Тогорууны ач /Япон ардын үлгэр/

2018 оны 09-р сар 14-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Эрт цагт нэгэн ядуу хүү ууланд нүүрс түлэн амьдардаг байжээ. Нэгэн цастай, хүйтэн өвлийн өдөр түүнд ийм явдал тохиолджээ. Залуу хүү удаан хадгалж цуглуулсан мөнгөөрөө тосгон орж, гудас хөнжил авахаар явжээ. Тэрээр уулын уруу догдлон гүйж явтал хажуугийн бутнаас шарчигнах чимээ гарлаа.

-Залуу “Зиа байз, үнэг юм болов уу, юу юм бол?” хэмээн өндийж харвал том цагаан далавч цухуйж харагдана.

-“Өө хөөрхий, тогоруу хавханд орчихож. Хүлээж байгаарай. Одоохон чамайг аваръя” гэв.

Залуу хүү тогорууг өрөвдөж, хөлөнд нь байгаа төмөр хавхыг салгаж авах гэж зөндөө оролджээ. Гэтэл гэнэт нэгэн анчин гарч ирэв.

-Анчин: “Яах гэж байгаа юм. Миний олзыг хулгайлах гээ юу, чи?” гэж залуу руу чанга дуугаар хашгирч, муухай харан зогсов.

-Залуу: “Өрөвдөөд байнаа. Тогорууг суллаж явуулаач дээ" гэв. Анчин дуугарсангүй тул залуу үргэлжлүүлэн, "Үгүй гэвэл надад мөнгө байгаа. Та надад тогорууг зараач дээ” гээд гудас авах гэж байсан мөнгөө анчинд өгч тогорууг суллуулав. Ингээд залуу хүү тогоруунд хандан, 

-“За, дахиж энд битгий ирээрэй” гээд түүнийг тэнгэрт нь хөөргөн нисгэв. 

-“Күүү—“ хэмээн тогоруу нэгэнтээ баясгалантай дуугарч залуугийн дээгүүр эргэлдэн нисээд, тэнгэрийн гүн рүү нисэн одлоо.

Тогорууг үдэж явуулсны дараа тосгон руу явах шалтгаангүй болсон учир залуу ирсэн замаараа уул руугаа буцав. Маргааш өглөө нь ийм явдал тохиов гэнэ. Юу гэхээр өмнө нь хэзээ ч харж байгаагүй үзэсгэлэнтэй охин гэрийн гадаа нь ирсэн байв. 

-“Намайг сүйт бүсгүйгээ болгооч” гэж охин гуйв.

-Залуу: “Яалаа гэж дээ. Би чиний яг харж байгаа шиг жирийн ядуу нүүрс түүгч шүү дээ. Сүйт бүсгүйгээ болгосон ч тэжээх чадалгүй билээ” хэмээн татгалзахад,

-Охин: “Намайг сүйт бүсгүйгээ болгооч, чи ядуу байх нь хамаагүй” гэлээ. Ингээд охин залуутай хамт амьдрахаар болов.

Тэр цагаас хойш залуугийн амьдрал бүрмөсөн өөрчлөгдөв. Өглөө нүдээ нээтэл зууханд аль хэдийн гал ассан байв. Нүүрээ угааж байтал, 

-“Өглөөний цай бэлэн боллоо” гэж түүний үзэсгэлэнт эхнэр дуудаж байна гэнэ. Үзэсгэлэнт бүсгүй уулан дахь амттай ургамал ногоо, жимс бүхнийг нэг бүрчлэн мэддэг бөгөөд түүгээрээ маш сайхан хоол хийж, гэрээ үргэлж цэвэрхэн байлгаж, зогсоо зайгүй ажилладаг байлаа. Харин залуу хүүд энэ бүхэн яг л зүүд мэт санагдаж, их л аз жаргалтайгаар өдөр хоногийг өнгөрөөдөг болжээ. 

Охин нэг өдөр байшингийн ар дахь бяцхан урцыг цэвэрлэж байгаад тоосонд дарагдсан нэхмэлийн машин олжээ. 

Охин: Би нэхэж болно биз дээ? Харин намайг нэхэж байх хооронд дотогшоо хэзээ ч битгий шагайгаарай” гээд урц руу орон үүдийг хаав. 

Ингээд урцнаас "гий паттан, гий паттан" хэмээн нэхэх чимээ өдөр шөнөгүй сонсогдох болов. 

-“Чи өлсөхгүй байна уу. Жаахан амс хийж, хоол идээч” гэж залуу санаа зовон гаднаас хэлэв. 

Гэвч ямар ч хариу гарсангүй.

Залуу улам ихээр санаа зовж, урцийг хэдэн удаа нээхийг оролдсон боловч хэлсэндээ хүрч тэвчээртэй хүлээв. 

