Опра Уинфри: "Үнэндээ надад алдар нэртэй байх таалагддаггүй"

2015 оны 01-р сар 30-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Ярилцлагын хаан хэмээгддэг Ларри Кинг нэвтрүүлгээ хаах болсон тухай мэдээлэл дэлхийн өнцөг булан бүрт суугаа үзэгчдийн анхаарлыг татаж, чихийг сортойлгосон. Энэ мэдээлэлтэй давхцан Ларри Кинг цаашид өөр нэвтрүүлэг бэлтгэх үү, эсвэл өөр салбарт хүч үзэх үү гэх мэт олон арван асуудал урган гарсны нэг нь “CNN” телевиз дэх түүний орон зайг хэн нөхөх бол гэсэн асуулт байлаа. Эртнээс хаалтын ёслолд бэлтгэж байсан тус телевиз болон нэрт сэтгүүлч Ларри Кинг нар ч тэр даруй Пирс Морганы шоугаар үргэлжлүүлэх болсноо зарласан цаг саяхан. Тэгвэл Пирс Морганы анхны зочин нь тэрбумтан хатагтай Опра Уинфри байсан юм

Сая сая Америкчуудын хүндлэлийг хүлээсэн дэлхийн эмэгтэй, телевизийн ток шоуны хатан хаан, телевизийн од, кино жүжигчин, бизнес хатагтай, “Харпо Энтертаймент Групп” –ийн тэргүүн, “Fortune” сэтгүүлийн мэдээлснээр Америкийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтын дэд байр, “Форбс” сэтгүүлийн 2011 оны чансаагаар дэлхийн алдар хүндтэй 100 хүний жагсаалтын есдүгээр байранд бичигдсэн алдарт Опра Уинфри.

Эмээгийн гэрэл гэгээ болсон бяцхан охин Опрагийн бага нас

Опра 1954 оны нэгдүгээр сарын 29-нд Миссиссипи муж улсын Костюшко хотод төржээ. Түүнийг ээж нь 18 настайдаа төрүүлсэн бөгөөд хугацаат цэргийн албанд татагдан ирсэн цэргээс жирэмсэлсэн байна. Тиймээс хүсэн хүлээсэн хүүхэд нь биш ердөө л бутач хүүхэд болохоор түүнийг эмээд нь үлдээгээд ээж нь явсан гэдэг.

Охиныг төрөхөд нь Орпа гэдэг нэр хайрлахыг хүссэн хэдий ч эх баригч эмэгтэй алдаа гарган хоёр үсгийн байрыг сольсноор Опра хэмээх давтагдашгүй нэрний эзэн болжээ.

Эмээ нь түүнийг гурван настайд нь уншиж сургасан бөгөөд таван настайдаа цэцэрлэгт ороод, долоо хоноогүй сургуульд элсэх хүсэлтэй байгаагаа сургуулийн багшид захидал бичсэнээр сургуулийн сурагч болжээ. Чухам энд анх удаа өөрийн гутал, даашинзтай болсон юм. Нэгхэн жилийн дотор гурван жилийн сургалтын хөтөлбөрийг үзэж дуусгав. Тэрээр шашны номлогч болохыг мөрөөдөж байсан ба өөрийн гэх сонсогчгүй байсан тул хээр ямаа, үхэр мэтийн амьтдад номлол уншина. Гэвч гайхамшигтай нэгэн өдөр ирж тэрээр сүмийн мөргөлчдөд хандан “Пасхагийн өдөр Есүс тэнгэрт гарчээ” гэсэн номлол уншсан нь тэдний гайхшралыг төрүүлээд зогсохгүй Бурхны элч буугаад ирсэн гэлтэй хүлээж авчээ.

Хэдэн жилийн дараа охин аавындаа хамт амьдрах болсон ба охиныхоо хэл яриаг хөгжүүлж, үгсийн санг нэмэгдүүлэхийн тулд өдөрт таван шинэ үг цээжлэх дүрэм гаргасан төдийгүй номтой нөхөрлүүлж, уншсан номоор нь зохион бичлэг хийлгэдэг байжээ.

