Аав хүүгийн хамтдаа заавал амжуулах чухал ажлууд

2019 оны 07-р сар 10-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Аавтайгаа хамт өнгөрүүлсэн өдрүүдийн дурсамж хөвгүүдийн хувьд бүх насных нь сургамж, сургааль болон үлддэгийг бодон түүнтэй хамтдаа хийх ажлуудаа одооноос төлөвлөж өдөлж гүйцэхээс нь өмнө амжуулж хийгээрэй.

Хамтдаа үздэг спортын төрөл, дэмждэг баг, хүндэтгэдэг бөхтэй байх. Энэ маш чухал, ижил зорилго санаатай байснаар аав хүүг найз мэт дотно илэн далангүй байхад тусалдаг.

Хамтдаа майхантай аялалд гарах

Экстрем байх тусмаа зүгээр. "Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз" гэдэг шүү дээ. Хүүтэйгээ хамт аялалд гарч эх нутгийнхаа үүх түүх ёс заншлыг тайлбарлан таниулаарай. Ийм аялалаас танин мэдэхүйн ойлголтоос гадна хүүхэд маш их хатуужилтай болж чаддаг.

Image result for dad and son camping

Хүүтэйгээ гэр бүлийн ургийн модыг бүтээх (Ургийн бичиг хөтлөх)

Гэртээ байдаг садан төрлийнхөө зураг, бичиг баримт, хуучны дурсгалын зүйлсийг хаяж гээлгүй тэмдэглэн хадгалах аргыг хүүдээ зааж, мэдэхгүй хүний зураг хөрөг байвал өвөө эмээ болон бусдаас лавлаж тэмдэглэж аваарай. Хол, ойрын хамаатан садангууд ялангуяа хамгийн өндөр настай, ахмад хүмүүстэйгээ уулзахдаа өөрсдийнхөө мэдэхгүй байгаа зүйлсийг асууж. Цуглуулсан мэдээллээрээ ургийн мод зурж ураг удмын цусаа цэвэр үлдээх ухааныг тайлбарлаарай.

Нууц товчоог ярьж өгөх

Аавуудын ярьж өгсөн түүх домог хүүхдийн сэтгэл зүрхэнд бат бэх оршиж аливаад тэмүүлэх итгэлийг өгч байдаг нууц шидтэй. Тийм ч учраас хүүдээ та өөрөө нууц товчоог заавал ярьж уншиж өгөөрэй. Оройд нэг бүлэг, хэсэг байхад л зөв хэмнэл.

Цэрэг эрс болон баатарлаг түүхүүдтэй бүх киног үз

Эр хүн, баатарлаг залуусын гайхалтай түүхэн киног өвөө, өвөг эцгийнхээ бодит амьдралаар баяжуулан ярилцаж өнөөдрийнх нь энэ жаргал ямар их үнэ цэнээр олдсоныг заавал ярилцаарай.

Хайрлах

Охидыг, эмэгтэйг, эхнэрээ хайрлах арга ухааныг аав танаас л үлгэрлэдэг. Хүүгээ жаргал дүүрэн амьдраасай гэж бодвол эхнэрээ хайрлах арга ухаанаа өвлүүлэн үлдээгээрэй. Таны ээждээ хандаж буй хандлага, харилцаа, эхнэрээ хамгаалж хайрлаж буйг хүү тань харж төлөвшдөг.

Эрийн муу эмд гэж эмэгтэй хүний эмзэгхэн сэтгэлийг хүйтэн гараараа хөсөр хөндөж болохгүйн ухааныг өгөөрэй.

Image result for son loves mom gives flowers

Уураа барих, үгээ тэвчих

Эр хүн, аав хүн алив зүйлийг бусадтай ярилцахдаа өөрийгөө хэт магтах, хов жив хөөцөлдөх, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх, бусдын хор шар малтах, шаралхан хараах зэргийг цээрлэж нэр хугарвал нэг насаараа доройтдог үлгэрлэлийг сурган захиарай.

Хүний итгэл даадаг байх

"Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ", " Эр хүний замын хүзүү урт" гэх мэт сургаальт үгсүүдийг багаас нь хэлэлцэж холбоотой домог түүх бодит явдлыг хэлэлцэж итгэл даасан эр хүн, жаргал дүүрэн өрхийн тэргүүнийг аав та бэлтгээрэй.

Г.Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.