Амиа хорлох гэж буй хүнд хэрхэн туслах вэ?

2018 оны 12-р сар 05-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

Амиа хорлох гэж буй хүнд туслах гэдэг мэргэжлийн эмч, сэтгэлзүйч нарын хувьд ч онцгойлон хариуцлагтайгаар хандууштай зүйл байдаг.

Маш олон хүн амиа хорлох тухай хэзээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар бодсон байдаг бөгөөд тэдний олонхи нь зовж, шаналах явцдаа олон зүйлсийг ойлгож ухаараад бодлоо өөрчилсөн байдаг. Харамсалтай нь бүгд тэгдэггүй. Манай оронд сэтгэц заслын үйлчилгээ төдийлөн түгээмэл биш, энэ талын мэдээлэл бага байдаг учраас бүх хүн амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх мэргэжлийн туслалцаа авах боломж хомс.

Иймд та өөрийнхөө чадах хэмжээнд амиа хорлох эрсдэлтэй байгаа хүмүүст туслах, үүнд  хэрэгтэй мэдлэгийг эзэмшихэд тань туслахыг зорилоо. Үүний тулд амиа хорлох гэж буй хүмүүсийн сэтгэл зүйд юу нөлөөлдөг болох, тийм хүмүүсд ямар шинж тэмдэг илэрдэг болох, мөн тэдгээр хүмүүсд туслахын тулд юуг анхаарах зэргийг судлах нь зүйтэй.

Амиа хорлоход хүргэдэг шалтгааны тухайд

Хүнийг цорын ганц шалтгаан амиа хорлоход хүргэдэггүй, ихэвчлэн хэд хэдэн таагүй дурсамж, үйл явдалууд давхцсанаар амиа хорлоход хүрдэг, тун ховор тохиолдолд генийн гаралтай сэтгэцийн эмгэгээс болж амиа хоролдог. Ихэвчлэн хүмүүс гаднаас ирж буй сөрөг мэдрэмжүүдийг тухай бүрд нь гадагшлуулалгүй дотроо хуримтлуулсаар хуримтлуулсаар үхлийг хамгийн дөт, бүх зүйлд цэг тавих сонголт мэтээр харж эхэлдэг. Зарим үйл явдал амиа хорлосон хүмүүст бусад хүчин зүйлсээс хавьгүй илүүтэйгээр нөлөөлсөн байдаг. Тэдгээр нь:

  • Ирээдүйд итгэх итгэлгүй байх
  • Нийгэм, бусад хүмүүсээс залхах
  • Айдас, түгшүүртэй амьдрах
  • Шившигтэй, ичгэвтэр байдалд орох
  • Мартаж чадахааргүйгээр харамсах, гэмших
  • Дотны хүний үхэл
  • Хайр дурлал, үерхлийн хагацал, салалт
  • Салсан эцэг, эх хүүхдээ асран хамгаалах эрхээ алдах
  • Карерь нэр хүндээ алдах зэрэг байдаг.

Шинж тэмдгүүдийн тухайд

Хүнийг амиа хорлохыг хүсэж байгаа тухай мэдэхийн тулд доорх шинж тэмдгүүдийг анзаарах хэрэгтэй болно. Үүнд:

  • Амиа хорлолтын шинжтэй зүйлсийг ярих жишээлбэл: “Би төрөөгүй байсан болоосой”, “Үхэх юмсан”, гэж ярих(хошигнож хэлсэн ч анхаарууштай).
  • Хүмүүстэй дахиж таарахгүй мэт салах ёс гүйцэтгэх.
  • Нийгэмтэй харилцах харилцаагаа таслаж ганцаараа байхыг хүсэх.
  • Өөрийн хобби, сонирхлуудаа огоорч эхлэх.
  • Өөрт хамааралтай зүйлсээ бусдад тараах, гэрээслэх.
  • Унтах, идэх хэмнэл нь өөрчлөгдөх.

Дээрх шинж тэмдгүүд заримдаа тодорхой биш байж болно. Хүн хүний онцлогоос хамааран өөр өөр байдаг. Жишээ нь зарим хүн бусдад өөрийгөө тодорхой ойлгуулдаг бол зарим нь нууц байлгахыг хүсдэг. Дээрх шинж тэмдэгүүд шалтгааныг нь өөрөөр тайлбарлаж болохуйц логик холбоогүйгээр илэрч байвал та тухайн хүнд яаралтай анхаарлаа хандуулах, тусламж үзүүлэх хэрэгтэй. Ингэхдээ амиа хорлолтын шинж тэмдгийг аль болох нухацтайгаар хүлээн авч ярилцах замаар тусламж үзүүлэх хэрэгтэй.