Галаас сэрэмжлүүлэгч миссээс алдарт ток шоуны хөтлөгч хүртэл

17 настайд нь “WVOL” радио станц түүнийг хийн зуухыг хяналттай ажиллуулах ёстой бөгөөд хүүхдүүдийг галаар тоглуулахгүй байх талаар уриалан хийсэн нэвтрүүлэгт оролцсоны төлөө “Галаас сэрэмжлүүлэгч мисс”-ээр өргөмжилжээ. Энэ үеэс эхлэн тэр олон тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө нээж эхэлсэн гэдэг.

Амжилт бол хөдөлмөрийн үр дүн

Удалгүй тэр “ABC” телевизийн орон нутгийн салбарт мэдээ уншигчаар орж дараах нь тус телевизийн Балтимор дахь салбарт сурвалжлагч, мэдээний хоёрдугаар нэвтрүүлэгч болов. Гэвч түүнийг эфирт гарахтай зэрэгцэн олон санал шүүмжлэл өрнөсөн гэдэг. Арзгар үстэй, өргөн хамартай, давхар эрүүтэй түүнээс гадна сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадахгүй зэрэг шүүмжлэлт мэдэгдэл ирэх болов. Энэ бүхний эцэст түүнийг “Өглөөний ток шоу”-ны нэвтрүүлэг рүү шилжүүлсэн байна. Энэ ток шоу түүнийг алдрын замд хөтөлсөн. Түүний хийж буй нэвтрүүлэг нь илэн далангүй чин сэтгэлийн яриагаар хөглөгдөж шууд цацагдаж байсан нь үзэгчдийн анхаарлыг бүрэн татсан юм.

Энэ үеэс л Опрагийн чин сэтгэлийн халуун яриа, ний нуугүй ток-шоу цэнхэр дэлгэцэнд ноёлж байлаа. Энэ шоунд оролцсон хэд хэдэн зохиолчид урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр алдаршсан юм. Марианна Уильямсоны “Хайр дурлалд эргэж очсон нь” роман шоуны маргааш л 35 мянган хувь борлогдсон нь номын бизнест анхдагч үзүүлэлт байлаа. Үүний зэрэгцээ тэр кино ертөнцөд өөрийн гэсэн дүрийг мөнхөлж чадсан юм. Түүний анхны бүтээсэн дүр бол София хэмээх туслах дүр байв.

Опра 1988 онд “Харпо” компанийг үүсгэн байгуулсан юм. Түүний нэрийг араас нь уншихад энэхүү компанийх нь нэр болдог. Тэрээр 20 сая доллароор 9000 хавтгай дөрвөлжин метр бүхий талбайтай киностудийг худалдан авсан байна. 1993 он гэхэд түүний хувийн орлого 98 сая долларт хүрсэн, 1997 онд 110 сая долларт хүрсэн бөгөөд 100 орчим ажилчинтай болсон байлаа. “Харпо” гол сэдэв нь нийгмийн тулгамдсан асуудлыг хөндсөн телевизийн нэвтрүүлгүүдийг хийдэг байна.

Эдгээрийг олж авахын тулд тэрээр шантралгүй, өөрийн гоо сайхандаа анхаарч, нийгэмд арьс өнгөний эсэргүүцэлтэй тулгарч байсан хэдий ч бүгдийг нь даван туулж чадсаны ачаар тэр өөрийн гэсэн телевизийн сувагтай, номын клуб, радио, цуврал нийтлэл, буяны үйлсэд зориулах өглөгийн сантай, нэг удаагийн шоу нэвтрүүлэг нь 48 сая гаруй үзэгчидтэй бөгөөд сая сая хүний ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлдэг болно. Опра Уинфригийн “Би үзэгчдийнхээ багш нь байж, тэдгээрийг амьдралыг хөнгөвчилөхийг боддог” хэмээжээ.

Опра Уинфри(бичлэг): CNN-ийн удирдлагууд Пирс Морганыг надад тун сайн сэтгүүлч, ярилцлагын мастер хэмээн танилцуулсан. Түүний ямар чадварлаг ярилцагч болохыг мэдэхийг тэсэж ядан хүлээж байна.

