Баян-Өлгий аймгийн 2-5 дугаар ангийн хүүхдүүдэд монгол хэлний хичээлийг мэргэжлийн багшаар заалгахыг үүрэг болгов

2022 оны 01-р сар 28-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Баян-Өлгий аймгийн Засаг даргын боловсруулсан зарим арга хэмжээний төлөвлөгөөг шийдвэрлэлээ.

Тухайлбал, монгол хэлний чанарыг дээшлүүлэх үүднээс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт монгол хэлний боловсрол хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж, хоёр мэргэжилтэн байхаар бүтцийг баталж өгөхөөр болов. Мөн аймгийн БШУГ-ын тоног, төхөөрөмжийг шинэчлэх, ажиллах нөхцөл бололцоог хангахад зориулан 108 сая төгрөг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн багш нарыг шударга, ил тод сонгон шалгаруулан томилох журмыг боловсруулан батлахаар боллоо. 

2021 онд ашиглалтад орсон Цэнгэл сумын 150 хүүхдийн дотуур байр, Улаанхус сумын 160 хүүхдийн II сургуулийн хичээлийн байр, Бугат сумын 100 хүүхдийн II цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг сайдын багцнаас шийдвэрлэж өгөв.

2-5 дугаар ангийн хүүхдэд монгол хэлний хичээлийг мэргэжлийн багшаар заалгах, үүнтэй холбоотой сургалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийх асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгов.

Эцэг, эхчүүдийн сонголтоор бүх цэцэрлэг, сургуулиудад монгол хэл дээр сургалт үйл ажиллагаа явуулах боломж олгож, анги дүүргэлтийг уян хатан байдлаар зохицуулан бодлогоор дэмжихээр болов.

Түүнчлэн Цэнгэл сумын "Руханият" сургуулийг төрийн өмчийн сургууль болгож, үндэсний сургалттай, бие даасан сургууль болгон ажиллуулах шийдвэр гаргасан бөгөөд эхний ээлжинд одоогийн байрыг түрээслэн ажиллуулахаар шийдвэрлэв.

Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг МУБИС-ийн харьяанд шилжүүлж, баруун бүсийн Багшийн тасралтгүй хөгжлийн төв, Хос хэлний судалгааны төв болгон байгуулж, дэргэдээ Лицейтэй (ЕБС) цогцолбор сургууль болгох шийдвэр гаргасан байна. 

Мөн бүс нутгийн эрэлт хэрэгцээ бүхий мэргэжлээр 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд алслагдсан бүс нутгийн онцлогийг харгалзан төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.