А1 уурагтай сүү, цагаан идээ эрүүл мэндэд юугаараа хор хөнөөлтэй вэ?

2021 оны 09-р сар 26-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

А1 уураг эрүүл мэндэд юугаараа хор хөнөөлтэй хэрэг вэ?

Малын сүү эрүүл мэндэд ноцтой хортой байж болно гэдгийг ихэнхи хүмүүс хүлээж авч чаддаггүй. Сүүний тухай мэргэжлийн байтугай наад захын ойлголт ч байхгүй тул хэрэглэгч нар үүнийг ноцтой асуудал гэж мэддэггүйд гайхах юмгүй юм. Эхлээд сүү гэдэг юм тухайн амьтнаасаа шалтгаалаад найрлагын хувьд ямар их ялгаатайг авч үзэе. Бүх сүүн тэжээлт амьтан үр зулзгаа нялхад нь сүүгээрээ тэжээдэг боловч төрөл зүйлүүд асар ялгаатай сүү ялгаруулдаг. Тухайлбал цагаан баавгайн сүүний 43 хувь, далайн хавны 68 хувь өтгөн чанартай. Гэтэл үнээний сүүний 13 хувь мөн хүний сүүний 13 хувь л өтгөн чанартай. Ингээд үзэхээр хүний болон үнээний сүү хамгийн шингэн сүүнд ордогоороо төстэй боловч хүний сүү лактоз ихтэй харин уураг багатайгаараа эрс ялгаатай.

Цаашилбал хүний сүүний кальци, сод, кали гэх мэт эрдэсийн агуулга нь бага. Үүнээс хамгийн чухал нь уургийн ялгаа нь. Учир нь хүүхэд болон насанд хүрсэн хүмүүсийн сүүний харшил нь уургийн харшил байдагт бий. Дөнгөж төрсөн эхийн сүү 1.6 хувийн уураг агуулдаг бол уургийн агуулга тун удалгүй 0.9 хувь болтлоо буурдаг. Гэтэл үнээний сүү дунджаар 3-4 хувь уураг агуулдаг. Хүний ба үнээний сүүний уураг мөн л агуулгаараа өөр өөр. Үнээний сүүний уургийн 80 хувь нь кэйсин гэж уураг байдаг. Хэдийвээр хүний сүүний уураг кэйсин агуулдаг ч хүний бета-кэйсин хэмээх нэгдэл нь хамаагүй богино уургийн гинжтэй. Үнээний бета-кэйсин нэгдэл нь 60-66 хэмээх холбоос нэгжтэй бол хүнийх нь 51-57 холбоос нэгжтэй байна.

Түүнээс гадна хүний сүүний энэхүү уургийн гинжний хажуудах амин хүчил нь пролин гэж бодис юм. Шинжлэх ухаанд А1 уураг буюу бетаказоморфин 7 гэж нэрлээд байгаа энэхүү хортой уургийн гинжний 67 дугаар нэгжид жагсах амин хүчил нь пролин биш харин хистидин гэж бодис юм. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал ялгаа үүнд. Хэдэн мянган жилийн өмнө эрүүл бус удмын мутацид орсон үхрийн үнээний сүүнд А1 хэмээх уураг бий бөгөөд энэ уургийн бетаказоморфин 7 хэмээх бодис нь хүний эрүүл мэндэд ихээхэн хор хөнөөлтэй. Харин ийм мутаци өөрчлөлтөнд ороогүй үнээ болон сарлагийн сүү, хонь, ямаа, тэмээ гэх мэт бусад сүү өгдөг малын сүү нь А2 буюу пролин хэмээх амин хүчилтэй сүү өгдөг бөгөөд ийм сүү хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй болохыг шинжлэх ухаанд нэгэнт батласан. Азийн унаган үүлдрийн үхэр бүгд Bos indicus буюу энэтхэг үхэр хэмээх нэг өвгөөс гаралтай. Харин Bos taurus хэмээх нэг өвгөөс гаралтай европт тархаж үржсэн үхэрт 5-10 мянган жилийн тэртээ удмын мутаци өөрчлөлт орсон бөгөөд чухам яг хэзээ ийм өөрчлөлт орсныг шинжлэх ухаанаар нарийн тогтоох боломжгүй болов уу.

