Элэгний хорт хавдрын оношилгоо, эмчилгээ

2017 оны 12-р сар 06-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

Элэгний эсийн хавдрыг Гепатоцеллюлар карцинома гэж нэрлэдэг. Элэгний анхдагч хавдар бөгөөд энэ нь элгэн дээр анх үүсдэг гэсэн утгатай юм / өөр эрхтнээс үсэрхийлээгүй/.

Ямар шинж тэмдгүүд илэрч болох вэ?

Ихэнх тохиолдолд элэгний хавдар шинж тэмдэггүй буюу өвдөлт зовуур төдийлөн өгдөггүй тул хавдар хожуу үедээ оношлогдох нь олонтаа. Эрсдэлт хүчин зүйл бүхий хүмүүс  эрт илрүүлэлт үзлэгт тогтмол хамрагдсанаар элэгний хорт хавдар эрт үедээ оношлогдох боломжтой.

Зарим үед дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:

Хэвлийн хөндийд таагүй мэдрэмж бүхий зовуур илрэх

Хоолны дур буурах

Хэвлийн хэлбэр өөрчлөгдөх, томрох

Турах

Арьс салстын шарлалт үүсэх

Ядарч сульдах

Хэвлийн хөндийд сул шингэн хуримтлагдах, шилбээр хаван үүсэх

Эдгээр шинж тэмдэг илрэх нь хавдар хожуу үедээ орсон байх магадлалыг ихэсгэдэг. 

Ямар үед зайлшгүй эмчид хандах ёстой вэ?

-Баруун сүврэгдэс, хавирагны нум орчмоор өвдөх

-Хэвлий цардайж томрох

-Нүд болон арьс шарлах

-Танд зовуур үүсгэж буй бусад шалтгаанууд

Ямар эрсдэлт хүчин зүйлүүд уг хавдрыг үүсгэхэд нөлөөлдөг вэ?

-Элэгний /B, C, D гэх мэт/ вирусийн шалтгаантай элэгний архаг үрэвсэл

-Элэгний хатуурал буюу цирроз

-Архины хэрэглээ

-Хэт таргалалт

Элэгний хорт хавдартай холбоотой ямар хүндрэлүүд илэрдэг вэ?

Өвдөлт – Хавдар ургаж томорсноор элгийг бүрхэж буй мэдрэлийн судлуудыг цочроон өвдөлт үүсгэдэг.

Шарлалт – Хавдар цөсний замыг гаднаас нь шахсаны улмаас арьс, нүдний салст шарлах, шээс хар бараан өнгөтэй болох өтгөн цайрах шинж илэрдэг.