Амьдралын амтыг харин ч үр хүүхэдтэй хүмүүс илүү амтална...

2020 оны 08-р сар 18-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Манайд “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” гэж үг бий. Саяхан ТВ-ээр нэг ток шоу үзэж бсан, нэг эрдэмтэн америкийн нөлөөлөл их буй тухай шүүмжлэлийн хариуд, “Бид Их Гүрэн биш, Герман бол дунд хэрийн хүчний улс (Mittelmacht). Зарим зүйл бидний хүссэнээр болохгүй бол биднээс хэд дахин илүү их хөлс хүч гарах шаардлагатай болдог” гэж хэлж байсан.

Түүн шиг аливаа хүн өөрсдийн болон улс орныхоо бодит байдалд зөв дүгнэлт хийнэ гэдэг ямар чухал вэ. Тэгвэл бид “галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх”-ийн үлгэрээр бусдын доог тохуу бага л болно, өөрсдөө ч өөрсдөдөө тэнхрэх, өсөх дэвжих хугацаа өгч чадна. Боломжгүй байж нөхрөөсөө их юм шаарддаг эхнэр шиг ааш аяг гаргахгүй. Амьдралдаа бид суурин Европ соёл иргэншлээс багагүй зүйл тусгаж авсан нь үнэн, “цөөн хүүхэд төрүүлээд хүүхэд бүрийг өрөөтэй байлгах” ч гэдэг юмуу, сүүлийн 30-аад жил.

Хэрвээ тэгж чадахгүй бол бараг хүүхдийн эрх ярих гэдэг. Гэхдээ байртай боломжтой, дундаас дээш орлоготой гэр бүл манайд хэр их байдаг билээ, бусад улстай харьцуулахад г.м-ээр бодох хэрэгтэй л байх!... Энэ бичвэрийг бичээд энэ сэдвээрх үгээ өндөрлөе гэж бодож байна. Ихэнх орнууд олон хүүхэд төрүүлсэн эхээ хүндэтгэж дэмжихдээ хүүхэд тус бүрт өгөх сар бүрийн мөнгөн шагналаа нэмж байна. Манайх ядуугийн зовлон нүүрлээд буй тул энэ хүндэтгэлээ одонгоор баталгаажуулж байгаа. Уг нь мөнгө нь байдаг бол бусад улсын жишигт оруулах амархан л байх.

Одон аваад буй ээжүүдийн ихэнх нь ажил амьдралаа гялалзтал зохицуулаад харин ч бахархам амьдарч буй. Хүүхдээ орхих, өнчрүүлэх асуудал тэгж ярьвал ганц хоёр хүүхэдтэй ээж аавуудад тулгарч буй нь олонтаа. Тэднийг залуудаад төлөвшөөгүйн учир ингээд байна гэх юм. Нэг талаасаа үнэний ортой ч энэ нь төрийн бодлого, улсын санхүүгийн чадамжтай шууд хамааралтай. Залуусаа уншуулж боловсруулах, мэдлэг тархи оюунаар нь төлөвшүүлэх чухал болохоос, “та нар төлөвштлөө юм үз, бүү эрт хүүхэд төрүүл (юугаа үз гээд байгаа юм, олон хүнтэй ор хөнжилдөө орж үз гэх гээд байгаа юм уу), зугаал амьдралын амтыг мэдэр” гэж хэлдэг сэхээтнүүдтэй улс манайх л байх. Харин түүний оронд оюуны чадавхтай залуусаа хөгжилтэй орнуудад туршлага судлуулах оюутан хөтөлбөрүүдэд оролцуулж нүдийг нь нээх ажлыг, Израйль Герман улсууд шиг дэмжиж өгөх нь чухал.

Насны залууд эрдмийг сурч, хүүхэдтэй болж аялж зугаалж бүгдийг хамтад нь хийх хэрэгтэй шүү дээ. Би өөрийнхөө амьдралын туршлагаар хэлээд байна. Дөнгөж 21 настай оюутан бүсгүй Москвад бие давхар ээж аавдаа ч хэлж зүрхлэхгүй нуугаад гүйж л явлаа. Орос эмч “Ирээдүйгээ бод, Менделеевийн Их Сургууль амар олдох сургууль биш, хүүхдээ авахуул” гэж зөвлөв. Харин би ханиасаа асуухад тэр үед бас л хүүхдээрээ шахуу байсан эр нөхөр минь, “Тэгж болохгүй, хүүхдээ төрүүлэх хэрэгтэй бид хоёрын үр шүү дээ” гэж ятгаж байв. Одоо том охин үр минь их эмчээр амжилттай ажиллаж буй. Сая цар тахлын үед Германы ТВ-ээр багаараа гарч, Шпиегель гээд том сонин дээр хамт олноо гаргаж болох алдаанаас сэрэмжилсэн эмч гээд магтуулж хамт олон нь охиныг минь их урамшуулсан.

Мөн л ээжийнхээ амьдралыг давтаж 1-р күрстээ бие давхар болж зээ минь ч 7 хүрч, охин маань ч ХАМБУРГийн Анаагахын ИХ сургуулийг жилийн чөлөө авалгүй дүүргэсэн. Би найзууд дундаа хамгийн залуу эмээ болсон, энэ бол тийм амар олдоогүй баяр баясгалан. Их хэцүү байсан охинд минь, гэхдээ ээж минь бас жаахан дүүг минь өсгөж буй гээд надаар зээг өсгүүлээгүй... Миний хоёр найз мөн Москвад хоёр ч хүүхэд төрүүлээд хоёуланг нь өөрсдөө өсгөөд хажуугаар нь хоёулаа сургуулиа амжилттай дүүргэж байлаа... Зугаалах аялахад нас оройтох уу ер. Харин ч хүүхэд төрүүлж өсгөхөд л нас хэцүүдэх байх. 32-35 тай анхны хүүхдээ төрүүлэхэд; ижий аавынх нь цэвэрших, нас нь гудайх үе эхэлж байдаг нөгөө хүүхэд нь дөнгөж өсвөр насандаа. Тэгээд ээж аавынхаа уламжлалыг дагавал үр ачийнх нь зулайг үнэрлүүлж ер амжих нь уу.

Миний хувьд гэвэл, би 20, 30, 40 гаруй насандаа төрүүлсэн гурван хүүхдийн ээж хүн. Дандаа сайхан жаргана гэж юу байх вэ. Гэхдээ амьдралын амтыг харин ч үр хүүхэдтэй хүмүүс илүү амтална шүү... Ажил амьдрал, үр хүүхдийн карьер зэрэгцээд л явах учиртай . Охид залуустаа “насны эртэд сурах боловсрох үүний зэрэгцээ, 23-25 насандаа болвол анхныхаа хүүхдийн ижий аав болох хэрэгтэй” л гэж зөвлөнө. Ер нь дараа дараагийн үедээ үгээ хэлж үлгэрлэн хүмүүжүүлэх нь монгол хүн бүрийн үүрэг юм.

Оюун Дорждамдин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.