Тэтгэвэрт гарах насыг 64 болгох хуулийг санал хураалтгүй баталжээ

2023 оны 03-р сар 17-нд 12:29 цагт
Мэдээний зураг,

Францын засгийн газар тэтгэврийн шинэчлэлтийн тухай хуулийн төслийг парламентын санал хураалтгүйгээр батлахаар болсныг эсэргүүцсэн иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсжээ.

Сүүлийн хоёр сарын турш яригдаж буй уг хуулийн төслийн дагуу тэтгэвэрт гарах насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлж байгаа ба үүнийг иргэд, үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлж, олон удаагийн ажил хаялт хүртэл зарласан юм.

Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт Францын Ерөнхий сайд Элизабет Борн Францын Үндсэн хуулийн 49:3-р заалтыг хэрэгжүүлж, шинэ хуулийн төслийг парламентын санал хураалтгүйгээр батлах шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг гаргасны дараа Францын томоохон хотуудын гудамжнаа иргэд эсэргүүцлээ илэрхийлэн гудамжнаа гарч, зарим нь замд тааралдсан автомашин, хогийн сав зэргийг шатаажээ.

Хууль сахиулагчид иргэдийг тараахын тулд даралттай усаар шүршиж, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Франс Пресс агентлагийн мэдээлж байгаагаар Парист болсон жагсаал цуглааны үеэр цагдаа нар 120 хүнийг баривчилжээ.

Гэсэн ч үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн бол Францын Бүх нийтийн хөдөлмөрийн эвсэл энэ сарын 23-ны лхагва гарагт дахин бүх нийтийн ажил хаялт зарлахаа мэдэгджээ.

Францын Ерөнхийлөгч Э. Макроны санаачилсан хуулийн төслийг парламентын санал хураалтгүй батлах шийдвэр сөрөг хүчнийхний дунд мөн бухимдал үүсгэжээ.

Сөрөг хүчний тэргүүн Марин Ле Пэн Э. Макроны засгийн газарт үл итгэх санал гаргана гэсэн бол зүүний намын тэргүүн Матильд Пано Ерөнхийлөгч Э. Макрон Франц улсыг улс төрийн хямрал руу түлхлээ хэмээн твиттердээ бичжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.