Бөөрний чулуу яагаад үүсдэг вэ?

2019 оны 12-р сар 02-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

Бөөрний чулуу өвчин манай оронд нилээн элбэг тохиолдох эмгэг юм. Тухайн өвчний тархалтад газар нутгийн байршил их нөлөөтэй. Дундад Ази, Хойд Кавказ, Австри, Нидерланд, Югослав, Грек, Турк зэрэг улсуудад элбэг тохиолддог бол Өмнөд Африк, Японы зарим хэсэг, Каспийн тэнгисийн эрэг орчмын орнуудад тохиолддоггүй байна. Газар нутгийн онцлогоос гадна тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолтын байдал, бодисын солилцооны болон бамбайн дэргэдэх булчирхайн эмгэг, шээсний замын халдвараар байнга өвдөх нь бөөрний чулуу үүсэх шалтгаан хүчин зүйл болж байдаг.

Чулуу нь шээсний янз бүрийн давсны кристаллуудаас тогтсон байх ба 50% дээш хувь нь оксалат кальцийн давс, оксалат кальцитай холимог найрлагатай байна.

Шээс нь эрдэс бодис, хортой бүтээгдэхүүнүүд, даавар, бодисын солилцооны задралын бүтээгдэхүүнүүдийг агуулсан байна. Шээсний найрлага дахь эдгээр бодисууд нь ууссан байдлаар гадагшилж байдаг. Бөөрний үйл ажиллагаа, шээс дамжуулалтын алдагдлаас шээсэнд агуулагдаж буй бодисуудын найрлага уусамтгай байдал нь өөрчлөгдөнө. Чулуу үүсэлт нь физик химийн нарийн процесс ба гол үндэс нь коллойдын тэнцвэрт байдал алдагдахтай холбоотой.

Шээсэнд хамгаалах коллойд бодисууд агуулагдах ба тэдгээр нь шээсэнд агуулагдаж буй бодисуудыг уусамтгай болгох, жижиглэх үүрэгтэй байдаг. Хамгаалах коллойдуудын дутагдлаас хэд хэдэн молекулын хэсгүүд нийлж чулууны цөм (мицелл) хэсгийг бүрдүүлнэ. Цөмийг фибрин, цусны бүлэн, аморф тунадас, эсийн детритүүд, гадны биетүүд бүрдүүлнэ.

Цаашдаа чулуу үүсэх процесс нь давсны концентраци, устөрөгчийн ионы концентраци буюу шээсний орчин, шээсний коллойдын найрлагаас хамаарна. Зарим судлаачид бөөрний чулуу өвчнийг удамших чанартай гэж үздэг нь бөөрний сувганцрын удамшлын эмгэгүүдийн үед чулуу үүсэх магадлал өндөр байдагтай холбоотой.

Бөөрөнд үүсэж буй чулууг бүтэц, химийн найрлагаар нь: оксалатын, фосфатын, уратын, карбонатын чулуу гэж ангилна.

Оксалатын чулуу: Хурган чихний хүчлийн кальцийн давснаас үүсэлтэй. Нягт хатуу, хар саарал өнгөтэй, өргөслөг гадаргуутай. Салст бүрхэвчийг амархан гэмтээж цусны пигмент нь бараан хүрэн өнгөтэй болгоно.

Фосфатын чулуу: Фосфорын хүчлийн кальцийн давс агуулсан. Гадаргуу нь гөлгөр, янз бүрийн хэлбэртэй, зөөлөн чулуу. Цагаан, цагаан саарал өнгөтэй, шүлтлэг орчинд үүсдэг, хурдан үүсэж амархан задардаг чулуу.

Уратын чулуу: Шээсний хүчил түүний давсуудаас үүссэн шар хүрэн өнгөтэй, гөлгөр гадаргуутай, хатуу чулуу.

Карбонатын чулуу: Нүүрс хүчлийн кальцийн давснаас үүсэлтэй. Гөлгөр гадаргуутай, цагаан өнгетэй, зөөлөн янз бүрийн хэлбэртэй чулуу.

Цистины чулуу: Цистин агуулсан хүхрийн нэгдэл. Цагаан шар өнгөтэй, дугуй хэлбэртэй, зеөлөн, гөлгөр гадаргуутай. Маш ховор тохиолдоно. Нимбэгэн шар өнгөтэй, рентген туяаг үл нэвтрүүлнэ. Шээсэнд 6 өнцөгтэй хавтгай ялтас маягтай байна.