Пирс Морган: Шинэхэн нэвтрүүлгийнхээ анхны зочныг сонгохын тулд огтхон ч толгойгоо өвтгөөгүй. Мэдээж тэр хүн баян, нөлөө бүхий атал чадварлаг, олны анхаарлыг хамгийн их татдаг хүн байх ёстой. Харин тийм хүн миний мэдэхээр ганцхан бий. 

-Би Морганыг зочноо уйлтал нь ярилцаж чаддаг чадварлаг хүн гэж сонссон. Гэхдээ намайг арай ч уйлуулахгүй байх.

-Опрагийн зочдоосоо асуух дуртай “Та ямар үед 100 хувь өөртөө итгэлтэй байж чаддаг вэ?” гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье. 

-Үдэшлэгт өөртөө зохисон чамин даашинзтай очих үедээ л… (инээв)

-Танд толгой өндийх завгүй ажилтай байх өдөр олон тохиодог уу. Би Опрагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг болохыг зураглах гэсэн юм л даа. Өглөө сэртэл ямар ч хүч тэнхээгүй болсон хэрнээ “Би чинь Опра Уинфри шүү дээ. Заавал ажиллах ёстой” гээд босож байсан удаа бий юү? 

-“Би чинь Опра Уинфри шүү дээ” гэж хэлж үзээгүй. Харин толгой өндийх завгүй ажилтай байсан үе бий. Нэгдүгээр сарын нэгэнд манай телевиз нээлтээ хийсэн. Тиймээс ганцхан би ч биш, манай хамт олон бүхэлдээ тийм л байдалтай хэдэн сарыг өнгөрөөсөн. Тэгэхэд л телевиз авч явна гэдэг ямар хүнд хэцүү ажил болохыг биеэрээ мэдэрсэн. Нээлтээ бид Лос-Анжелест хүлээж байгаад үзсэн. Телевизийнхээ бэлгэ тэмдгийг, дараа нь өөрийнхөө мэндчилгээ болгон үг хэлж байгааг хараад л зогсож байлаа. Тэр үед өөрийн эрхгүй нулимс дуслуулсан.

-Тийм үү? 

-Тийм ээ. Гэхдээ энэ удаа бол уйлахгүй шүү. (инээв)

-Бидэнд ядаж хэдхэн дусал нулимс харуулчих л даа. Та хэдэн хүнд бүрэн төгс итгэдэг вэ? 

-Тав.

-Хэнд? 

-Би нэрийг нь дуудмааргүй байна.-Тэгвэл би тааж болох уу. Нэг нь лав Гэйл байх, тийм үү? 

-Мэдээж тийм.

-Нөгөө нь Стедман байх. 

-Тийм ээ.

-Би таны амьдралыг төдийлэн сайн мэдэхгүй болохоор ингэж шалгаагаад байна л даа. Гэйл, Стедман нарын тухай л бид мэдэж байхад хангалттай гэж та бодож байна уу? 

-Тэр нь зүйтэй болов уу. Би ямар ч нөхцлөөс үл хамааран бүрэн итгэдэг, ойр дотнын тав юмуу зургаан л хүнтэй. Гэхдээ би тэднийхээ тухай төдийлэн сайн мэдэхгүй учир энд танилцуулж чадахгүй нь. “Мэдэж байгаа бүхэн минь намайг нүцгэлж орхидог” гэх сайхан үг бий шүү дээ. Тэд миний хувьд тун чухал хүмүүс учир би нууц бүхнийг нь мэдэх гэж улайрдаггүй.

-Таны тухай миний мэдэх цорын ганц зүйл бол таны гар бие оролцсон бүхэн хит болдог. 

-Үгүй дээ. Энэ бол ташаа ойлголт. Миний ажил цаг үргэлж бүтэж, хийсэн бүхэн минь хит болж байгаагүйг гэрчлэх баримт би чамд хэдийг ч хэлж өгч чадна шүү.