1993 онд Шинэ Зеланд улсын Auckland University их сургуулийн профессор Bob Elliot анх А1 уургийн хортой чанарын тухай бичсэн. Тэрбээр өнөөдөр хүүхдийн эрүүл мэндийн Professor Emeritus буюу хүндэт профессор цолтой. 90 оны эхээр Самоагийн хүүхдүүдийн дунд төрөлх чихрийн шижний судалгаа хийж байхдаа Шинэ Зеландад амьдарч буй Самоа хүүхдүүд чихрийн шижнээр Самоадаа амьдарч буй хүүхдүүдээс 10 дахин илүү их өвчилдгийг олж илрүүлсэн. Тэрбээр үүнд сүү цагаан идээ гол буруутан хэмээн сэжиглэж судалгаагаа нарийсгасан. Ийм судалгааг хүнд туршиж хийх боломжгүй юм. Хүнийг хулгана шиг туршилтанд оруулж болохгүй ба маш их эрх зүй болон ёс суртахууны асуудал гарна.

Дөнгөж төрсөн хүүхдүүдийг судалгаанд хамруулая гэж үзэхэд аль нь эхийн сүүгээр аль нь угжаар сүү ууж байгаад үндэслэж болох авч угжны сүүний найрлага цэвэр А1 уурагтай сүү юу эсвэл холимог уу эсвэл А2 уурагтай сүү буюу хонь ямааны сүү юу гэдгийг тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл оролцож буй эцэг эхүүд А1 ба А2 сүүний ялгааг мэдмэгцээ л яагаад миний хүүхдэд А2 сүү уулгах боломж олгосонгүй вэ гэсэн гомдол гаргах нь дамжиггүй. Эрдэмтэд амьтнаар туршилт хийдэгийн шалтгаан нь зөвхөн үүгээр зогсохгүй энэ бол нэг л жишээ төдий юм.

Туршилтаас өөр нэг чухал судалгаа бол epidemiology эмгэг зүй. Статистикийн мэдээ харьцуулж стат математикийн аргаар судалгаа хийнэ. Нэг хэсэг хүн амын эмгэг зүйг урт хугацааны туршид ямар байгааг өөр өөр хүн амын өөр цаг үе дэх эмгэг зүйтэй харьцуулж үзэх гэх мэт. Энэ судалгааг амьтанд туршиж үзэх лабораторийн туршилтаар батжуулна. Bob Elliott- ийн статистикт тулгуурласан эмгэг зүйн судлагаанд саад учраад байтал Dr Corran McLachlan хэмээх Шинэ Зеландын зүрхний эмчийн амжилттай хийсэн зүрх судасны эмгэг зүйн судалгаа гарч ирсэн нь шууд амьтны туршилтаа хийхэд хүргэжээ.

Dr Corran McLachlan ны судалгааны дүгнэлт зүрхний эмгэг нь төрөлхийн чихрийн шижинтэй маш нягт холбоотой ба, ихэвчлэн бага насанд эхлэдгийг, ийм эмгэгийн пост индастриал буюу аж үйлдвэрийн хожуу үеийн, трансатлантын баян орнуудын хүн амд эзлэх хэмжээ их, мөн эмгэгийн үзүүлэлт А1 уурагтай сүү цагаан идээ их хэрэглэж буйтай шууд холбоотой болохыг харуулжээ. Түүгээр ч барахгүй энэхүү уураг бодисын солилцоонд ормогц опиоид буюу мансууруулах үйлчилгээтэй бодис ялгаруулдаг нь урагт нөлөөлж, хүүхэд автизм ба аспергерийн синдромтой төрөхөд хүргэж чаддаг байна.

