Памперстангийн сургалт - Хүүхдийг албадаж болохгүй

2018 оны 10-р сар 11-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

01. Нэг настай хүүхдийн өмнө шатар өрөөд үз. Сайхан нураагаад өгнө дөө. Өдөртөө хоёроос гурван удаа нураалгаад шатраа тоолоод хураачихаж болно. Дараа нь дахин хоёр гурван сарын дараа арай ондоо үр дүн үзэх вий. Нураах биш өрөх гэж оролдож мэднэ. Аягүй бол сууриар нь тавих гээд байж мэдэх юм шүү. Тэр бол жаахан хүүхдийн хувьд маш том дэвшил юм. Дахин 3 сарын дараа ер нь өрчихөөд байдаг болсон байх вий. Гэхдээ яг байршлын дагуу бус хаа хамаагүй замбараагүй өрнө л дөө. Тэр үнэндээ их том хувирал юм шүү.

02. Хэрвээ тийм төвшинд хүрсэн бол дараачийн ээлжинд тусгай дүрсийг гарт нь бариулаад хөлгийн заасан нүдэн дээр тавиулах гээд үзээрэй. Тэгж чадаж байвал бүр ч том хувирал гарч байгаа нь тэр. Мэдээжийн хэрэг эхний ээлжинд 2-3 бодыг хуруугаар заасан байрлалд өрчихөж магадгүй. Гэнэт дүрсхийгээд нураагаад хаячихвал бас битгий гайхаарай. Балчир амьтан шүү дээ. Энэ мэт уйгагүй яваад бай. Шатар сургах гэхээсээ илүүтэй хүүхдэд эвсэл суулгахад маш тустай сайн дасгал байж мэднэ. Бас хүүхэдтэйгээ амьд харилцаанд орох том боломж энэ юм.

03. Нэг өвөөгийн 1 ой таван сартай ач хүү нь "Ердөө таван үг чадан ядан хэлэх юм. Яаж хурдан хэлд оруулах вэ?" гэж санаа зовнисон янзтай асууж байна. Үг хэлж байгаа л бол хэлд орох нь тодорхой тул түүнд санаа зовних хэрэг юусан билээ. Тэр хэлээд байгаа үгсийг нь тод чанга хэлж амьд харилцаа үүсгэж байвал сайн.

04. Эхний ээлжинд ганц нэг үг хэлээд орхичихож байгаа. Дахин хэл гэхээр дуугүй болчих вий. Тэгж байтал мэддэг үгийг нь том хүн чанга хэлэхээр их л баярласан байдалтай дагаад давтан хэлбэл хүүхэдтэйгээ амьд харилцаа үүсгэж чадсаны нэг илрэл юм. Ийм нааштай эхлэл гарвал мэддэг үгийг нэг нэгээр нь хэлээд дагаж хэлүүлээд бай. Эхний удаа 1-2 үг хэлээд гөжүүдлээд дуугүй болчих байх. Битгий урам хугараарай. Удалгүй 2-3 үг давтан хэлдэг болно. Тэгээд мэддэг 5-10 үгээ бүгдийг дагаад хэлдэг болчихвол аав ээж, гэр орныхонтойгоо их бат бөх амьд харилцаа үүсгэсний илрэл тэр болой.

05. Нэг нэг үгийг давтан хэлүүлж чадвал дараачийн ээлжинд "аав ээж" гэж хоёр үгийг холбож хэлүүлэх гээд үзээрэй. Энд нэг зүйлийг онцгойлж сануулахад хүүхдийг албадаж ерөөсөө болдоггүй юм шүү. Зүгээр л тоглоом маягтай санаандаа орсон үедээ өөрөө ч тоглож байгаа юм шиг ганц хоёр удаа хэлүүлээд байгаарай. Ер нь энэ мэтчилэн бага насны хүүхдийн зан төрх, идэвхи хандлагыг байнга гярхай ажиглаж байх нь их тустай. Гол нь хүүхэдтэйгээ байнга амьд харилцаанд байвал аяндаа тэдний үгээр бус үйлдлээрээ илэрхийлж байгаа санааг төвөггүй ойлгодог болно.

06. 0-3 насны хүүхэд гэнэт уурлаж уцаарлаад амаргүй байх юм. Хуучин цагт ийм юм байл уу хэмээн асуух аав ээж, өвөө эмээ нар олон болжээ. Арагшаа цахлаж унаад орилдог хүүхдийн ард түмпэнтэй ус тавьж хашраадаг монгол арга байсан гэхээр тийм асуудал байсан байж таарна. Хүүхдийн зан төрхийн түр зуурын өөрчлөлтийн өчүүхэн сүүдрийг өдөржин томчууд бидэнд өгч байгаа баяр жаргал, өхөөрдөм хөөрхөн ааш, "элдэв сонин жүжгүүд" хэмээх том нарны гэрэлтэй яахин зүйрлэж болох вэ? Та энэ талаас нь нэг бодоод үзээрэй. Хамгийн адармаатай атлаа хариуцлагатай сургалт памперстангийн ертөнцөд явагддаг байж ч болох юм шүү.

Доржсүрэнгийн Болдбаатар

Гэгээ сургалтын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.