Уулчин Ж.Бямбасүрэн Эверестийн оргилд гарчээ...

2018 оны 05-р сар 16-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

Энэ жилийн Цагаан сарын баяраас өмнө л дэлхийн долоон тивийн долоон ноён оргилд гарахаар бэлтгэлээ базааж эхэлсэн Уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Гималайн уулсын ноён оргил, дэлхийн дээвэр болсон Эверестийн оргилд өнөөдөр Улаанбаатарын цагаар 13:45-д амжилттай гарч чаджээ.

Уулчин Ж.Бямбасүрэн Цагаан сарын өмнөхөн л “Уулчин хүн бүр хамгийн өндөрт нь авирахыг хүсдэг. Миний хувьд анх уулын алхалтаас гараагаа эхэлсэн. Ингэж явсаар ууланд авирах дур, сонирхолтой болсон юм. Анх Монголынхоо хамгийн өндөр оргил дээр гарсны дараа өөр ойрхон өндөр уул хаана байдгийг судалж үзсэн. Энэ дундаас хамгийн тохиромжтой санагдсан нь Кавказын нуруу буюу Европ тивийн тэргүүн оргил Эльбрус байсан. Зорьж очоод авирсны дараа таван тивийн ноён оргилыг эзлэхийн төлөө уулчид тэмүүлдгийг мэдсэн. Үүнээс хойш өөртөө шинэ зорилго тавьж, зүтгэсээр долоон оргилын тавд нь авираад байна. Үлдсэн хоёр нь дэлхийн дээвэр гэгддэг Эверест, өмнөд туйлын Винсон Массив уул хоёр юм. Энэ хоёр бусад уултай харьцуулахад хамгийн өндөр өртөг зардалтай нь л даа. Би уг нь өнгөрсөн жил Эверест рүү авирах оролдлого хийсэн ч хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод явж чадаагүй юм. Харин энэ жил хоёр дахь удаагаа оролдож үзэх гээд бэлтгэлээ базааж байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв.

Тэгвэл зорилгоо тодорхойлж, хөрөнгө санхүүгээ ч босгож чадсан Уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Гималайн уулсын тэргүүн оргил, 8848 метрийн өндөртэй Эверестийн оргилыг эзэлж, Монголын уулчдаас Эверестийн оройд мөрөө гаргасан ээлжит уулчнаар тодорлоо. Ж.Бямбасүрэнгээс өмнө МУГТ Г.Өсөхбаяр, Б.Цэвээндаш, ОУХМ Б.Ганбаатар, С.Бат-Эрдэнэ, эмч уулчин Л.Баярсайхан, эмэгтэй гавьяат Б.Гангаамаа, ОУХМ Ц.Цогзолмаа гээд олон уулчин Эверестийн оргилд гарсан байдаг.

Ийнхүү дэлхийн долоон тивийн ноён оргилуудад мөрөө гаргасан Уулын спортын мастер Ж.Бямбасүрэн ойролцоогоор 35 мянга орчим ам.долларын өртөгөө босгож Эверестийн оргилд гарчээ.

Уулчдын ярьдгаар бол Эверестэд Хятадын болон Непалын талаас авирч болдог гэдэг. Харин Непалын талаас авирах зөвшөөрөл авахад 11700 ам.доллар төлөх ёстой гэдэг. Үүнээс гадна уулын хөтөч, ачаа зөөгч, замын зардал нийлээд 35 мянган ам доллар болдог аж. Тэгвэл Ж.Бямбасүрэнгийн урьд нь гарсан Антарктидын Винсон Массивийн хувьд зардал нь илүү өндөр байсан гэдэг. Хүн амьдардаггүй болохоор тусгай онгоц хөлслөхөөс аргагүй байжээ. Тэр оргилд гарахын тулд Чилийн хамгийн урд үзүүрийн хотоос нисэж хүрч байснаа ч дурссан байсан.

Тэгвэл Эверестийн оргилд гараад удаагүй байгаа уулчин Ж.Бямбасүрэн хэдхэн хоногийн дараа эх орондоо ирж хэсэг амраад дахин бэлтгэлдээ гарах болов уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.