Bob Elliott- ийн хулганад хийсэн туршилт Dr Corran McLachlan ны судалгааг батласан юм. Түүний А2 уурагтай сүүгээр тэжээсэн хулганы нэг нь ч чихрийн шижнээр өвчлөөгүй байтал А1 уурагтай сүүгээр тэжээсэн хулганы 47 хувь нь чихрийн шижнээр өвчилжээ. Bob Elliott ийн энэхүү судалгааны ажлыг International Dairy Federation буюу Олон Улсын Сүү Цагаан Идээний Холбоо хэмээх байгууллагаас гаргадаг “Milk Protein Polymorphism” хэмээх сэтгүүлд 1997 онд нийтлэсэн. Араас нь Corran McLachlan – ы бичсэн судалгааны нийтлэл 2001 онд “Medical Hypotheses” хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн. Нобелийн шагналтай эрдэмтэнээс эерэг товчлол хадсан түүний энэхүү нийтлэлд зүрх судасны өвчин ба төрөлхийн чихрийн шижин А1 уурагтай сүүний хэрэглээтэй холбоотой болохыг тодорхой харуулжээ. Мөн Кениагийн малчин масай ба самбуру хэмээх омгийнхон сүү цагаан идээ маш их хэрэглэдэг хэрнээ шижин ба зүрхний өвчнөөр огт өвчилдөггүй тухайд өгүүлжээ. Финлянд зүрхний өвчнөөр нас баралтын тоогоор хамгийн дээгүүрт ордог байхад А2 уурагтай сүү өгдөг үнээ түлхүү тэжээдэг Францад зүрхнээс үүдэлтэй эндэл маш бага юм байна.

А1 уурагтай сүү зүрх судасны өвчтэй болгодог тухай дараагийн чухал судалгааны ажил нь 2003 оны 9 сард “Atherosclerosis” сэтгүүлд нийтлүүлсэн Австралийн Queensland Их сургуулийн профессор Julie Campbell гэж эмэгтэйн нийтлэл юм. Тэрбээр судалгаагаа молтогчин туулайд хийсэн туршилтандаа тулгуурласан.

Флорида их сургуулийн профессор Robert Cade судалгааны багийн хамт бетаказоморфин 7 хэмээх нэгдлийн тархинд үзүүлэх хор уршгийг судлаж автизмтай болгодгийг харуулсан чухал ажил хэвлүүлсэн юм. Sunderland их сургуулийн багш эрдэмтэн Paul Shattock Норвегийн профессор Kalle Reichelt нар анагаахад sudden infant death syndrome мөн 'cot death' ч гэж товчоор нэрлэдэг нярайн гэнэтийн эндлийг бетаказоморфин 7 хэмээх нэгдэлтэй холбоотой болох тухайд эрдмийн ажил бичсэн.

А1 уурагтай сүүний балаг үүгээр хязгаарлагдахгүй. Анагаахад 'leaky gut' буюу гэдэс ходоодыг шүүр шанага шиг болгож, боловсроогүй уурагны пептид цусны эргэлтэнд ороход хүргэж эрүүл мэндийг нэрвэж, дархлааны системийн элдэв өвчин эмгэг өдөөдөг. А1 уурагтай сүүний бетаказоморфин 7 нь Кронз буюу бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, мюлтипл склерози мөн шизофрения хэмээх сэтгэцийн өвчинтэй болоход ихээхэн чухал үүрэгтэй нь илрээд буй.

Харин А2 уурагтай сүү эрүүл мэндэд дээр дурдсан элдэв өвчин эмгэгт хүргэх хор хөнөөл учруулдаггүй. Германы ба Японы эрдэмтэд А2 уурагтай сүү бетаказоморфин 7 хэмээх бодис агуулдаггүй болохыг батлаад буй юм.

Эх сурвалж: Keith Woodford (2007): Devil in the Milk: Illness, Health, and the Politics of A1 and A2 Milk, Chelsea Green Publishing Company

“...BCM7 is unquestionably a powerful opioid and hence a narcotic. It is also an oxidant. It is formed by digestion of a particular type of milk protein produced by some cows. This milk protein is called Al beta-casein. The BCM7 that is released from Al beta-casein has been implicated in many illnesses, including heart disease, Type 1 diabetes and autism.”

Хангин овогт Бат-Очирын Алтантуяа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.