-Та “OWN” телевизээ амжилт олохгүй байх вий гэж бодож байсан уу? 

-Та тоглоод байна уу? “Энэ ч бүтэхгүй дээ” гэж бодсон хэрнээ эрсдлийг үл хайхран шийдвэр гаргаж байсан удаа надад байхгүй ээ, Пирс.

-Та америк хүний хүрч болох оргилд хэдийнэ гарсан. Танд язгууртан болчихсон юм шиг сэтгэгдэл төрдөг үү. Алдар нэртэй байх танд таалагддаг уу? 

-Өдөөн хатгасан сайхан асуулт байна. Би бүр ийм асуулт тавьсаны чинь төлөө шагнамаар байна шүү. Гэхдээ л би чамд “Надад нэр хүндтэй байх таалагддаг” хэмээх хүсч байгаа хариултыг чинь өгөхгүй ээ.
Үнэндээ бол надад огт таалагддаггүй. Нэр хүнд гэдэг даалгавар, ачаа л нэмдэг. Чи туулж өнгөрүүлсэн амьдралыг минь мэдэхгүй учир намайг цөөн үгээр тодорхойлж чадахгүй. Би 1954 онд Миссиссиппи гэх арьс өнгөөр ялгаварлах үзэл хамгийн хүчтэй нөлөөлдөг мужид төрсөн нэгэн.
Гэсэн ч өнөөдөр чиний нэвтрүүлгийн анхны зочин болон өмнөөс чинь хараад, асуултад чинь хариулан сууж байна. Энэ хүртэл би маш урт зам туулж, замын турш зогсолтгүй хөдөлмөрлөн, бас тэмцэж ирсэн. Одоо надад байгаа бүхэн Опра Уинфри гэх бие хүнээс ч цар хүрээ, ач холбогдлын хувьд далайцтай болсон. Харин алдар хүнд бол энэ тавцан намайг авчирсан тээврийн хэрэгсэл юм.
-Австралид хийсэн аяллынхаа тухай яриач. 

-Австралид байхдаа би нээлттэй байх, өөрийгөө болон бусдыг хайрлах ухаанд суралцсан. Хүн байна гэдгийн утга учрыг би тэнд л ойлгосон. Өмнө нь тийм мэдрэмжийг хэзээ ч амсч байгаагүй.

-Крикет цохих нь танд тийм сэтгэгдэл төрүүлсэн байх нь ээ? 

-Тэр чинь хайраас тэс өөр ойлголт шүү дээ.

-Харин ч тэр чинь жинхэнэ хайр юм биш үү. Австрали хүн бүрийн хамгийн хайртай спорт нь крикет. 

-Би тэр тухай бол ярихгүй ээ. (инээв)

-Та крикетэд дургүй юм уу? 

-Үгүй л дээ. Гэхдээ би огт өөр зүйлийн тухай ярьж байна шүү дээ.

-Та хэр ширүүн дарга вэ? 

-Би тийм ч хатуу чанга хүн биш.

-Та хамгийн сайн нэвтрүүлэг бэлдэхийг ажилчдаасаа хүсдэг байх. Одоо бүр өөрийн телевизтэй болчихлоо. Бүхэл бүтэн телевиз авч яваа болохоор чанга, ширүүн байхгүй бол болохгүй шүү дээ. 

-Хатуу байх шалтгаан үнэндээ байхгүй. Гэхдээ таны “хатуу” гэдэг ойлголт ямар болохыг би сайн мэдэхгүй шүү дээ.

-Хатуу гэхээр таныг ажилчид руугаа хашгирдаг гэдэг утгаар хэлээгүй юм шүү. Би таныг тийм араншинтай хүн гэж бодохгүй байна.

-Би хэзээ ч хэн нэгэн рүү хашгирч, зандарч байгаагүй.

-Гэхдээ л та хийж буй бүхнээ төгс болгох гэж хичээгчдийн нэг гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна. 

