20 жил зургаан сар ба түүнээс дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгох боломжтой

2021 оны 09-р сар 17-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-аас 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр гурван сараар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Өмнө нь эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрээд тэтгэврээ тогтоолгодог байсан бол жил бүр гурван сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болсон билээ.

Тэтгэврийн нас заавал хойшлохгүй, болзол хангасан даатгуулагч 55, 60-тайдаа тэтгэвэрт гарч болно гэсэн мэдээлэл бий. Энэ талаар НДЕГ-ын Хэтийн тооцоо, нэрийн дансны асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Бодьгэрэлийн мэдээлснээр, даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөл хангасан байх ёстой.

Даатгуулагч 20 жил зургаан сар ба түүнээс дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол урьдын адил эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгох боломж хэвээрээ гэсэн үг юм.

Өнгөрсөн онд 29043 тэтгэвэр авагч шинээр тэтгэврээ тогтоолгожээ. Үүнээс 3217 хүний тэтгэврийн нас хойшилсон бол үлдсэн 90 хувь нь хуучин нөхцөлөөрөө буюу эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгосон байна. Бүрэн тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн хувьд ихэвчлэн 25 ба түүнээс дээш жил шимтгэл төлжээ.

Тэтгэвэр тогтоолгох нас нь болсон ч хуульдаа "Өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болно" гэж заасан тул 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн ч байдаг. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хойшлох дээрх хуулийн заалт нөлөөлөх даатгуулагчийн тоо харьцангуй бага байгааг албаныхан хэлж буй юм.

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд Тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө. Нийт 10-20 хүртэл жил шимтгэл төлсөн, 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны статистикч О.Өүжингийн мэдээлснээр, 2017 оны байдлаар монгол хүний дундаж наслалт 69.89 жил байжээ. Үүнийг одоо байгаа иргэд 70 жил амьдарна гэж ойлгож болохгүй аж. Харин тэтгэврийн насны хүн амын буюу 60-аас дээш насны эрэгтэй хүний дундаж наслалт 17.15, 55-аас дээш насны эмэгтэй хүний дундаж наслалт 25.62 байна. Өөрөөр хэлбэл ахмадууд тэтгэврээ тогтоолгосноос хойш дунджаар дээрх хугацааны турш амьдарч, тэтгэвэр, тэтгэмжээ авч байна гэсэн үг аж.

Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар бодож нэмэгдэл олгодог байна.

УИХ-аас 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар:

Өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр гурван сараар нэмэгдүүлэхээр өөрчилжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.