Тог, цахилгаанаа хэрхэн хэмнэх вэ?

2019 оны 11-р сар 08-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Хүмүүсийн ая тухыг хангасан цахилгаан бараа нэмэгдэх тусам тогны мөнгө нь толгой өвтгөсөн асуудлын нэг болж байна. Эрчим хүчээ хэмнэж цахилгааны мөнгө бага төлөхийн тулд дагах хэрэгтэй зөвлөмжүүдийн жагсаалтыг бид гаргалаа.

Цахилгааны хэрэглээгээ хянаж, өрхийн зардлаа бууруулахын тулд өөрт байгаа цахилгаан хэрэгслээ зөв хэрэглэх, аль болох эрчим хүч бага зарцуулдаг цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж хэвших зэрэг алхмуудыг хийхэд л хангалттай.

Боломжтой үед үргэлж байгалийн гэрэл ашигла. Өдрийн цагаар гэртээ гэрэл гэгээ оруулж, дулаан хуримтлуулахын тулд хөшгөө аль болох нээлттэй байлгах хэрэгтэй. Харанхуй болохоос өмнө харин хөшгөө хааж тэр энергийг гэртээ аль болох удаан хадгал. Шилийг цэвэрхэн тунгалаг байлгаж, байгалийн гэрлийг ашиглаж чадсанаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувиар хэмнэнэ.

Залгуур. Ашиглаагүй үедээ цахилгаан хэрэгслийг цахилгаанаас салгаж байхыг айл гэрийн дүрэм болго. Ашиглахгүй байгаа ч разеткад залгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг байна. Бараг хоосон ажиллаад байгаа илүү хөргөгч, эсвэл хөлдөөгчин дөх зүйлээ гаргаж янзлаад, цахилгаанаас нь салгах хэрэгтэй. Цахилгаан хэрэгсэлээ ашиглаагүй үедээ цахилгаанаас нь салгаж бай. Судалгаанаас үзэхэд цахилгаан хэрэгсэл цахилгаанд залгасан байвал унтарсан үедээ ч гэсэн тог зарцуулж байдаг бөгөөд цахилгаан төлбөр дээр чинь тэр хэрээрээ нэмэгдэж гардаг байна. Харин энэхүү ямар ч ашиггүй үрэлгэн байдлыг зогсоовол өрхийн хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах боломж бидэнд байна.

Мэдээллийн хэрэгслүүд. Зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул унтраасан даруйд цахилгаан тэжээлээс залгуураар нь даруй салгах нь тогонд хэмнэлттэй. Жишээ нь: Зурагтыг 21 цагийн турш “standby” буюу улаан гэрэлтэй байлгах нь гурван цаг асаалттай байлгасны 40%-тай тэнцэхүйц эрчим хүч зарцуулдаг байна. Ихэнх айл компьютертэй болсон. Тиймээс бүх компьютеруудаа ашиглаагүй байх үед автоматаар "нойрсох" буюу "өөрөө унтрах горимд" тохируул. Энэ сонголт нь тодорхой заасан хугацааны (10 минут гэх мэт) дараа цахилгаан хэмнэх горим руу шилждэг бөгөөд 30 минут орчмын дараа унтарч эрчим хүч хэмнэн таны цахилгааны төлбөрийг багасгахад нэмэр болно.

Угаалгын машин. Угаалгын машинаа дүүргэж угааж бай, хэрэв дүүргэж угаагаагүй бол угааж буй хувцасны хэмжээнд тааруулж угаалгын циклийг нь богино болго. Хувцас хатаагч дүүрэн үедээ сайн ажилладаг. Хувцас угаах зааварт нь өөрөөр заагаагүй бол хувцсаа угаахдаа хүйтэн ус ашигла.

Аяга таваг угаагч. Эмэгтэйчүүд аяга таваг угаагч ашиглахдаа дуртай байдаг, яагаад дургүй байх билээ дээ? Аяга таваг угаагч цаг хүч хэмнэж өдөр тутмын гэрийн ажилд тусалдаг. Аяга таваг угаагчийг ухаалагаар ашигласнаар цахилгаан эрчим хүчийг үр ашигтай ашиглах боломжтой. Аяга таваг угаагчийг зөвхөн дүүргэсэн үедээ ашиглаж хэмнэлтийн горимыг сонгож ажиллуул. Хэрэв аяга таваг угаагч чинь ус халаах чадалтай бол түүнийг нь ашигла.

Шарах шүүгээ. Юуны түрүүнд хүнсээ богино долгионы шүүгээнд гэсгээхийн оронд хөлдөөгчнөөсөө эртхэн гаргаж тавиад өөрөө гэсэхийг нь хүлээ. Боломжтой бол шарах шүүгээ буюу плитканы оронд богино долгионы шарах шүүгээ ашигла. Шарах шүүгээ ашиглаж байгаа үед хоолоо болсон эсэхийг шалгахдаа шарах шүүгээнийхээ хаалгыг бүү онгойлго, шарах шүүгээний хаалгыг онгойлгох бүрд температур нь 15˚С-аар буурч байдаг.

Хөргөгч. Хөргөгчөө хэт их дүүргэж болохгүй. Хөлдөөгчний температур -18˚С, хөргөгчнийх 5˚С-2˚С-н хооронд тохируулсан үед хамгийн сайн ажиллаж эрчим хүч хэмнэдэг. Хөргөгчний ар тал болон хананы хооронд бага зэрэг зайтай байлга. Хөргөгчөө нарны гэрэл болон шарах шүүгээ/зуухнаас хол байлга. Жишээ нь хөргөгчийг 30-50°С хэмтэй бөгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулахад хүргэдэг бөгөөд ийм нөхцөлд хөргөгч нь жилд 160 кг, хөлдөөгч 320 кг нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг гэнэ.

Индүү. Хувцаснуудаа нэг дор, халууны тохиргоог нь хувцасны төрөлдөө тааруулж индүүдэх нь тог бага зарцуулж, хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр хэмд индүүдэх хувцсаа эхэлж индүүдээд, хэмийг нь бууруулах замаар бусад хувцсаа индүүдэж хэвшээрэй.

Тоос сорогч. Тоос сорогчийн чадал их байх нь чухал биш тул шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлынхыг сонгож, хогны уут, хоолойг нь байнга цэвэрлэж заншвал тоос сорогчоо урт хугацаанд хэрэглэхээс гадна тог хэмнэнэ.

Цахилгаан чийдэн. Тог бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэй чийдэн нь бидний хэрэглэж ирсэн оросын улайсдаг чийдэнгээс ашиглалтын хугацаа нь 8 дахин урт, дээр нь тогийг 60 хувиар бага зарцуулна. Мэдээж гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэсгийг нь цэвэрлэж байх хэрэгтэй.

Хоолны сав. Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуу нь цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй, дээр нь цэвэрхэн байх нь цахилгааныг 70% хүртэл хувиар хэмнэнэ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.