Бүслэлтийн Ленинград хотын бэлэг тэмдэг болсон зураг

2020 оны 05-р сар 31-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Бүслэлтийн Ленинград хотын бэлэг тэмдэг болсон энэхүү гэрэл зураг нь дэлхий дахинд алдартай ажээ.

Энэ зургийг эхлээд нэг харахад аймшгийн зүйлгүй тул хүүхэд багачуудад ч үзүүлж харуулж болно. Харин анхаарал тавин, жаахан бодолхийлэн нягталж харваас, хаврын нартай сайхан өдрийн сэтгэл санааг тас хар эмгэнэлийн сүүдэр нэвт шингэсэн нь анзаарагдана. Бүслэлтийн үеийн хэдэн мянган гэр бүлийн нэгэн болсон энэ гэр бүлийн түүх намтар нь тийм ч амар мартагдахгүй билээ.

1942 оны хавар. Хоёр бүсгүй нэгэн жаахан охины хамт гудамжаар явж байна. Зургийг Невскийн өргөн чөлөөний хавьцаа цэргийн сурвалжлагч авсан бололтой. Эхний эмэгтэй нь ахмад насны, хоёр дахь эмэгтэй нь бас хүүхэд бололтой бөгөөд бие, царай нь бага зэрэг нас ахиу харагдана. Дэвхэрч, цовхорч яваа охины хөл савх аятай нарийхан ажээ. Та бүхэн тэр өвдгийг нь сайн хараарай...

Эхийг нь Вероника Александровна Опахова гэх аж. Том охин Лора нь 13 настай бол бага охин Долорес нь 4 настай. Эцэг нь дөчин онд Ладог нуураар гарч яваад, амь үрэгджээ. Тэр сонирхогчдын найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж байгаад, цэрэгт явж, цэргийн хөгжмийн удирдаач болжээ.

Долорес охины өвдгөнд усан хаван гүйсэн ч, явдал дундаа үсэрч харайн тоглож явна. Ингэж тэд, Майоров, Герцений гудмаар алхан, Невскийн өргөн чөлөөгөөр орж явах нь охидын эхтэйгээ хамт явдаг өдөр тутмын зам юм. Тэгээд эргээд бас л энэ тойргоороо явна. Эх нь тэдний юм идэх гэсэн хүслийг нь аргацаах гэсэндээ ингэж явдаг ажээ. Лора өмнө нь өлссөнөөсөө болоод саа дайрч, хэвтэрт ороод, зүүн талынхаа тулгуурын эрхтнийхээ талаас салсан болохоор эмч нь аль болох их явж байхыг зөвлөжээ. Ийм учраас тэд ингэж явцгаадаг ажээ. Охин сэтгэлийн асар их хүч чадалтай байсан тул бурхны болоод эхийнхээ ачаар л, бүслэлтийг эсэн мэнд даван туулж чаджээ.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Дайны дараа эхийнхээ хамт Мойкад байх сонгодог найрал дууны академик театрт ажиллажээ. Тэд ийм гэрэл зураг авсныг ер мэдсэнгүй, тэдний энэ бүслэлтийн үеийн гэрэл зураг нь дэлхийн бүхий л хэвлэлээр нийтлэгдэн таржээ. Энэ тухай хөрш нь тэдэнд хэлснээр, тэд Хамгаалалтын үеийн музейд очин, үнэхээр энэ зургаа харж, өөрсдийгөө таньжээ.

"Лора зургийг хараад л, бие нь хачин болж муудав. Өөрийгөө ийм байдалтай байснаа харсан гэдгийг нь, та бүхэн ойлгоорой! Тэгээд энэ бүхнээ эргээд санаж дурсах нь бүр ч хэцүү шүү дээ! Энэ бүх аймшигт айдасыг хэсэгхэн хугацаанд дахин мэдрэх гэдэг ямар байх билээ! Тэгтэл тэндэхийн ажилтан бололтой нэг эрэгтэй хүн дөхөж ирээд, "Та юунд уйлаа вэ? Энэ бол дөчин нэг, хоёр оны үе байх, мөн ч их хүн амь үрэгдсэн шүү дээ. Уйлах хэрэггүй дээ. Одоо эд нар байхгүй байх даа. Тийм болохоор та амьдрах л хэрэгтэй!" гэж хэлжээ. Харин зургийг нь зааж өгсөн эмэгтэй түүнд "Та харж байна уу, энэ бол тэд юм шүү дээ!" гэж түүнд хэлэв. Өнөөх эр тун их санаа зовсон бололтой, уучлал эрсээр, тэднээс холдон явжээ, хэмээн бүслэлтийн номонд бичсэн нь бий.

Ганц зураг ийм л үнэ цэнэтэй байдаг ажээ. Цэргийн үл мэдэгдэх тэрхүү гэрэл зургийн сурвалжлагчын хувьд энэ нь амьдралын итгэл найдвар болоод сэхээрэлийг харуулсан утгыг илэрхийлж байжээ. Өнөөдрийн бидний хувьд бол энэ нь манай хүүхэд багачуудад тэрхүү алдартай аймшигт бүслэлтийн бодит байдлыг дүгнэж цэгнэх алс холын үзэл бодлыг бий болгох ёстой билээ.

Норзонгийн Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.