Б.Шаравын уран бүтээлийн "Их дуурьсал" тоглолт болох гэж байна

2018 оны 03-р сар 13-нд 11:02 цагт
Мэдээний зураг,

Түүний бие сайжирч байгаа. Эмнэлэгт эмчилгээ хийлгэж, гэртээ амарч хэвтэн, хотоос ойрхон газар агаар салхинд алхаж биеэ тэнхрүүлсээр байгаа юм. Эмч нарын зөвлөгөөгөөр өдгөө үзэг, цаас нийлүүлэхгүй байгаа ч уран бүтээлийн тухай бодохгүй нэг өдөр ч байж чадахгүй тэрбээр "Үхэж үл болно, Чингис хаан" киноны хөгжим нь симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга хамтран тоглосноор эгшиглэх гэж буйд туйлаас баяртай байгаа юм. 

Түрүү жил энэ хөгжмөөр дагнасан тоглолт хийхээр бэлтгэж эхэлж байтал бие нь муудаад чадаагүй юм билээ. Харин энэ удаа Улсын филармони, Морин хуурын чуулга санаачлан түүний уран бүтээлийн тоглолтыг энэ сарын 17-нд “Корпорэйт конвеншн сентр”-т зохион байгуулах гэж байна. Тус концертын танхимд тоглолтоо хийх боломжийг “Корпорэит”-ийн Т.Ганболд захирал нь олгожээ. УДБЭТ, “Голомт” банк дэмжин ажиллаж байгаа "Их дуурьсал" тоглолт хөгжмийн зохиолчийн бүтээл туурвилд дуртай хүн бүрийн сэтгэлийг гижигдэн дуудах биз ээ. 

Б.Шаравын хөгжим гайхамшигтай болох тухай мянгантаа давтаж бичээд яах билээ. Сонсох л хэрэгтэй. “Их дуурьсал” тоглолт гурван хэсгээс бүрдэж буй. Эхлэл хэсэгт ард түмний байнга сонсож байдаг “Тэнгэрийн орон” симфони удиртгал, “Гэгээн алсад одохуй”, “Баярын уянга”, “Манан”, “Сэтгэлийн эгшиг” зэрэг бүтээлийг тоглоно. Эдгээр зохиол монголчуудын амны уншлага болсон атал заримыг нь Шаравынх гэж оноож хэлж мэддэг нь ч бий, үгүй нь ч бий. Тийм дотно, ардын дуу мэт болсон. Энэ хэсгийн оргил бүтээл нь морин хуур, симфони найрал хөгжмийн концерт юм. Морин хуурч Р.Амарбаяр гоцолж тоглох бөгөөд дөрөвц болон тавцын хөгтэй хоёр хуураар ээлжлэн тоглоно. 

Тоглолтын хоёр дахь буюу хөгжих хэсэгт Гавьяат жүжигчин Ө.Уянга, Г.Ариунбаатар нар хөгжмийн зохиолчийн шилдэг дуунуудаас үзэгчдэд хүргэнэ. Тэд дуу, ардын дууны найруулга, ари гэсэн төрөл тус бүрт нэг нэг, өөрөөр хэлбэл нийт зургаан бүтээл сонордуулах юм. Гоцлол дуучин Ө.Уянга хөгжмийн зохиолчийн “Бүүжидмаа” ардын дууны найруулга, “Таны төлөө дуулъя” дуу, “Чингис хаан” дуурийн Хадааны ари дуулна. Харин гоцлол дуучин Г.Ариунбаатар “Гавалмаа бүсгүй” ардын дууны найруулга, “Монголын тал нутаг” дуу, “Чингис хаан” дуурийн Тэмүүжиний ари дуулах юм. 

“Их дуурьсал” тоглолтын төгсгөлийн буюу гол хэсэгт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы бүтээл “Үхэж үл болно, Чингис хаан” киноны хөгжмөөс сонордуулах юм байна. Нэрт хөгжмийн зохиолч уг киноны хөгжмийг дуусгаад, студид бичүүлж, тухайн үедээ CD болгуулан хүмүүст бэлэглээд дууссан юм билээ. Одоо өөрт нь нэг ширхэг ч байдаггүй. Тоглолтыг зохион байгуулагчдад нэг ширхэг цомог байгаа нь өнөөдөр алга болговол алдас болох эрдэнэ мэт болжээ. Тийм ч болохоор нь Филармонийнхон хөгжмийн зохиолчийн бүтээл туурвилуудыг хөрвүүлж, гар бичмэлийг нь шивж янзлах талд санаа тавьж эхэлсэн байна.