Дөрөв дэх өдөр нь түүний эхнэр урцнаас гарч ирэв. Түүний эхнэр маш их турж, гуйвсан янзтай байв. Турж эцэж, хүзүү нь уртассан мэт харагдаж байв.

-Охин: “Урцан дотор миний нэхсэн даавуу байгаа. Тэр даавууг тосгон руу авч яваад өндөр үнээр зарж болно” гэхэд

-Залуу: “Тэр даавуу яахав. Би чамд л санаа зовж байна” гэв.

Эхнэр нь инээмсэглээд хэлэв.

-“Надад бүү санаа зов. Миний хэлснээр хийгээч” гэж гуйв.

Залуу даавууг аван тосгон руу очтол, нэгэн дэлгүүрийн худалдагч:

-“Гайхалтай! Би өмнө нь ийм даавуу харж байсангүй. Би ная үгүй ээ, зуун алтан зоосоор авъя. Дараа нь илүү ихийг авчирвал хоёр зуун алтан зоосоор авна” гэв. 

Өмнө нь ийм их мөнгө харж байгаагүй залуу сандарч бие нь салгалж байв. 

-Залуу: “Ашгүй аз намайг ивээлээ. Хурдан гэртээ хариад дахиад даавуу нэхүүлэе” гэж баярлав.

Мөнгөө нуруундаа арай ядан үүрсэн залуу, сэтгэл нь амархан хувирч орхив. Уулан дахь гэртээ хариад, нүд нь гэрэлтсэн чигээр эхнэртээ болсон явдлыг ярив. 

-Залуу: “Дахиад ганцхан удаа. Тэгвэл хоёулаа тосгон руу нүүж том байшин барьж хөгжилтэй зугаатай амьдрах болно” гэхэд

-Охин: “Би чамтай үргэлж энэ чигээрээ амьдармаар байна. Тосгон руу ерөөсөө явмааргүй байна” гэж зөөлөн хэлэв.  Гэвч залуу түүнийг үгийг тоосонгүй.

-Охин: “Тийм их хүсэж байгаа юм бол ганцхан удаа даавуу нэхэж өгье. Харин намайг нэхэж дуустал битгий шагайгаарай” гээд урц руу оров. Дахин даавуу нэхэж эхэлтэл урцны дотроос нэхмэлийн машины чимээ дуугарч байв. 

Гэвч залуу нэхмэлийн чимээг өмнөхөөсөө муу дуугарч байгааг анзаарсангүй. Залуу зуухны өмнө завилан сууж дарс уун хүлээв.

Урцнаас чимээ гарсаар дөрөв дэх өдрийн орой болсон ч дуугарсаар байв. 

-“Тэр энэ удаа яагаад удаад байна” гэж гайхширан нууцаар урцны үүдийг нээж харвал,

-“Энэ…юу вэ?” гэж гайхширан цочролд оров.

Гэтэл урц дотор нэгэн нарийн туранхай тогоруу хичээнгүйлэн, хошуугаараа биеийнхээ өднөөс нэг нэгээр нь татан сугалж даавуу нэхэж байв. Нэхэж дуусаад хэлэхдээ,

-“Чи миний юу гэдгийг мэдсэн учир би энд үлдэж болохгүй боллоо. Би чиний аварсан тогоруу байна. Энэ даавууг тосгон руу авч яваад сайхан амьдраарай. Баяртай” гэж хэлээд тогоруу, өдий нь зулгаасан далавчаа өвдсөн аятай дэлгээд уйлан нисэн алга болжээ. 

-“Надад мөнгө хэрэггүй. Миний буруу. Өмнөх шигээ хоёулаа энэ ууландаа амьдаръя. Тийм болохоор буцаад ирээч” гэж залуу араас нь уйлан тэнгэр харан хоцров. 

Япон хэлнээс орчуулсан:

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (182.250.250.35) 2016-01-19 07:47
      • 0
      • 4

      Ih saikhan setgegdel turluu.. Ulam hicheegerei

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.239) 2016-01-18 22:01
      • 0
      • 5

      Маш гоё шинэлэг үлгэр байна. Баярлалаа. Орос ардын нэг үлгэр байдаг даа. Галуунууд бас юм нэхдэг. Юу гэдэг билээ дээ. Тэрэнтэй их төстэй юм. Танай сайт хүүхдүүдийг баярлуулдагт үнэхээр их талархаж байна.

      Хариулах

    • Л.Баяр

      (59.153.112.253) 2016-01-18 21:01
      • 0
      • 5

      Дажгүй шүү.Хичээгээрэй Иш ээ

      Хариулах

    • zochin

      (103.57.94.100) 2016-01-18 20:10
      • 0
      • 6

      surgamjtai huurhun ulger bn, thank you Ish

      Хариулах