-Би бүхнийг төгс хийх гэж улайрдаггүй. Бас хэн нэгэн рүү хашгачдаггүй. Бусдыг ч тэгж хашгачихыг зөвшөөрдөггүй. Учир нь тийм байдал ажлын идэвх бууруулахаас цаашгүй байдаг юм. Би эрч хүчээ алдахгүй, хэрэгтэй зүйлдээ зүй зохистой зарцуулахыг л хичээдэг. Бусдыг ч бас тийм байлгахыг хичээдэг.

-(Бичлэг) Опра Уинфри: “14 настай байхдаа “Амьдрал ингээд л дуусч дээ” гэж боддог байлаа.

-Та нөхөрт гараагүй. Гэхдээ Стедмантай сүй тавьж байсан байх аа. Гэрлэлт тань бүтэлтэй болно гэж бодоогүй хэрэг үү? 

-Стедманы тухай ярьж цагаа үрэх хэрэггүй дээ.

-Стедманыг таны хувьд хамгийн эрхэм хүн гэж хэлж болох уу? 

-Магадгүй ээ.

-Та яагаад түүний тухай ярьвал цаг үрсэн дэмий яриа болно гэж бодож байгаа юм бэ? 

-Би тэр тухай тодорхой зүйл ярихгүй учраас тэр. Пирс чи надаас “Яагаад хүнтэй сууддаггүй юм бэ? Гэрлэлт чиний хувьд хэр чухал вэ?” гэж асуухыг хүсэж байгаа биз дээ. Энэ чинь улиг болсон яриа шүү дээ. Би хэзээ ч нөхөрт гарахгүй.

-Ямар ч эргэлзээгүйгээр үү? 

-Би гэрлэхийн төлөө төрсөн хүн биш.

-Гэхдээ танд хуримын даашинз өмсөн, сүмд ёслол хийх тухай хэзээ ч бодогдож байгаагүй гэж үү? 

-Хүмүүс яагаад бие биетэйгээ гэрлэдгийг чи мэдэх үү. Тэд зүгээр л сайхан даашинз өмсөн, аварга бялуу зүсэж, үдэшлэгийн гол баатар болохыг хүссэндээ л энэ утгагүй үйлдлийг хийдэг юм шүү дээ. (инээв)

-Та 14 настай байхдаа хүүхдээ алдсан гэдэг. Энэ тухай өмнө нь дэлгэрэнгүй ярьж байсан боловч би энэ асуултыг заавал асуумаар санагдлаа. “Хэрэв хүүхэд минь эсэн мэнд байсан бол” гэсэн бодол танд төрдөг үү? 

-Үгүй дээ. Би ердөө л 14 настай байсан учир хүүхдээ алдсан хэдий ч огт гашуудаж, гуниглаагүй. Би хүүхдээ төрүүлэхээсээ өмнө амиа хорлоно гэж боддог байсан юм.

-Тийм үү? 

-Ээж минь намайг энд байж болохгүй гэсэн учир хөл хүнд болсныхоо дараахан би Нэшвиллд байдаг аавынх руугаа нүүсэн.

-Давхар биетэй болсон тухайгаа та аавдаа хэлсэн үү? 

-Үгүй ээ. Би түүнээс нуучихсан. Би түүнээс бүх зүйлийг нуусан. Аав минь галынхаа өрөөнд надад 22 цагаас хойш гадагш гарч болохгүй гэх мэт дүрэм журам ярихаас өөрөөр надтай харилцдаггүй байсан учир тэр. Тэр бүр надад бутач хүүхэд гаргаж гэр бүлийн минь нэр хүндийг гутаав аа гэж анхааруулж байсан юм. Харин тэр үед би хэдийнэ хөл хүнд болчихсон байв. Тиймээс шууд л өөрийгөө хороохоор шийдсэн хэрэг.

-Та амиа хорлох оролдлого хийж байсан уу? 

-Үгүй ээ. Угаалгын нунтаг идэх гэх мэт тэнэг үйлдэл хийж байсан. Харин хүүхэд минь зулбахад, надад хоёр дахь боломж олдлоо гэдгийг би ухаарсан.
Тэгээд сургуульдаа эргэн орж, энэ тухай хэнд ч мэдэгдээгүй.

Д.Энхнаран

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.