Тусламж үзүүлэх тухайд

Амиа хорлох гэж буй хүнд туслах гэдэг дээр хэлсэнчлэн мэргэжлийн эмч, сэтгэлзүйч нарын хувьд ч онцгойлон хариуцлагатайгаар хандууштай зүйл. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохгүйн  тулд доорх зүйлсийг анхаарна уу.

Хийвэл зохих зүйлс:

  • Аль болох өөрийнхөөрөө байж, тухайн хүндээ санаа тавьж байгаагаа харуул. Ямар үг сонгож хэрэглэх нь чухал биш, үнэхээр санаа тавьж байгаа бол таны үйлдэл бүр үүнийг ойлгуулна.
  • Сайн сонсож тэвчээртэй тайван бай, ярьж байгаа зүйлсийг нь сэтгэлээсээ сонс, сонсож байгаа мэт дүр исгэх нь тус биш ус болно.
  • Бүү шүү! Таньд сэтгэлээ дэлгэснээр тэр хүн бага ч гэсэн тайвширлыг хүлээж байгаа. Ийм үед түүнийг буруутгах нь тохиромжгүй.
  • Итгэл найдвар төрүүл. Амиа хорлох тухай бодлууд нь түр зуурынх, нөхцөл байдал үргэлж өөрчлөгддөг тухай сануул. Өөрт тань болон, өөр бусад хүнд түүний амь ямар үнэ цэнэтэйг хэл.

Анхаарах зүйлс!

Амиа хорлохоор шийдэж, оролдож, амиа хорлолтын байдалд байж үзээгүй хүний хувьд амиа хорлолтын байдалд байгаа хүмүүсийн сэтгэл зүйн байдал нь ойлгоход их хэцүү байдаг. Энэ байдлаас болж хүмүүс туслах гэж буй хүмүүсдээ эсрэгээр хүйтэн хөндий, өөрийг нь ойлгохооргүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Жишээ нь:

  • Тухайн хүнтэйгээ ярихдаа “чи амьдрал мэдэхгүй байна”, “юмны гэгээтэй талыг хар” гэх мэтээр маргалдах.
  • Цочирдсон мэт цариалах, амиа хорлох гэдэг чинь буруу гэсэн утгатай зүйл хэлэх, амьдралын үнэ цэнийн тухай сургаал айлдах.

Дээр бичсэн зүйлс бусдыг амиа хороохоос баттай сэргийлэхгүй ч гэлээ хүмүүст тусаа өгнө гэж найдаж байна. Танд амжилт хүсье!

www.setgel.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.28.42) 2016-01-12 16:02
      • 0
      • 0

      Шууд амиа хорлох тухай ярихгүй тойруу замаар илэрхийлээд байсныг нь ойлголгүй явсаар хамтран зүтгэгчээ алдаж байсан гашуун туршлага надад бий. Ойр тойрны чинь хэн нэгэн амиа хорлох тухай ярьж байгаа бол маш анхааралтай хандаж, энэ бодлоо орхиход нь туслах, мэргэжлийн сэтгэл зүйчид хандуулахыг хичээгээрэй."Амиа хорлочихвол оршуулах газар олдохгүй байх даа?" гэж хошигнох ч юм уу, "Амьд явах сонирхол алга", "Шөнө нойргүйтээд, эсхүл хар дарж зүүдлээд" гэж удаа дараа гомдолловол түүнд асуудал тулгараад байна гэсэн үг. Тэгээд сэтгэл санаа нь тогтворгүй, ном уншуулна гэж гандан руу байн байн явна. Тэгснээ "Лам намайг яг л нас барсан хүн харж байгаа юм шиг харсан" гэнэ. Зарим хүн их удаан бодож төлөвлөж байж шийддэг юм билээ. Ажил, хичээлийн ачааллаа зохицуулж, аль болох сэтгэл зүйн тэнцвэрээ алдахгүй байх нь чухал шүү.

      Хариулах

    • Зочин

      (202.179.28.42) 2016-01-12 16:14
      • 0
      • 0

      Ер нь жаахан хэнэггүй явах зүгээр байдаг юм шүү дээ. Ичгэвтэр байдалд орох, хүчирхийлэлд өртөх, найз залуу, бүсгүйдээ хаягдах, хамгийн хайртай хүн нас барах гээд шоконд оруулдаг олон шалтгаанууд бий. Энэ бүхэн бол хүний амьдралд тохиолддог л зүйл, хүн бүхний үзэж өнгөрүүлдэг л үйл явдал гэдгийг байнга санаж, тулгарсан асуудлыг даван туулах зоригтой байх л чухал юм шүү.Ажиглаад байхад зарим хүмүүс хийсэн ажилдаа биш хийх гэж байгаа ажилдаа ядарч болоогүй үйл явдлын төлөө өөрийгөө шаналгах нь элбэг. Битгий зов, битгий шанал, хая, цаг нь болохоор өөрөө л бүтнэ. Бүтэлгүйтлээ гээд дэлхий сөнөчих биш.

      Хариулах