Халиарыг хэрхэн даршлах вэ?

2019 оны 06-р сар 12-нд 15:35 цагт
Мэдээний зураг,

Хүний эрүүл мэндэд тустай, байгалийн гаралтай амтлагч ургамлын нэг бол халиар. Халиарын латин нэр нь Allium victorialis буюу platyphyllum, товч дуудлагаараа victorialis гэдэг юм байна.. Англиар бол Allium ochotense, эсвэл the Siberian onion (Сибирийн сонгино), Японоор бол ギョウジャにんにくбуюу шууд орчуулбал "Даянчдын, эсвэл аялан явагчдын сармис (сонгино) гэх. Японы хойд нутгийн уулсаар, ялангуяа Хоккайдод ууланд даяанчилж, эсвэл аялж явсан хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан гэдэг түүхээс ийн нэрлэгдэж.

Хариар нь гайхалтай антиоксидант ургамал бөгөөд, хүний биед нэн тустай витамин, минерал, микро элементүүдийг маш ихээр агуулсан байдаг. 100 грамм халиаранд агуулагдах илчлэг 34ккал , эслэг 3,4 гр, өөх тос 0,2 гр. 

Витамины агууламж: Витамин А 170 микро грамм (1μg=(1×10−6) грамм), бэтта каротин 2000 μg , тиамин буюу В1 нь 0,1 мг, рибофлавин буюу В2 нь 0,16 мг, Ниацин буюу В3 0,8 мг, пантотины хүчил буюу В5 0,39 мг, В6 0,15 мг, В9 85 μg , витамин С 59 мгр, витамин Е 0,4 мг, витамин К 320 μg, 

Минералын агууламж: Натри 2 мг, Кали 340 мг, Калци 29 мг, магни 22 мг, төмөр 1,4 мг, цайр 0,4 мг, зэс 0,16 мг... 

Дээрх бүх тоо баримтуудыг Японы судалгааны мэдээллээс авсан бөгөөд бараг л тэр чигээрээ байгалиас заяасан мулти витамин, минералын цогц бэлдмэл гэлтэй.

Халиарыг түүж амтлаад даршилж олон төрлийн хоол зуушийг амтлаж хачирлаж болдог. Халиартай хуушуур, бууз, мантуу салахын аргагүй сайхан амттай болдог шүү дээ. Тэгвэл халиарыг хэрхэн даршлах аргыг сураад аваарай.

Халиарыг хүйтэн усанд угааж сайтар сэгсэрч хатаагаарай. Ишний үзүүр, үндэсний шороотой хэсгийг салгаж хаяна. Гэхдээ ишийг лав авах хэрэггүй шүү. Хутгаар жижиглэн хярж хэрчинэ.

Таглаатай шилийг халуун буцалсан усанд амсрыг нь доош нь харуулж хийгээд ариутгаж угаана. Хаттал нь сайн арчина. Ингээд жижиглэн хэрчсэн халиарнаас шилэнд хийнэ. Эхлээд 2 хуруу зузааныг хийсний дараа 1/5 цайны халбага давсаар амтлаж цацна. Дараа нь дахин 2 хуруу зузаантай хэрчсэн халиарыг хийж энэ мэт давслана. Шилийг дүүртэл ингэж амтлах бөгөөд халиарыг дээрээс нь сайн дарж нягтаршуулж өгөөрэй. Ингээд агаар орохооргүй сайтар таглаад сэрүүн газар 2-3 хоног хонуулсны дараа өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж болно. Халиараар ялангуяа мах ихтэй хоёрдугаар хоолыг амтлахад нэн сайхан, өвөрмөц амт оруулдаг.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.