Хатигийг буруу эмчилбэл нүд сохрох, амиа алдах эрсдэлтэй

2017 оны 05-р сар 26-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

-Шүдний гаралтай нэвчээс гэж юу юм бэ. Эндээс яриагаа эхлэх үү?

-Нэвчээс нь эрүү, нүүрний яс орчмын яс, булчин, булчингийн хальснуудын завсраар үүсдэг эслэгт зайн тархмал идээт үрэвсэл. Нэвчээсийг үүслээр нь тунгалагийн булчирхайн, шүдний гаралтай, гэмтлийн гаралтай гэж гурав ангилдаг. Тунгалагийн булчирхайн гаралтай нэвчээс нь эрүү, нүүрний орчмын ямар нэгэн үрэвсэлт процессийн улмаас тунгалагийн булчирхайнууд үрэвссэн үед эмчилгээ хийлгэхгүй буруу эмчилж, даамжруулсанаас үүсдэг. Иргэд шүд нь өвдөж бугласан газраа халуун жин тавих, эсвэл архиар бэгнүүр хийх, иодоор сетик тавьснаар буруу эмчилгээг бий болгодог. Тиймээс гэрээр ямар нэгэн арга хэмжээ авахаас илүү эмнэлэгт хандаж, мэргэжлийн тусламж авах нь хамгийн зөв алхам гэдгийг иргэддээ хэлмээр байна.

Шүдний гаралтай нэвчээс нь шүдний үрэвсэлт өвчний хүндрэлээс үүсдэг. Эрүү, арааны шүднүүд голчлон өвчилдөг. Эрүүний нэгдүгээр араа болон сааталсан доод агт араа байдаг. Эдгээр шүдний цооролт, холбоосон эдийн архаг үрэвслийг цаг алдалгүй эмчид үзүүлж, эмчилгээ хийлгээгүйгээс нэвчээс үүсдэг.

Хүмүүс өвчтэй шүдээ өрөмдүүлэхээс айдаг. Айж байна, ингэсгээд өвчинг нь намжаачихъя гэж архиар зайлах, өвчин намдаагч эм уух, тэмээний шээсээр зайлах, тамхины цог хийх, зүүгээр ухах зэрэг нь өвчнийг нь хүндрүүлж нэвчээс үүсдэг гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.

-Бас гэмтлийн гаралтай нэвчээс гэж байдаг юм уу?

-Юмаар цохиулах, аваар осолд орох үед зөөлөн эдэд цус хурах, эрүүний яс хугарсаны дараа эмчилгээ хийлгээгүйгээс үүсдэг хүндрэлийг гэмтлийн гаралтай нэвчээс гэдэг. Цус хурсаны дараа болон яс хугарсаны дараа хаван их байдаг тул хүмүүс шээс, спирт, архиар компресс тавьж, ардын аргаар эмчлэхийг оролддог. Гэтэл эдгээрээс болж хаван улам нэмэгдэж, халдвар орсноос хурсан цус буглаж идээлдэгийг иргэд мэддэг байх хэрэгтэй.

Иргэд маань аливаа нэвчээс үүсэхээс урьдчилан сэргийлдэг, наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс мэргэжлийн эмчид яаралтай үзүүлж, ардын эмчилгээ нэрээр ам дамжсан сөрөг аргуудыг хэрэглэхээс зайлсхийх нь чухал. Хамгийн гол нь шүдээ өвчлүүлэхгүй, эрүүл байлгаж, биеийн эсэргүүцлийг сайжруулж, эрүүний гэмтэл авахаас сэрэмжлэх хэрэгтэй.

Хатигийг оролдож шахсанаар ойролцоох эд рүү тархаж, судасны үрэвсэл, судас бөглөрөх зэрэг хүндрэл үүснэ. Нүүрний венийн судасны үрэвсэл, хамрын болон нүдний венийн сүлжээгээр дамжин гавлын хөндийд бүлэн үүсгэдэг.

-Ерөнхийдөө эрүү нүүрний орчимд хатиг их гардаг юм шиг санагддаг. Та бас энэ төрлийн өвчний боолт, эмчилгээ их хийдэг юм байна?

-Хатиг гэж нэг үсний уут болон тосны булчирхайн булцуу, түүнийг хүрээлж байгаа эслэг эдийн үхжилт, хурц үрэвслийг хэлдэг. Арьсны эмгэг, олон тооны гүвдрүү, бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас олон тооны идээрхэг гүвдрүү, булцуу гардагийг фурункулез гэдэг. Хатиг нь арьсны бүрэн бүтэн байдал алдагдан халдвар орсноос үүсдэг. Үс, тосны булчирхайн булцуунд халдвар орсноор хурц идээт үрэвсэл үүсч, хүндрэх нь бий. Тиймээс арьсаа цэвэр байлгаж, арьсыг гэмтээхгүй байж, арьсны онцлогт таарсан саван хэрэглэж, нүүр толгой хүзүүнд гарсан идээт үрэвслийг гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдож болохгүй. Мөн халуун ногоотой хоол, перецээр амталсан хоол идэхгүй байх хэрэгтэй. Сүүлийн үед сахарын өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Сахарын өвчтэй хүн хатиг, батгыг гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдож, шахахыг хатуу хориглодог.

-Эмчилгээг заавал мэргэжлийн төвшинд хийлгэх ёстой гэсэн үг үү. Хор хөнөөл нь хэр их байдаг юм бол?

-Тийм. Хатиг, батгаар өвчилсөн хүн нэн тэргүүнд мэргэжлийн эмчид хандах ёстой. Антибиотиктой хориг тавих, физик эмчилгээ хийх, гепаринтай мазь түрхэх байсан ч заавал мэргэжлийн эмч, сувилагчид хандах хэрэгтэй. Учир нь хатигийг оролдож шахсанаар ойролцоох эд рүү тархаж, судасны үрэвсэл, судас бөглөрөх зэрэг хүндрэл үүснэ. Нүүрний венийн судасны үрэвсэл, хамрын болон нүдний венийн сүлжээгээр дамжин гавлын хөндийд бүлэн үүсгэдэг. Хатиг мундасны хүндрэлийн улмаас судасны бүлэн үүссэн байдал зовхи хавагнах, улайх, хамар тэгширч хавдах байдлаар илэрдэг.

Идээт үрэвсэл цааш тархаж, нүдний алимны арын эслэг эдэд нэвтэрсэнээр нүд бүлтийх, шинж илэрч, халуурах, хөлс асгарах, чичрэх, ухаан балартах, дэмийрэх шинж илэрдэг. Мөн цусан үжил, менингит, менингоэнцефалитаар хүндэрч нүд сохрох, бүр амиа алдах нь тохиолдол ч байдаг.

Улсын I төв эмнэлгийн Эрүү, нүүрний мэс заслын клиникийн сувилагч Л.Буяндэлгэр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.