Юу юугүй гэрийн хаяа буулгамаар, их гал өрдмөөр, тэгснээ бас халууцмаар... Намар...

2021 оны 09-р сар 26-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Үүл хөглөрнө. Тэнгэр бүүдийнэ. Үүлэн цаагуур нар үзэгдэж, далдарна. Шувууд уймарна. Модод шарлана, хүрэнтэнэ, улайрна, өнгөө олж ядна. Уулын орой, бэлээр манан хүдэн татна.

Гэрт зэвхий оргино. Өмссөн хувцас чийг даана. Яндан хонгиноно. Өрхний оосор пад падхийнэ. Уяан дээр морьд уруудсхийн зогсоно. Юу юугүй гэрийн хаяа буулгамаар, их гал өрдмөөр, тэгснээ бас халууцмаар.

Намрын бороо ороод л байхад одоо залгаад цас болно доо гэж эзтэй юм шиг бодогдоно. Тэнгэрийн царай гийхээр намар налайлаа гэнэ, үүл үймрэн цувахаар өвөл юу юугүй боллоо гэлцэнэ.

Хаа нэгтээ явмаар, хаашаа гэдгээ мэдэхгүй. Хэн нэгнийг санамаар, яагаад гэдгээ тухайлахгүй. Яав, юу болов гэтэл буцах цагийн араншин, гэгэлгэн намрын шинж энэ гэнэ.

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.