"Буржгар үст" буюу Ширли Темплийг эргэн дурсахад

2018 оны 02-р сар 27-нд 17:45 цагт
Мэдээний зураг,

Хөмсөг зангидан, хацраа бомбойлгочихоод хэзээний том хүн шиг ташаа тулан хэвлүүхэн ярих дэггүй хэрнээ хэрсүү, ухаалаг, буржгар үстэй бяцхан энэ охиныг мэдэхгүй, хайрлаж өхөөрддөгүй хүн ховорхон. Тэр том хүмүүстэй ярихаасаа хэзээ ч эмээдэггүй, өөрийгөө бяцхан гэж огтхон ч голдоггүй, сандал дээр, эсвэл өмнөх ширээн дээр нь гарч сууж байгаад л хошуугаа цорвойлгон, хөмсгөө зангидаад нухацтай нь аргагүй ярьж гарна. Бусад бүх хүүхдийн адил хурдхан том болох гэж яарна. Түүнийг хүмүүс “Буржгар үст” гэж нэрлэдэг. Харин аав ээжээс хайрласан нэр нь Ширли Жейн Темпл.

Бяцхан биедээ баймгүй их авьяас, хэвлүүхэн зан, өхөөрдөм хөөрхөн төрхөөрөө хүн бүхний хайрыг тэр эрхгүй татаж чадсан. Гоёмсог даашинз өмсөхөөрөө ихэмсэг язгууртан хатагтай, ялдам зантай бүсгүй, энхрий бяцхан гүнжийн аль нь ч болоод хувирчихна. Түүгээр зогсохгүй цэрэг бас дарга ч болчихно. Шаггүй сайн фермер, бас халамжлан хүмүүжүүлэгч. Тэр бас гайхалтай авьяаслаг товшуур бүжигчин, бас дуучин. 

Хэдийгээр “Буржгар үст” бүх цаг үеийн хамгийн алдартай, авъяаслаг хүүхдийн киноны одуудын нэг байсан ч бусад нэртэй жүжигчдийн адил насаараа дэлгэцийн од байгаагүй юм. Тэрээр 1928 оны дөрөвдүгээр сарын 23-нд Калифорнийн Санта Моникад бизнесмэн банкир Жорж Темпл, бүжигчин Гертруда Амилиа нарын бага охин болж мэндэлжээ.

Бүжигт үнэхээр дуртай, бүжиглэх авьяастай байсан ээж нь түүнийг ийн од болоход хамгийн их нөлөөлж, тусалж дэмжсэн бөгөөд зураг авалт бүрийнх нь өмнө үсийг нь ороож, зөвлөгөө өгдөг байсан гэдэг. Шерли анх гурван настайгаасаа Лос Анжелс дахь хатагтай Меглиний бүжгийн студийн бүжигчин болсон бөгөөд “Educational films” корпорацийн хоёр продюссерийн анхааралд өртсөнөөр “Буржгар үст” маань гуравхан насандаа кино ертөнцөд хөл тавьж, дан хүүхдүүд тоглосон “Baby Burlesks” богино хэмжээний цуврал кинонд тогложээ.

Тэрээр уг кинонд тоглосон хүүхдүүдийн дундаас авьяасаараа ялгарч, хамгийн өндөр буюу, өдрийн 10 ам.доллараар цалинжлаа. Үүнээс хойш тэрээр олон богино хэмжээний кинонд тоглосон ч хамгийн анхны томоохон кино нь “Stand up and Cheer” юм байна. Энэ кино үзэгчдэд хүрснээр хүмүүс Шерлигийн бүжиглэх, жүжиглэх авъяасыг алмайран биширч эхэлжээ. Энэ үед хүмүүс түүнийг удахгүй дэлхийн хамгийн алдартай жүжигчин болно гэж үнэлж байсан юм. Харин тэдний бодсоноор болсонгүй. Том болох тусам “Буржгар үст” кинонд тоглох нь улам ховордсоор 1961 оноос жүжигчний кариераа орхин улс төрд хөл тавьсан юм. Тэрээр энэ үеийг хүртэл хүн бүрийн сайн мэдэх “Сэргэлэн нүдэн”, “Буржгар үст”, “Хөх шувуу”, “Бяцхан Гүнж”, “Бяцхан Хурандаа” зэрэг нийт 14 богино хэмжээний, 43 бүрэн хэмжээний, 25 үлгэрийн кинонд тоглосон байна. 

