Шаварш Карапетян: Хэрвээ тэр чулуу жоохон л хүнд байсан бол би уснаас гарч чадахгүй байх байсан

2018 оны 01-р сар 12-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Армений нийслэл Ереван хотын хүнгүй бөглүү нэгэн гудамжинд 15 настай хүү бүлэг хулигаануудтай гар зөрүүлэхэд хүрэв. Бүлэглэн танхайрах хулигаанууд хүүгийн гарыг хүлж, хүзүүнд нь хүнд чулуу уяад, холгүйхэн бүртэлзэн байсан нуур уруу түүнийг шидээд орхин оджээ. Амь тэмцэн тийчигнэх хүү гарынхаа хүлээсийг арай хийн тастаж, хүзүүнээс нь зүүгдэх хүнд чулууг салгаад нуурын мандал өөд эцсийн хүчээ зориулан зүтгэнэ…

Үхэлтэй нүүр тулаад өнгөрсөн энэ хүү бол ирээдүйн усан спортын домог, сэрвээт сэлэлтийн ЗХУ-ын 7, Европын 13, дэлхийн 17 удаагийн аварга, Юнескогийн “Шударга ёс”-ны шагналын эзэн, олондоо супер баатар хочит Шаварш Карапетян байлаа.

3190882-e1418928695757

Дэлхийн аварга Шаварш Карапетян

15 насанд нь тохиолдсон тэр нэг туршлага түүнийг хурцалж, Шаварш эхэндээ энгийн усан сэлэлтээр хичээллэж эхэлжээ. Тэрээр байгалиас заяагдсан “загасан хүн” байсан ба энэ спортоор хичээллэж эхлээд төд удалгүй мэргэжлийн түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадсан байна. Бүр дасгалжуулагч ч гэлгүйгээр өөрөө өөрийгөө бэлдэн 17 настай байхдаа Армений аварга болов.

Алдар цуутай, туршлагатай сэлэгчдийг ардаа өлхөн хаячихдаг болсон түүнийг хаана ч байдаг атаархал гэгч тойрч биш дайрч гарчээ. Атаархлын хороор Армены шигшээ багийн харалган дасгалжуулагчид түүнийг үндэсний шигшээ багаас хасч, хавчин гадуурхах болов. Залуу тамирчны хувьд энэ үе нь тун хэцүү байсан боловч, тэрээр их спортоо үл орхин, хөлдөө сэрвээ углан сэлдэг “сэрвээт сэлэлт”-н төрөл үрүү шилжсэн байна. Үүнээс хойш ердөө зургаахан сарын дотор тэрээр ЗХУ-ын Спортын мастер, 8 сарын дотор ОУХМ, 12 сарын дараа гэхэд ЗХУ-н аварга, харин 14 сарын дараа Дэлхийн рекордыг эвдэн Европ тивийн аварга болж байжээ.

shavarsh-kamo-podium-1_revise

ЗХУ-ын аварга Шаварш

Харамсалтай нь атаархлын сохор хор сэрвээт сэлэлтийн төрөлд нь ч түүнийг зүгээр өнгөрөөсөнгүй. Киевт болсон нэгэн тэмцээний үеэр өрсөлдөгч нь түүний хүчилтөрөгчийн танкнаас нууцаар их хэмжээний хүчилтөрөгчийг гаргаж, хүчилтөрөгчийн дутагдалд орсон Шаварш дахиг нэг удаа үхэлтэй нүүр тулжээ. Гэсэн ч тэрээр мөн л бууж өгсөнгүй. Хүчилтөрөгчийн дутагдалтай байсан ч үргэлжлүүлэн сэлж, уралдааны замын сүүлийн 75 метрийг амьсгаагаа түгжин туулах хэрэгтэй болж байв. Барианы зурхай дээр нүднийх нь өмнүүр амьдрал нь жирэлзэж, ухаан балартсан Шаварш тэр уралдаанд түрүүлсэн байсан ба тэр дороо яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Өөрийгөө түрүүлсэн гэдгийг бүр сүүлд эмнэлэгт ухаан орсон хойноо мэдсэн гэдэг.

1974 оны жихүүн салхи сийгсэн нэгэн өглөө Шаваршийн эр зоригийг дахин нэг удаа шалгасан явдал болов. Түүний усан бассейн руу сууж явсан автобусны жолооч нь уулын хавцлын замд жолоогоо алдаж, хадан хясаа уруу халин орох гэж байсан тэр агшинд Шаварш шаламгай ухасхийн автобусны рулийг эсрэг татан, ердөө хагас метрийн зайтай байсан үхлээс 30 хүний амийг аварч чадсан байна.

Харин түүний амьдрал дахь үхлийн өөдөөс сөрөн зогссон хамгийн хүнд явдал 1976 оны 9 сарын 16-ны тэр нэгэн жихүүн өглөө болжээ. Шаварш Ереван хотын даланг даган өглөөний гүйлтээ хийж байв. Гэтэл гэнэт тэр үед 92 зорчигч бүхий аварга том троллейбус жолоодлогоо алдан замаас гарч далангийн тэсгим хүйтэн ус уруу яваад орчихов. Тэрхэн зуурын үймээний үеэр ихэнх зорчигчийн ухаан балартаж, троллейбус усан дотор 10 метрийн гүн хүртэл живсэн байна. Энэ явдлыг дэргэдээс нь харсан Шаварш яах ийхийн завдалгүй хүмүүсийг аврахаар хүйтэн ус уруу үсрэн оржээ. 

