Их төлөөс буюу эх орон минь бүтэн байвал...

2019 оны 05-р сар 15-нд 09:13 цагт
Мэдээний зураг,

Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд бие болоод сэтгэлийн маш их өр төлөөсийг өөрсдийн хувь заяагаараа төлж байдаг. Таарч тохирохгүйдээ салж сарнисан их шаналалаа, орхиод ирсэн үр хүүхдүүдийнхээ гомдол цөхрөлийг, үлдээгээд ирсэн өөрөө үүрэх учиртай өр төлөөсөө, өөрөө үүрэх тавилангаа бүгдийг тэд өөрсдийн зовлон жаргалтайгаа хамтад үүрдэг. Өөрийг нь ирэхийг хүлээж цонхны цаанаас шөнөжингөө хүлээх үрийнхээ цөхрөлийг, эргээд ирэхийг нь хүлээж дэрээ норгон хөрвөөх амрагийнхаа шаналлыг, өдөр шөнийн уртах халиран хүлээх итгэлийг, дотно нэгний үгүйлэн санах сэтгэлийг бид мартаж чаддаггүй, гэхдээ түүний төлөө дэрэн дээрээ урсгасан их нулимсын дусалд хэн ч нордоггүй. Аадрын бараан үүлс сэтгэлд нь хуралдаж, аянгын гал цахилаан сэтгэлийнх нь гомдолд нь ниргэж, харин өөрөө гал шиг асч, зул шиг бадамлаж байхад ойлгох хүн олон гэж үү? Харь орны хөнжил нь дулаахан ч дэр нь хэзээ ч зөөлөн байдаггүй юм. 

Тэд урсах хөлснөөсөө холдож одсон хайрын нулимсын шорвог амтыг залгилж байдаг юм, хатуу ч гэлээ зөөлөн сэтгэлээ нулимсаараа дэрэн дээрээ норгон амталж байдаг юм, хүлээж шаналсан үрийнхээ сэтгэлийн гомдлыг хатуу дарстай хамтад залгилан өөрийгөө аргадаж байдаг юм. "За яахав дээ, хорвоо уужим шүү дээ" хэмээн өөртөө үгэлж, зөвтгөх шалтгаа хайж байдаг юм. "Эргээд очих нэгэн өдөр бүгдээрээ ухаарна шүү дээ" гэж өөрийгөө аргадаж байдаг юм. "Эх орон минь бүрэн бүтэн байхад бүх л зүйл болж л орхино шүү дээ" хэмээн ухаарлаа учирлалаар даруулж байдаг юм. Эхлэл төгсгөлийн монгол учиганд итгэл найдвар хамтдаа зангидагдаж байдаг юм. Ийм болохоор л монголчууд хэзээ ч найдвар итгэлээ алдаж байгаагүй юм. Харь газар хичнээн идээшивч эх орноо хэзээ ч мартаж чаддагүйн учиг нь энэ. Сүвлэх зүүний утас нь миний Монгол орны хил хязгаар, зангидах учиг нь бидний сэтгэлийн хязгаар. Энэ хоёрын сүлэлдээнд монгол хүний ухааны цараа оршиж, бас омогшил оршиж байдаг. Эх орон минь бидний сэтгэлийн зөөлөн өлгий, бас бидний авс.

Гадаадад байгаа монголчууд ямар их өр төлөөсийг сэтгэлээрээ төлж байдгийг та нар анзаарахгүй дээ. Өлгийнөөс авс хүртэлх богинохон зайд ертөнцийн түмэн үзэгдэл, буман үйлдлийг мэдрэх гэж бид тэнүүчилдэг юм. Энэ орон зайд МОНГОЛ эх орон минь ямархан үнэ цэнэтэй болохыг өөрсдөө ухаарах гэж, өрөөл бусдад учирлах гэж бид цагаачилдаг юм. Алдаа онооны дэнсээ ухаарлын учигаар зангидах гэж бид зовлон жаргалаа өөрсдөө үүрдэг юм. Энэ бол бидний өөрсдөө сонгосон тавилан. Үүний өр төлөөс нь их ухаарал. Алдаа онооныхоо дэнсийг та нарын өмнө учирлаж байдаг юм, алдаж оносон тавилангаа бид өөрсдөө үүрч гардаг юм, гэхдээ та нарт хэзээ гомдоллохгүйгээр.

Заримдаа бид өөртөө гомддог ч, эх орондоо хэзээ ч гомддогүй ээ. Тэртээд дүнсийх буурал түүхийн гэрч уулс минь сүрлэг хэвээрээ, зэрэглээн дундаа урсах их говийн минь толгод нь урсгалаараа, талд нь цахилах зээр гөрөөс нь догшин хэвээрээ, нүүдэлчин монголчуудын бэлэгдэл болсон чононууд нь хийморлиг хэвээрээ, тэнгэрийн их тамгатай монголчууд минь бардамнал онгиргон хэвээрээ, хацар гоо охидын үзэсгэлэн гоо хэвээрээ.

Харин үүний төлөө харь газар бадарчлах монголчууд, их ухаарал, монголчуудын үнэ цэний төлөө өөрсдийгөө золиослох өчүүхэн. ИХ ТӨЛӨӨС ИХ УХААРАЛ ЭНЭ ДЭЛХИЙН ОРОН ЗАЙД. Харин бид нүүдэлчин аугаа монголчууд хэвээрээ үлдэх сэн дээ. 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.