“Үхэж үл болно, Чингис хаан” киноны хөгжим 30 гаруй жижиг хэсгээс бүрддэг бөгөөд одоо болох тоглолтоор 14 хэсгийг нь хоёр оркестр хамтран тоглож сонсгоно. Зарим дүрслэл, зураглал хөгжмийн үргэлжлэх хугацаа хоёр минут байх жишээтэй, тийм өвөрмөц. Энэ үдэш сонсуулах бүтээлүүдийг хөгжмийн зохиолч өөрөө сонгосон бөгөөд найрал дуу, уртын дуу, хөөмийтэй хэсгүүдийг илүүтэй шилжээ. Киноны хөгжмөөс дуу бичлэгийн студиуд, телевизийнхэн янз бүрээр, ялангуяа Монголын түүхтэй холбоотой материалуудад зөвшөөрөлтэй, үгүй ашигласаар “Бөртэ хатан”, “Гэрэгэ”, “Андын дуулал”, “Дурсамж” зэрэг хэсэг нь хэдийнэ олон нийтийн танил болсон. Гэсэн ч заримыг нь Б.Шаравынх гэж мэддэггүй хэвээр гэхэд болно. 

Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга хамтран тоглож, УДБЭТ-ын найрал дуучид дуулж, дуурьсгаж, Монголын хөгжмийн урлагийн хөгжлийн өнөө цагийн, цэцэглэн мандаж буй үеийн өнгө төрхийг тодорхойлогчдын тэргүүн магнайны хөгжмийн зохиолчдын нэг Б.Шаравын оюуны чадавхи, сэтгэлийн галыг мэдрүүлнэ. Түүний хөгжмийг сонссон монгол хүн бүрийн сэтгэл хөдөлж, нэгийг бодлож, хоёрыг тунгаадаг. Тийм ч болохоор хөгжмийн зохиолч тоглолтоо “Их дуурьсал” хэмээн нэрлэе гээ биз ээ. 

Саяхан СУИС-д болсон тус их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн Хөгжмийн онолын тэнхимийн хөгжмийн зохиолч багш нарын дууны бүтээлийн концертоор УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа хөгжмийн зохиолч Б.Шаравын "Аав ээж хоёр минь" дууг дуулж, хөгжмийн зохиолчийн хүү Ш.Саруул төгөлдөр хуурт тоглосон юм. Тэгэхэд хөтлөгч Н.Жанцанноров "Монголчууд бид "Санта лучия" гэж сурмаг дуулдаг шиг удахгүй, магадгүй 30 жилийн дараа италичууд энэ дууг өөрийн юм шиг дуулж байх вий. Үүний тулд бид өнөөдрөөс гадаадын дуучид монгол ари, романс дуулж өрсөлддөг уралдааныг эх орондоо зохион байгуулдаг болох хэрэгтэй байна. Би спонсор олсон шүү. Нэгдэж зохион байгуулах л шаардлагатай" гэж байлаа. Б.Шаравын энэ дууг өнөөдөр Ази, Европын олон орны нэр хүндтэй тайзан дээр Монголын болон гадаадын дуучид дуулсан. Олон улсын уралдаануудын шүүгчдийн хамгийн дуртай дууны нэг болсон. 

Ганц энэ дуу нь биш, түүний туурвиж бүтээсэн олон зохиол дэлхийн тавцанд хэдийнэ тоглогдсон. ЮНЕСКО хамгаалалтдаа авсан нь ч бий. Энэ бүхний талаар “Их дуурьсал” тоглолтоор ярих болно...

Р.Оюунжаргал

Хөгжмийн зохиолч Б.Шарав гэж хэн бэ, түүний амьдрал, уран бүтээлийн замналын тухай дэлгэрүүлж унших бол:

http://soyol-urlag.mn/?p=1954

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.