10 метрийн гүнд хүрсэн Шаварш хөлөөрөө троллейбусны цонхыг хагалж, зорчигчдыг нэг нэгээр нь татан гаргаж эхлэв. Нийт 30 удаа рейс хийж, тус бүртээ 20 минутыг хүйтэн усанд өнгөрөөсөн Шаварш нилээн хэдэн хүнийг татаж гаргаж чадсан боловч 20 нь л амьд үлдэж чаджээ. Тэр өдөр Шаварштай хамт гүйж явсан төрсөн дүү Камо нь ахынхаа гаргаж ирсэн хүмүүст газар дээр нь анхны тусламж үзүүлж байсан байна.

shavarsh-trolleybus-1_revise-e1410990766742

1976 оны 9 сарын 16-ны өдөр Ереваны ойролцоо осолдсон троллейбус

30 дахь шумбалтынхаа дараа Шаварш өөрөө ухаан алдан унажээ. Эрэлхэг үйлдэл нь түүнийг ахиад л үхэлтэй нүүр тулахад хүргэлээ. Хүйтний дээр бохирдсон усанд удаан хугацаагаар байсан Шаварш хүнд хэлбэрийн уушигны хатгаа авч, цус нь бохирдсон байв. Түүний өөрийнх нь амь нас хутганы ирэнд тулж, 46 хоног ухаан орохгүй байхад нь эмч нар Шаваршийг эдгэнэ гэдэгт эргэлзэж байсан гэдэг. Азаар Шаварш ухаан орсон боловч, түүний их спорт дахь мэргэжлийн замнал эцэслэсэн байлаа. 

Одоо үеийн мэргэжилтнүүд энэ эрэлхэг үйлсийг Шаваршаас өөр хэн ч хийж чадахгүй байсан гэж ам нэгтээ хэлдэг билээ. Түүнийг живсэн троллейбуснаас хүн татаж гаргахыг нүдээрээ харж зогссон гэрчүүд Шаваршийн нуруу болон хөлийг битүү шилний хэлтэрхий хучсан байсан хэмээн ярьсан байдаг. Энэ явдлын тухай хамгийн аймшигтай зүйл нь юу байсан бэ гэсэн асуултанд Шаварш: “Би өөрийгөө олон хүний амь аварч чадна гэдгээ мэдэж байлаа. Тийм учраас алдаа гаргахаас л их айж байсан. Тэр доор хав харанхуй, бараг л юм харагдахгүй байлаа. Нэг шумбалтандаа би мэдэлгүй зорчигчийг биш суудал бариад авсан байсан. Суудлын оронд би хүний амь аварч болох л байсан. Тэр сандал одоо ч хар дарсан зүүдэнд минь үзэгддэг” гэж хариулж байв.

Энэ явдлын дараах сэтгэлзүйн өөрчлөлт болон биеийн байдлаас болж тэрээр их спортоосоо эгнэгт зодог тайлсан юм. Хар дарсан зүүд шиг аймшигт явдлын дараа Шаварш уснаас жийрхэх болсон ба цахилгаан барааны үйлдвэрт ажиллах болжээ.

Түүний баатарлаг гавъяа тэр дороо үнэлэгдээгүй авч 1982 оны 10 сарын 12-нд Оросын өдөр тутмын Комсомольская Правда сонинд нийтлэгдсэн “Усан доорх аваргын тэмцэл” нийтлэл Шаваршийн эрэлхэг үйлсийг олонд таниулж, түүний цуу гавъяа ЗХУ даяар цуурайтжээ. Үүний дараа тэрээр ЗХУ-ын өнцөг булан бүрээс 75,000 гаруй захиа хүлээн авсан байдаг.

d31e94471b4b2bd4579bf04b88900

Шаварш тэмцээний үеэр

Та бүхэн итгэхгүй байх. Гэхдээ дахиад нэг үхэл амьдралын заагийг ойртуулсан явдал 1985 оны 2-р сарын 19-нд Шаваршийн амьдралд тохиолджээ. Тэр өдөр Шаварш шатаж буй Зөвлөлт Арменийн спорт цогцолборын дэргэд явж таарсан байна. Дотор нь гацагдаж, гарч чадахгүй болсон хүмүүс рүү Шаварш эргэлзэх зүйлгүй ухасхийн орж, хүмүүсийг аварч эхэлжээ. Энэ удаа ч тэр өөрөө хүнд гэмтэл авсан юм. Хорт утаа амьсгалан ухаан алдан унасан түүнийг бүгд үхсэн гэж бодож байтал орон нутгийн таксины жолооч сулхан судасны цохилтыг мэдэрч яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Тэрээр хүнд хэлбэрийн түлэгдэлт, утааны соролтоос болж мөн л урт хугацааг эмнэлэгт өнгөрүүлжээ.

Энэхүү эгэл жирийн хэрнээ эгэлгүй баатар эр одоо Москвагийн нэгэн гудамжинд “Хоёр дахь амьсгал” нэртэй гутлын дэлгүүрээ ажиллуулаад энх тунх аж төрж байна. Тэрээр 2014 оны Сочигийн өвлийн Олимпийн бамбарын буухианд уригдаж, Москвагаас Красногорскийн хооронд Олимпийн бэлгэдлийг барин гүйсэн байна. Энэ тухайгаа Шаварш: “Би Олимпийн бамбарыг ОХУ болон Арменийн ард түмний нэрийн өмнөөс авч явсан” хэмээн хэлжээ.

“Хэрвээ тэр чулуу жоохон л хүнд байсан бол би уснаас гарч чадахгүй байх байсан.”

Шаварш Карапетян.

Э.Өнөболд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.