Гачэн ламын хийд

2018 оны 06-р сар 13-нд 11:59 цагт
Мэдээний зураг,

Энэ сүм нь өдгөөгийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд хуучны сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошуу Түйн голын эрэгт хошуу ноёны шүтэлгийн ламд зориулагдан хөхөгчин гал могой жил буюу 1903 оны үед баригдсан юм.

Хачин ламын төвдийн Банчин эрдэнээс 8-р Богд Жавзандамба хутагтын багш ламаар илгээсэн хэдий ч тодорхой учир шалтгааны улмаас Богдын багш болж чадаагүй учир Богдын хүрээнээс гарч дээрх хошуу нутагт ирж суурьшин нутгийн олон түмэнд эрдэм ухаанаараа хүндлэгдэн мэргэн Гачэн, Гачэн багш, Гачэн номон хаан хэмээн алдаршжээ.

Долоодугаар Богд гурван хачин ламтай байсан гэдэг. Хачин гэдэг бол өглөө, үдэш жавтий буюу ариун цэврийг хамгаалах ариутгал хийдэг хүнийг хэлдэг байна. Гачэн ламын сүм нь сумын төвийн баруун урд зүгт, хар модон банзан хашаатай, хашаа болон сүмийн хаалга нь баруун талдаа байгаа нь зарим сүм барилгыг Шамбалын орон уруу харуулан барьдаг нэгэн ёсны уламжлалтай холбоотой. 

Сүм хоёр давхар, урд талын хаалгаар ордог байна. Доод давхар нь өвлийн сууц бөгөөд дотроо хоёр өрөөтэй, гадна талаас нь галлаж ханзыг халаадаг, дээд давхар нь зуны сууц бөгөөд дотроо гурван өрөөтэй.

Сүмийн ханануудад дээр үлгэр, домгийн сэдэвтэй төвд зураачдын хуа-жин хэлбэрийн өнгө ялган зурсан зурагнууд голлодог.

Гачэн ламын сүмийн их дааман хаалганы дээд талд алтан соронзоор сүмбэрдэж бичсэн өргөлийн бичиг байдаг агаад түүнд "...Их амгалант гарахын орон, номын бясаглант цэцэрлэг" хэмээн бичжээ.

"Гачэн лам" Лувсандамбийнямаагийн хойд дүрээр нутгийн хүү Батдоржийн Рэнцэнсамбуу тодорч Гачэн Чогбрүл ренбучи цолоор өргөмжлөгдөн 2007 онд ширээнээ залагджээ. Одоогийн байдлаар тус хийд нь 30 гаруй лам хуврагтай, 6 ажилтантай хурал номын үйлээ хэрэгжүүлж өдөр тутмынхаа уншлага номоо уншиж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусыг үйлдэж байна. Тус хийдийн хамт олон хана хэрэм бүхий 108 суврагыг ард олны хандив тусламжаар бүтээжээ..

2013 онд Пандэчойнхорлин хийдэд Гачэн ламын 9 дүгээр дүр Гачэн Чогбрүл  Ринбочэ Б.Ренчинсамбууд Бат оршил өргөх, тус хийдийн Балданлхам бурханыг тахих үйл ажиллагаа болжээ.

Гачэн ламын өмнөх дүрүүд Энэтхэг, Төвдөд мэндээлж байсан байна. Гачэн ламын 7 дүр Лувсандамбийням Ванчинбогдын зарлигаар 1910-1925 онд Монгол оронд суурьшин, одоогийн Эрдэнэцогт сумын Пандэчойнхорлин хийдэд сууж “Монгол бол шашин дэлгэрч баймаар тавьлантай сайхан нутаг” хэмээн онцолж, энэ газар нутагт дахин төрнө гэж таалал болохынхоо өмнө хэлж байсан гэж судар бичигт тэмдэглэсэн байдаг.

Гачэн ламын 9 дүгээр дүр Ренчинсамбуу шашин дэхин дэлгэрсэн 1990 онд 12 настайдаа Пандэчойнхорлин хийдэд өвөөгөө дагаж ирэн шавилжээ. 2004 – 2006 онд бурхан шашины ёс жаяг, шалгуураар олон удаа шүүн тунгааж, Монголын бурхан шашины тэргүүн Есдүгээр богд Жамбалнамдалчойжийжанцан Дээрхийн гэгээн Далай ламд айлтгаж, зөвшөөрсний дагуу гал нохой жилийн өвлийн тэргүүн сарын 15 буюу 2006 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Гачэн ламын 9 дүгээр дүрээр тодруулсан зарлиг гаргажээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.