Уургийн чулуу: Фибрин давс, нянгийн холимог, жижиг хэмжээтэй, хавтгай зеөлөн, цагаан чулуу. Бөөрөнд ганц нэг эсвэл олон тооны чулуунууд үүсэж болно. Хэмжээ нь 0,1-15 см хүртэл байна. Зарим чулуунууд нь бөөрний аяганцар, тэвшинцрийн системийг бүхэлд нь хамарсан байдаг. Ийм чулууг шүр хэлбэрийн чулуу гэнэ.

Бөөрний чулууны 75%-85% оксалат кальци, фосфат кальцийн давснаас үүссэн байдаг. Кальцийн давснаас үүсэлтэй чулуу нь ихэвчлэн 30-аас дээш насны эрэгтэйчүүдэд тохиолдоно. Шээсэнд оксалат кальцийн кристаллууд нь улаан эсийн хэлбэртэй төстэй 2 талаасаа хонхойсон, гантель хэлбэртэй кристаллууд харагдана. Шээсний хүчлийн давснаас үүссэн чулуу 5%-8% эзэлнэ. Рентген туяаг нэвтрүүлнэ.

Ихэвчлэн эрэгтэйчүүдэд болон тулай өвчинтэй хүмүүст илүүтэй тохиолдох ба гэр бүлийн шинжтэй байдаг. Шээсэнд шээсний хүчлийн давсны кристаллууд нь гадаргуудаа урицины пигментийг шингээсэнтэй холбоотой улаан хүрэн өнгөтэй харагдана.

Ямар шинжүүд илрэх вэ? Ихэвчлэн эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй явагдах тул хэвлийн хөндийн рентген зураг авахуулах, хэт авиан шинжилгээгээр тохиолдлоор оношлогддог. Зарим үед цустай шээх шинж илрэх бусад цустай шээх шинжээр илэрдэг өвчнүүдээс (бөөр, шээс дамжуулах замын хавдар, сүрьеэ, уйланхай) ялгах шаардлагатай болно.

Шээлэй буюу энгийнээр хэлбэл бөөрнөөс давсаг руу шээс дамжуулах гуурсны аль нэг хэсэгт чулуу тээглэж бөглөснөөс шээсний урсгалд саад болж бөөрний хатгаа өвдөлтийн шинж илэрнэ. Чулууны өргөн 1 см-ээс илүү, барзгар гадаргуутай бол бөөрнөөс давсаг руу орж амжихгүй шээлэйн аль нэг хэсэгт тээглэж тогтоно. Бага хэмжээтэй чулуу бөөрнеөс шээлэйгээр чөлөөтэй доошилж давсаг руу орно. Чулуу шээлэй рүү орох үед эхнээс нь эвгүй оргиж байснаа сүүлийн 20-60 минутанд өвдөлт нэмэгдэж тэсэхийн аргагүй болно. Өвдөлт нь ууц нуруу, цавь, бэлэг эрхтэн, гуяны дотор тал руу дамжина.

Өвдөлтийн үед дотор муухай оргих, бөөлжих, шээс саатах зэрэг шинж илрэхээс гадна хэвтэж чадахгүй хөрвөөнө. Энэ үед эмнэлгийн яаралтай тусламж дуудахын зэрэгцээ өвчин намдаах эм өгөх, халуун жин тавьж, халуун усанд суулгах зэрэг анхны тусламж үзүүлнэ. Харин беөрний хатгааг мухар олгойи цочмог үрэвсэл, гэдэсний түгжрэл зэрэг өвчнөөс ялгах хэрэгтэй. Хэрвээ дээрх өвчнүүдийн сэжиг бүхий бол халуун жин тавихыг хориглоно.

Шээсний замд чулуутай бол удаан явах, морь унах, машин тэргэнд доргих, биеийн тамир хийсний дараа өвдөлт нэмэгдэж , тайван үед намдана. Халуун жин тавих, агчил тавиулах эмэнд өвдөлт намдана. Өвдөлтийн шинжийг дагалдан цусаар шээх шинж илэрнэ. Эсвэл удаан явган явах, морь унах, машин тэргэнд доргих, биеийн тамир хийсний дараа цусаар шээх явдал үзэгдэнэ.

Бөөрний чулуу өвчний үндсэн гол эмчилгээ бол мэс заслаар, дурангаар чулууг авах болон чулуу хайлуулах, бутлах эмчилгээ болно.

Улсын Клиникийн Төв эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.