Түүний насны бусад хүүхэд хөхнөөсөө ч гараагүй шахам байхад Шерли Темпл зургаахан насандаа Оскарын шагнал хүртсэн бөгөөд түүнээс хойш ч олон хүндтэй шагналын эзэн болсон юм. Хамгийн сүүлд 2006 онд дэлхийн 200 гаруй мянган телевиз, киноны жүжигчид болон болон бусад урлагийнхныг төлөөлөн ажилладаг нийгэмлэг болох “Screen Actor Guild”-ын хамгийн хүндтэй шагналыг гардаж авсан юм. 

Шерли 17 насандаа анх Жек Агар хэмээх царайлаг офицер залуутай гэрлэж, удалгүй Линда Сюзан хэмээх хөөрхөн охинтой болжээ. Гэсэн ч Агарын зан авирын доголдлоос болж тэдний хамтын амьдрал дөрвөн жилийн дараа дуусгавар болсон юм. Тэрээр 1950 онд бизнесмэн Чарльз Блэктэй гэрлэж, арваад жилийн өмнө түүнийг өөд болох хүртэл хамтдаа аз жаргалтай амьдарсан билээ. Тэд Чарли, Лори хэмээх хоёр хүүтэй болсон байна.

Шерли анхнаасаа л улс төрд нэлээд сонирхолтой байсан бөгөөд кинонд тоглохоо больсноосоо хойш 1967 онд төлөөлөгчдийн танхимын сонгуульд өрсөлдөн ялагдав. Хожим нь түүнээс дахин төлөөлөгчдийн танхимын сонгуульд өрсөлдөх эсэхийг нь асуухад тэрээр “Үгүй ээ. Хүмүүс намайг сонгохгүй байх. Яагаад гэвэл тэд намайг үргэлж зургаан настай минь хэвээр төсөөлдөг юм байна лээ” гэж хариулжээ. 

Улс төрөөр амжилт олоогүй учир тэрээр шоу бизнес хийж эхэлсэн бөгөөд “Шерли Темплийн театр” телевизийн нэврүүлэг хийж, “Шерли Темпл” цуврал номууд, болон кино цомгууд гаргаж эхэлсэн байна. Тэрээр шоу бизнес эрхлэхийнхээ зэрэгцээ 1968 оноос улс төрд эргэн орж Чехославяк, Гана улсуудад АНУ-ын Элчийн сайдаар олон жил ажиллажээ. Мөн АНУ-ын НҮБ дэх төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. Саяхан түүнээс сурвалжлагч “Та хүүхэд байхдаа кино од болоогүй бол ямар мэргэжилтэй хүн байх байсан бол” гэж асуухад тэрээр “Би Холбооны мөрдөх товчооны ажилтан болох байсан байх. Эсвэл шарвингийн мухлаг ажиллуулдаг хүн. Багаасаа л тэгж мөрөөддөг байсан юм” гэжээ. “Жүжигчний мэргэжлээс гадна амьдралын тань хамгийн том амжилт, бахархал юу байв” гэхэд “Миний 55 жилийн гэрлэлт. Нөхөр бид хоёр 55 жил бие биедээ үнэнч аз жаргалтай амьдарсан” гэж хариулжээ. Харин ид зураг авалтын үеэр сүүн шүд нь унаж, амнаас нь үсэрсэн нь хамгийн мартагдашгүй мөч байсан гэж “Буржгар үст” дурсан ярьжээ. Хэдийгээр Шерли Темпл хорвоогийн мөнх бусыг үзсэн ч хүн бүрийн сэтгэлд сэргэлэн бяцхан “Буржгар үст” охин хэвээрээ үлдсэн билээ.

Д.Энхнаран

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.47) 2014-02-12 14:45
      • 0
      • 0

      Хөөрхөн шүү. Гоё кинонуудыг нь үзээд үнэхээр их биширдэг байлаа. Жоохон хүүхэд байж ямар мундаг бүжиглэж дуулж, жүжиглэдэг байв даа. RIP Шерли Тэмпл

      Хариулах