг хэлэх үү! 

Эгчээ, би энэ үхрийн туурайнд тогтсон уснаас ууя гэж гэнэ.

Болохгүй, дүү минь болохгүй, тугал болчихно. Дүү нь үгэнд нь орж цаашаа явжээ. Улаан нар төөнөхийг хэлэх үү, устай худгийн холыг хэлэх үү!

Эгчээ, би энэ морины туурайнд тогтсон уснаас ууя гэж Иванушка дахиад л гуйжээ.

Болохгүй, дүү минь болохгүй, унага болчихно. Тэгээд хоёулаа цаашаа яваад л байж. Улаан нар төөнөхийг хэлэх үү, устай худгийн холыг хэлэх үү!

Эгчээ, энэ ямааны туурайнд тогтсон уснаас ууя, ам цангаад үхэх нь гэж Иванушка дахиад гуйжээ.

- Болохгүй, дүү минь болохгүй, ишиг болчихно. Иванушка эгчийнхээ үгэнд орсонгүй, ямааны туурайнд тогтсон уснаас уучихжээ. Тэгээд тэр дорхноо ишиг болоод хувирчихаж... Алёнушка дүүгээ дуудаад л байж гэтэл дүүгийнх нь оронд нэг цагаан ишиг гүйгээд иржээ. 

Алёнушка нэгэн жижиг бухлын дэргэд суугаад уйлав гэнэ. Хажууд нь цагаан ишиг тонгочин тоглоно. Тэр үед дэргэдүүр нь нэг худалдаачин явж байгаад,

- Үзэсгэлэнт охин минь, юундаа уйлаа вэ? гэхэд Алёнушка юу болсноо цөмийг ярьжээ. Xудалдаачин,

Миний эхнэр болохгүй юу? Би чамд хамаг бүхнээ зориулна. Ишиг ч бидэнтэй үргэлж хамт байг гэжээ. Алёнушка бодож бодож худалдаачны эхнэр болжээ. Тэгээд гурвуулаа амар сайхан амьдарч ишиг нь ч Алёнушкатай нэг аяганаас хоол унд ууж идэн аз жаргалтай сууцгаажээ. Нэг удаа худалдаачныг эзгүй байхад хаанаас ч юм нэг эмгэн хүрч ирээд Алёнушкаг усанд оръё гэж их л эелдэгхэн дуудаж гэнэ. Гэтэл энэ нь шулмас эмгэн байжээ.

Шулмас эмгэн Алёнушкаг гол дээр авчраад гэнэт дайран барьж хүлээд хүзүүнд нь хүнд чулуу зүүгээд ус руу түлхчихжээ. Тэгээд өөрөө Алёнушка болж хувираад хувцас хунарыг нь өмсөөд гэрт нь ирээд сууж байжээ. Энэ тухай хэн ч мэдсэнгүй, эмгэн шулмасыг хэн ч таньсангүй, тэр ч байтугай худалдаачин эргэж ирээд ч таньсангүй. Зөвхөн ишиг л бүгдийг мэдэж байжээ. Цагаан ишиг толгойгоо унжуулан юм ууж идэх ч үгүй, өглөө оройдоо голын эргээр гүйн,

Эгч минь, эгч минь! Эрэг рүү сэлээд гараад ирээч дээ!.. гэнэ. Үүнийг нь шулмас эмгэн мэдчихээд худалдаачнаас энэ ишгийг алаад өгөөч гэж гуйжээ... 

Ишгэнд дасаж хайртай болсон худалдаачин ишгийг алж чадахгүй өрөвдөөд байжээ. Гэтэл эхнэр нь алаач алаач гэж гуйгаад байх юм гэнэ. Худалдаачны арга нь барагджээ. Шулмас эмгэн их гал түлж, ширмэн тогоо тавиад, хурц хутга ирлэ! гэж тушаав гэнэ. Ишиг хуурай аав нь болсон худалдаачинд,  

- Үхэхийнхээ өмнө гол руу очиж балга ус ууж гэдсээ зайлъя гэж гуйжээ. Худалдаачин тэг тэг гэжээ. Ишиг ч гол руу гүйн ирж гомдолтой дуугаар,

Эгч минь, эгч минь! Эрэг рүү сэлээд гараад ирээч! Ширүүн гал асаж Ширмэн тогоо халж байна. Болд хутгаа ирлээд Бор гэдсийг минь хагалах гэж байна! Алёнушка хариуд нь,

Хөөрхий бяцхан дүү минь дээ! Хүзүүн дэх чулуу ёроол руу чангаана. Хөвөрсөн өвс ногоо хөл гарыг орооно. Хүрэн шар элс   цээжийг дарна! гэж гэнэ.

Шулмас эмгэн ишгийг алуулах гэж эрж эрж нэгэн зарцаа гол руу явуулжээ. Зарц гол дээр иртэл ишиг голын эргээр гүйж гомдолтой дуугаар эгчийгээ дуудаж байна гэнэ.

Эгч минь, эгч минь! Эрэг рүү сэлээд гараад ирээч! Ширүүн гал асаж Ширмэн тогоо халж байна. Болд хутгаа ирлээд Бор гэдсийг минь хагалах гэж байна! Голоос эгч нь түүнд,

- Хөөрхий бяцхан дүү минь дээ! Хүзүүн дэх чулуу ёроол руу чангаана. Хөвөрсөн өвс ногоо хөл гарыг орооно. Хүрэн шар элс цээжийг дарна! гэж хариулж байх юм гэнэ. Зарц эргэж гүйн худалдаачинд сонссон харсан бүхнээ хэлжээ. Худалдаачин олон ард цуглуулан том урт торгон тор гол руу хаяж Алёнушкаг гаргаж авав. Алёнушкагийн хүзүүн дэх чулууг авч хаяад, булгийн усанд оруулаад шинэ хувцас өмсүүлэхэд урьдынхаасаа улам сайхан болон амь орон босож иржээ.

Цагаан ишиг баярлахдаа гурав тонгортол эргээд Иванушка болон хувирав. Ингэж эгч дүү хоёр эсэн мэнд эргэж уулзжээ. Харин хорон санаат шулмас эмгэнийг хурдан морины сүүлнээс уян тас татуулжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.