Хятадад нэр алдартай хүмүүсийг эд хөрөнгөө нийгмийн сүлжээгээр үзүүлэх, сурталчилгаа хийхийг хориглолоо

2021 оны 11-р сар 25-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

Бээжин алдартай хүмүүсийн цахим орчинд тарааж буй мэдээллийг хянах хууль журмаа чангатгахаар төлөвлөжээ. Үүнд алдартай хүмүүсийн тухай шүтэн бишрэгчид нь цахим орчинд юу бичиж байгааг хянах гэнэ.

Ингэснээрээ Бээжин эерэг бөгөөд эрүүл цахим орчин бүрдүүлнэ гэж үзэж байгаа ба цахим орчин дахь одуудын тухай цуурхлууд мөн алдартай хүмүүст хэт их анхаарал хандуулах явдал нь Хятад уламжлалын үнэт зүйлсийг үнэгүйдүүлж байна хэмээн үзжээ.

Хятадын эрх баригчид алдартай болон нэр нөлөө бүхий хүмүүсийн хувийн цахим хуудсуудыг хянахаас гадна тэдгээр хүмүүсийн тухай бичдэг сайтуудыг давхар хянаж, одуудын тоглож буй сурталчилгаанд хүртэл хяналт тавих аж.

Бээжин одуудын тоглосон сурталчилгаанууд нь бүгд тодорхой хэдэн сайтууд дээр байрших ёстой ба фэн клубуудын үйл ажиллагааг шүтэн бишрэгчид бус тусгай агентууд хариуцан ажиллах ёстой гэж үзэж байна.

Хятадын үнэт зүйлсэд нийцэхгүй зүйлсийг сурталчлах, хөрөнгө мөнгөө гайхуулах, шүтэн бишрэгчдээ тодорхой нэг бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж буй одуудыг хар жагсаалтанд оруулахаар төлөвлөжээ.

Жүжигчид, блогерүүд, дуучид болон өөр бусад олны танил хүмүүс ёс зүйн зарчим мөрдөх ёстой ба эс бөгөөс тэднийг зурагтаар эсвэл цахим орчинд гаргахыг хориглох гэнэ.

Өнгөрсөн мягмар гарагт Бээжин "ёс зүйн доголдол гаргасан" гэсэн үндэслэлээр зурагт болон цахимаар шууд дамжуулалт хийхийг нь хориглосон 88 хүний нэрсийг танилцуулжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадад фэн клубуудын тоо нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн билээ. Одуудыг бишрэн шүтэх явдал одуудыг тахин шүтэх явдал болон хувирч, зарим одуудын фэн зоубт элсэхийн тулд иргэд мөнгөн хураамж хүртэл төлдөг болжээ.

Хятадын The Paper сонинд бичсэнээр 2022 онд Хятадын одуудыг тойрсон эдийн засаг 22 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж.

Бээжин ийнхүү хууль журмаа чангатгаж байгаа нь сүүлийн жилүүдэд Хятадын одууд татвараас зайлсхийсэн, бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдсон олон тооны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.